"News" агентлагийн сэтгүүлч, редактор Ж.Нямсүрэн Вашингтон хотоос мэдээлж байна.
Мянганы сорилын сангаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох компакт гэрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпей болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гарын үсэг зурсан билээ. Уг үйл явдлын дараа энэхүү гэрээг байгуулахад идэвхийлэн оролцсон Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын сангийн хооронд байгуулах хоёр дахь гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогосоос ярилцлага авснаа хүргэе. Тэрбээр нүүр номоороо дамжуулан “Фэйсбүүк найз нартаа амласан сайхан мэдээгээ дуулгая. 350 сая ам. долларын буцалтгүй тусламж маань бүтлээ! Компакт гэрээ маань баталгаажлаа! Улаанбаатарчууд олон арван жилийн цэвэр усны нөөцтэй болж, дахин боловсруулсан усыг зарим үйлдвэрт ашиглаж, усны жинхэнэ үнэ цэнийг мэддэг болно. Усыг хэмнэж, үнэлж, гамнаж, хайрладаг болно. Ажил ундарна, ус ундарна. Амьдрал ундарна” хэмээн баяраа хуваалцсан юм.
-Юуны өмнө танд баяр хүргэе. МСС-гийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатарын усны нөөцийг сайжруулах компакт гаргасанд нийслэлчүүд төдийгүй монголчууд бид бүхэн баярлаж талархах ёстой байх?
– Маш том ажлын ард гарсандаа сэтгэгдэл өндөр байна. Энэ ажилд би 3.5 жилээ зарцуулсан. Өнөөдөр ингээд үр дүнгээ үзэхэд сэтгэл сайхан байна. 2014 оны арванхоёрдугаар сард МСС-ийн Ерөнхийлөгч тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид компакт гэрээнд хоёр дахь удаа хамруулахаар боллоо гэдгээ мэдэгдсэн. Ерөнхийлөгч, Засгийн газартай ярилцаж, Үндэсний ажлын алба байгуулсан юм. Гурван Ерөнхий сайд, Гадаад хэргийн гурван сайдын шууд удирдлага дор ажилласан. Мөн гэрээ байгуулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар маш их зүтгэл гаргасан.
-Улаанбаатарын ундны усны нөөцийг сайжруулах, хаягдал усыг хэрэглээнд ашиглах хөтөлбөр хэдэн жил, ямар үе шаттайгаар хэрэгжих вэ?
-Компакт гэрээний хүрээнд гурван үндсэн хэсэгтэй нэг том цогц хөтөлбөр хэрэгжих юм. Нэгдүгээрт, шинэ гүний усны эх үүсвэр байгуулна. Нийтдээ 50-52 гүний усны худгийг Биокомбинат, Шувуун фабрик орчимд байгуулна. Өөрөөр хэлбэл, Туул голын хамгийн их бохирдсон хэсгийг цэвэрлэж, усны нөөцийг нь сайжруулна гэсэн үг. Мэдээж, үүний өмнө гүний худгуудаас гарах усны чанар ямар байгааг нарийвчлан судална. Ерөнхий ТЭЗҮ-ийг нь хийсэн, одоо нарийвчилсагн судалгааг нь хийх юм.
Хоёрдугаарт, дээрх гүний худгуудаас гарсан усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ус хадгалах байгууламж болон төвлөрсөн системд дамжуулах шугам сүлжээний хамт барина. Төслийн хүрээнд хийгдэх цогц ажлуудын нэг энэ. Түүнчлэн шинээр баригдсан төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг гүн боловсруулах үйлдвэрийг тусад нь барина. Ингэснээр хаягдал усыг эдийн засгийн эргэлтэд оруулж, саарал усны хэрэглээг бий болгоно гэсэн үг.
-Төв цэвэрлэх байгууламжийн бохирыг шууд Туул голд цутгадаг явдал байхгүй болно гэсэн үг үү?
-Тийм. Туул голын доод хэсэгт хоёр өөр үйл ажиллагаатай үйлдвэр баригдана гэсэн үг. Нэг нь гүний усыг гүн цэвэршүүлж, усны хангамжийг сайжруулах.. Нөгөө нь хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр. Дахин боловсруулсан усаа III, IV цахилгаан станцуудын хоёрдагч зориулалт буюу үнс зайлуулах, цамхаг хөргөх зэрэгт ашиглах зорилготой юм. Нөгөөтэйгүүр үйлдвэрүүдэд хаягдал усыг хэрэглээндээ нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна. Учир нь өнөөдөр цахилгаан станц, үйлдвэрүүд гүний цэвэр усыг шууд ашигладаг. Улаанбаатар хотын нийт гүний усны тавны нэг хувийг цахилгаан станцууд ашигладаг гэсэн судалгаа бий. Гэхдээ үүнээс өөр арга байхгүй, учир нь Монгол Улсад саарал ус боловсруулах технологи байхгүй.
-Саарал усыг хэрэглээнд нэвтрүүлснээр эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтой юм.
-Монгол Улс аж үйлдвэрийн зориулалтаар саарал ус ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Энэ хоёр том үйлдвэр барьснаар Монгол Улс усны салбарын зөөлөн дэд бүтэц буюу бодлого, эрх зүйн орчин, усны эдийн засгийн үнэ цэнэ, усыг яаж үнэлэх ёстой вэ гэдэг асуудлаа шийднэ. Жишээ нь, гэр хорооллын айлуудад ус хүргэхэд литр тутамд долоон төгрөгийн зардал гаргаж байгаа ч нэг төгрөгийн орлого олж байгаа. Тэгэхээр бид энэ алдагдалтай асуудлаа хэрхэн шийдэх вэ, усны эдийн засаг, нийгмийн үнэ цэнийг тодорхойлно. Үүнээс улбаатайгаар усны үнийн тарифыг хэрхэн тогтоох вэ гэдгийг ярилцах ёстой.
-Хүнээс хөнгөлөлттэй зээл авчихдаг юм байж. Хариуд нь монголчууд, Монгол Улс ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа вэ?
-Монголын талын хүлээж байгаа хэд хэдэн үүрэг бий. Үүний нэг нь гэхэд төв цэвэрлэх байгууламжийн усны бохирдуулалтын түвшинг бууруулах шаардлагатай. Тиймээс бохирдуулагч үйлдвэрүүд төлбөр төлдөг болно. Хоёрдугаарт, үйлдвэрүүд дэргэдээ заавал бага хэмжээний усыг урьдчилан цэвэршүүлэх төхөөрөмжүүдтэй болох шаардлага тавина. Товчхондоо, усыг хэрэглэж байгаа хүн болгон усны хэрэглээндээ хариуцлагатай болно гэсэн үг. Монголчууд усандаа хайр гамгүй ханддаг хүмүүс шүү дээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр усанд хандах хандлага өөрчлөгдөж, усны үнэ цэнийг монголчууд ойлгож мэдэрдэг болно.
-Гэрээ байгуулснаар Монголын дансанд мөнгө шууд ороод ирнэ гэсэн ойлголттой хүн олон байна?
-Тэгж ойлгоход учир дутагдалтай. Гэрээний ард асар их ажил хүлээж байгаа. Учир нь, энэ бол олон улсын гэрээ. Олон улсын гэрээ учраас УИХ-аас соёрхон батлах ёстой. Тиймээс хууль эрх зүйн процессын дагуу намрын чуулганд өргөн барьж батлуулах юм. Олон улсын гэлтгүй аливаа гэрээний хувьд гэрээ байгуулсан өдөр, хүчин төгөлдөр болох өдөр гэж байдаг. Хүчин төгөлдөр болох өдөр нь ирэх 2019 оны намар. Тиймээс нэг жилийн хугацаанд бид бэлтгэлээ сайн базааж ёстой гэсэн үг. Төслийн хүрээнд усны үнэ цэнийг нэмэх шаардлагатай болж байгааг дээр дурдсан шүү дээ. Тэгэхээр усны үнэ тарифыг нэмэхийн тулд олон нийтэд сайн ойлгуулах хэрэгтэй. МСК-аас бидэнд хэлж байна л даа. Та нар мөнгөө баталгаажуулаад авчихлаа. Энэ бол хаашаа ч явахгүй, Монголын мөнгө. Та нар маань бэлтгэлээ сайн базаагаад ав. Энэ мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд та нар бэлтгэлээ хангах хэрэгтэй шүү гэж гэрийн даалгавар өгсөн.
-Монголчууд ямар бэлтгэл хангах ёстой юм бэ?
– Хамгийн гол нь мөнгө орж ирээд хугацааны тоолуур гүйсэн бол яг таван жилийн дараа хугацаандаа кранаа хаадаг. Дансанд мөнгө үлдсэн ч хамаагүй. Тэгэхээр монголчууд маш сайн төлөвлөж, ойлголцож байж энэ мөнгөөр Улаанбаатарынхаа усны асуудлыг саарал усны асуудлыг шийдээд авах хэрэгтэй. Одоо бид төслийн менежмент, хөтөлбөрийн менежмент, төлөвлөлт, санхүүгийн ашиглалт гээд асар их хэмжээний ажил хийх ёстой. Олон нийтийн хараа хяналтан дор, бүх юм ил тод хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа.
-Заавал яагаад Улаанбаатарын усны салбарт болоод хаягдал усыг ашиглахад энэ мөнгийг зарцуулахаар болсон юм бэ. Төмөр зам, цахилгаан станц барихад зарцуулж болоогүй юм уу?
-Өмнө нь олон нийтийн хэлэлцүүлгээр өмнөх компакт гэрээг сонгож байсан юм билээ. Энэ удаад арай өөр санал тавьсан. АНУ-ын зүгээс бодитой, хэмжигдэхүйц үр дүнтэй, тухайн орны эдийн засагт үнэхээр бодит хувь нэмэр оруулах ёстой салбарт бид буцалтгүй тусламжийн мөнгөө зарцуулмаар байна гэдэг нөхцөл, санал гаргасан. Тэгээд эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй судалгааг хийе гэсэн. Америк, Монголын эдийн засагчид нийлээд гурав, дөрвөн сарын хугацаанд эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлүүдийг судалж үзсэн.
-Монголын эдийн засгийг хамгийн их боомилж байгаа хүчин зүйлүүд нь юу байсан бэ?
-Монголын эдийн засгийг хамгийн их боомилж, чөдөрлөж байгаа хүчин зүйлүүдийн нэгд, макро эдийн засгийн тогтворгүй бодлого бичигдсэн. Хоёрт, микро эдийн засгийн төвшинд бизнес хийхэд хумигдмал байна гэсэн. Төр засгийн бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа чинь зөрөөтэй байна гэсэн судалгаа гарч ирсэн. Гуравт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө эдийн засагт үзүүлэх дарамт асар их байгаа нь ажиглагдсан. Дөрөвт, Улаанбаатарын гэр хорооллын болон аж үйлдвэрийн усан хангамж ойрын жилүүдэд хомсдолд хүрэх юм байна. Энэ дөрвөөс хамгийн чухал асуудлаа сонго гэсэн. Тухайн үед Ч.Сайханбилэгийн засгийн үед ярилцаж байгаад хөдөө аж ахуйг хөгжүүлэх, усан хангамжаа сайжруулах гэсэн хоёр төслийг санал болгосон. АНУ-ын зүгээс гүний усны хангамжийг сайжруулж, хаягдал усыг ашиглах төслийг сонгосон. Туул голын доод эх үүсвэрийг цэвэршүүлж ашиглах, усны нөөцийг нэмэгдүүлэх төслийг сонгож байгаад үнэндээ асар их баярласан. Яагаад гэвэл Туул голын доод хэсгийн бохирдлыг цэвэрлэж өгнө. Хоёрт, усны нөөцийг нэмэгдүүлнэ. Гуравт, хот баруун тийшээ тэлэх боломжийг бүрдүүлнэ. Монголчууд нэг сумаар хэд, хэдэн туулай буудчихаж байгаа юм.
Холбоотой мэдээ