УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны төсвийн тодотголыг танилцуулсан. Энэ үеэр төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр дутсаныг зарлагыг бууруулах, эсвэл орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийг тэнцвэржүүлэх шаардлагатай гэсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “АН, МАН-ын хооронд хийсэн санамж бичигт гадаад өрийг одоо байгаа хязгаараас нь нэмэгдүүлэхгүй” гэж заасан. Тухайн үеэд гадаад өрийн хэмжээ ДНБ-ийн 49 хувьтай байна гэж танилцуулж байсан. Гэтэл өнөөдөр энэ хувийг 70 хувьд хүргэнэ гэж байна. Тохиролцооноос ухарвал МАН нь засгаас гарах чиглэлтэй шүү. Ийм баримт бичиг байсаар байтал гэрээний заалтыг зөрчсөн төсөв оруулж ирж байгаа юм” гэлээ. Үүний хариуд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хамтарсан засгийн газар байгуулах хугацаанд намын бүлгүүдийн хооронд хийсэн баримт бичиг, протоколийг үзсэн. Өрийн хэмжээний асуудлыг нэлээд нухацтай ярьсан. Хэсэг хугацааны дараа суурь заалтыг хангахын төлөө намууд хамтран ажиллана гэж үзсэн. Өрийн хэмжээг заасан хуулийн үндсэн суурь заалтыг хөдөлгөхгүйгээр энэ заалтыг хангахын тулд тодорхой хугацаанд ажиллах ёстой. Өрийн хязгаарыг 70 хувьд аваачсан ч бодлогын дүнд эргээд буух арга зам бий” гэх хариулт өглөө. Эрхэм гишүүний хувьд МАН засагт хамтарсан асуудлыг ихэд эсэргүүцэж байсан. Тэрбээр МАН Засгийн газарт орсонд одоо ч харамсч буйгаа илэрхийлж байсны хувьд Засгийн газрын тэргүүнд сануулга өгөв бололтой.
С.СҮРЭН