Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана

Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана

Эрэгтэй 66 кг-н жинд 2017 оны Мастерс тэмцээний аварга, энэ оны Антальягийн гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ Г.Хэрлэн барилдана. Энэ жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын шилдгүүд барилддаг байсан бол өнгөрсөн жилээс Г.Хэрлэн барилдаж байгаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын эхний шатанд Узбекстаны бөхөд хожигдож тэмцээнээ өндөрлүүлж байсан бол энэ жил дэлхийн аваргын туршлагатай очоод байна. Г.Хэрлэнгийн амжилтыг тодотгож буй нэг амжилт бол жин жингийн шилдэг 8 бөх оролцдог Уорлд Мастерс тэмцээнд жингийнхээ шилдгүүдийг хожин түрүүлсэн ялалт юм.

Эрэгтэй 66 кг-н жинг өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэл, энэ оны Европын аваргын хүрэл медальт Израилын Т.Фликер тэргүүлж байгаа бол өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Х.Абэ, олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт БНСУ-ын Ан Бауль, дэлхийн аваргын хошой хүрэлтэй Гүржийн В.Маргелашвили, Украйны алдарт бөх Г.Зантариа, дэлхийн аваргын 3 мөнгөтэй Оросын М.Пуляев, дэлхийн аваргын хүрэлтэй Азербайжаны Н.ШИхализаде нарын шилдгүүд өрсөлдөнө. Манай бөх Г.Хэрлэн В хэсэгт багтсан бөгөөд хэсгийн аваргын төлөө гарч ирэх боломж бий. Эхний өрсөлдөгч нь энэ оны Антальягийн гранпригийн 5-р байрын шагналт Турк улсын бөх С.Сандаль байх юм. Хэрвээ ямар нэгэн алдаа гаргахгүй бол хэсгийн аваргын төлөө Израилын Б.Шмайловтой гараад ирэх боломжтой. Израилын Б.Шмайлов энэ онд Загрербын гранпри, Дюссельдорфын их дуулгад хүрэл медаль хүртсэн амжилттай байгаа.

Эмэгтэй 52 кг-н жинд Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдана. Б.Хорлоодой өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар хэсгийн эхний барилдаанаа амжилттай хийн ялалт авсан ч дараагийн тойрогт Румын бөхөд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. 2017 оны дэлхийн аваргаас хойш Азийн нээлттэй тэмцээнд хоёр удаа оролцож мөнгө, Европын нээлттэй тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн. Харин Г.Ганцэцэг энэ оны УАШТ-нд түрүүлсэн амжилттай бол Азийн наадмын шагналт 5-р байранд шалгарсан амжилттайгаар Бакуд очоод байна.

Г.Ганцэцэгийн эхний өрсөлдөгч нь Шинэ Зеландын тамирчин бөгөөд шууд 3-р шатанд шалгарах боломжтой болно. Хэрвээ хэсгийн барилдаанаа сайн хийж чадвал зоны аваргын төлөө Парисын их дуулга, Хөххотын гранпри тэмцээний аварга Японы У.Абетэй барилдах магадлалтай. Харин Б.Хорлоодой шууд 2-р шатнаас Узбекстаны бөхтэй барилдах бөгөөд ялж чадвал Бельгийн ван Снайктай барилдах магадлалтай. Түүний хэсэгт Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй П.Буянхишиг барилдаж байгаа. Б.Хорлоодойн багтсан D хэсэгт Бразилын Э.Миранда гэж шилдэг тамирчин бий.

Энэ жинг Тбилисийн гранпри тэмцээний алт, Парисын их дуулга, Загребын гранпри тэмцээний мөнгөн медаль Францын А.Бушард тэргүүлж байгаа.  Мөн өнгөрсөн оны дэлхийн аварга Й.Шишиме, олимпийн хүрэл, ДАШТ-ний 3 хүрэлтэй Оросын Н.Кузютина, Швейцарын Е.Тшоп, АНУ-ын А.Делгадо нарын шилдгүүд өрсөлдөнө.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж