-МЗХ 2015 оны хавар “Азийн залуучуудын чуулган”-ыг Монголд анх удаа зохион байгуулах юм байна-
Монголын залуучуудын холбоо 2015 онд “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон байна. 2013 оныг “Оролцъё” уриатайгаар залуучуудыг бие дааж сургах, хийж бүтээж байгаа зүйлдээ өөрийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх гээд бүх зүйлд оролцоог нь өндөрсгөж байсан бол 2014 онд залуучууд оролцоогоор бүтээсэн зүйлээ нэгтгэж эх орныхоо төлөө, ирээдүй хойч үе залуучуудынхаа төлөө эвлэлдэн нэгдэж, эв хамтын ажиллагаатай “Нэгдье” уриатайгаар ажилласан юм. Харин 2015 онд эх орныхоо хөгжилд оролцож, нэгдсэн залуучууд маань хамтдаа хойшдын хөгжил цэцэглэлт, өөрсдийн ирээдүйн төлөө санаачлан бүтээе уриатайгаар бүтээлч ажлуудыг өртөөлүүлэхээр болсон байна.
Оны сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэхээс гадна, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын “Цагаан уул” наадам, “Залуу хүн”цуврал лекц, “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал, Хаврын баяр урлагийн наадам, Спирт үү, Спорт уу аян, “Залуусын наадам”, “Залуучуудын өдөр”, “Алмаматер” оны шилдэг оюутан шалгаруулах уралдаан, “Оны Залуу” лекц, “Нийгмийн үнэ цэнэ –ахмадаасаа суралцъя”, “Иргэний андгай өргөх ёслол”, “Next Stop” тэргүүний залуу харшийн наадмаа зохион байгуулах ажээ. МЗХ 2015 оны хавар “Азийн залуучуудын чуулган”-ыг Монголд анх удаа зохион байгуулах юм байна.