Гэрийн даалгавартай 350 сая ам.долларын буцалтгүй тусламж

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Гэрийн даалгавартай 350 сая ам.долларын буцалтгүй тусламж

Гэрийн даалгавартай 350 сая ам.долларын буцалтгүй тусламж

"News" агентлагийн сэтгүүлч, редактор Ж.Нямсүрэн Вашингтон хотоос мэдээлж байна.


-У.Хүрэлсүх, М.Помпей нар 350 сая долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа-

Монгол Улсын Ерөнхий сайдын  Вашингтон хотноо хийж буй албан ёсны айлчлалын хамгийн их анхаарал татсан, хамгийн гол ажил нь Мянганы сорилтын сангаас олгож буй хоёр дахь удаагийн компакт гэрээг үзэглэсэн явдал байлаа. Тус улсын  Төрийн департаментын ордонд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар Мянганы сорилтын сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд есдүгээр  сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан юм.

Энэ буцалтгүй тусламжийг монгол төгрөгөөр тооцвол 875 тэрбум төгрөг болж байгаа юм.

Мянганы сорилтын санг монголчууд андахгүй. Үүнээс өмнө тус сангаар дамжуулан америкчууд 285 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад олгосон бөгөөд таван жилийн хугацаатай үргэлжилсэн уг гэрээ 2014 онд дуусгавар болсон билээ.  Хоёр дахь удаагаа компакт гэрээнд хамруулах шийдвэрийг Мянганы сорилтын сангаас  мөн 2014 онд  гаргасан шийдвэрээ дуулгасан бөгөөд  тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Засгийн газартай ярилцаж, хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албыг байгуулжээ

МСС-ийн шийдвэрээс хойш дөрвөн жилийн хугацаанд тодорхой судалгаа тооцоонууд Монголд хийгдсэн байна. Уг тооцоо судалгаа, төсөл дээр үндэслэж, буцалтгүй тусламжийн мөнгөө юунд зарцуулахыг АНУ-ын талаас шийджээ.

Мянганы сорилтын сангаас эргэн төлөгдөхгүйгээр олгож буй 350 сая ам.доллар ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Монголын мөнгө болж “хувирлаа”. Гэхдээ энэ бол даалгавартай мөнгө. Өөрөөр хэлбэл, 350 сая ам.доллар буюу 875 тэрбум төгрөгийг Улаанбаатарын усны нөөцийг сайжруулах, хэрэглэсэн усыг буцааж ашиглахад зарцуулах  “гэрийн даалгавар”-ыг монголчуудад таван жилийн хугацаатай олгож байна гэсэн үг юм. АНУ-ын зүгээс буцалтгүй тусламжийн мөнгийг 33 оронд өгснөөс хоёр дахь компакт гэрээг зургаа, долоохон оронд өгсөн байдаг юм байна.

"Хамгийн гол нь мөнгө орж ирээд хугацааны тоолуур гүйсэн бол яг таван жилийн дараа хугацаандаа кранаа хаадаг. Дансанд мөнгө үлдсэн ч хамаагүй. Тэгэхээр монголчууд маш сайн төлөвлөж, ойлголцож байж энэ мөнгөөр Улаанбаатарынхаа усны асуудлыг саарал усны асуудлыг шийдээд авах хэрэгтэй. Тэгэхээр монголчууд төслийн менежмент, хөтөлбөрийн менежмент, төлөвлөлт, санхүүгийн ашиглалт гээд асар их хэмжээний ажил хийх ёстой. Тиймээс олон нийтийн хараа хяналтан дор, бүх юм ил тод хэрэгжүүлэх хэрэгтэй юм" гэж Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос онцолж байна. Учир компакт гэрээ байгуулсан гэх мэдээтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээнд өр, хөнгөлөлттэй зээл, уг мөнгөөр утаа, эрчим хүчний асуудлыг шийдэх байсан гэсэн шүүмжлэл хөврөөд байгаа юм.

Монгол Улсын хүн амын бараг тэн хагас нь амьдардаг Улаанбаатар хотын нэг тулгамдсан сэдэв нь цэвэрлэх байгууламж болоод усны асуудал болсон. Энэ асуудлыг цогцоор нь шийдэхэд У.Хүрэлсүхийн засаг онцгой анхаарч, Хятадаас олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийг, АНУ-аас олгож буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усны нөөцийг сайжруулах, хаягдал усыг боловсруулах ажлыг хийхээр боллоо.

“ЭНЭ БОЛ ӨР БИШ ЭРГЭН ТӨЛӨГДӨХГҮЙ МӨНГӨ”

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурийг сонирхлоо.

“Яг 11 жилийн өмнө  Мянганы сорилтын сангаас олгох 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурж байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  М.Помпей нар 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бол өр биш эргэн төлөгдөхгүй мөнгө Уг мөнгө Улаанбаатар  хотыг цэвэр усаар хангахад зориулагдаж байгаа. Нийслэлчүүд бид гүний усаа хайр гамгүй, үр ашиггүй хэрэглэдэг.  Тиймээс нэг ашиглагдсан усыг дахин  цэвэрлэж ашиглах нь байгаль экологи болон эдийн засгийн хувьд маш их үр ашигтай юм.

Буцалтгүй тусламж буюу компакт гэрээний  хүрээнд Улаанбаатар хотод 50 ширхэг гүний худаг барина.  Мөн дамжуулах хоолой, усан санг барьж байгуулна. Түүнчлэн  ус цэвэршүүлэх үйлдвэрийг барина.  Нэмээд хэлэхэд Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийгдэнэ” гэв.

Хаягдал усыг дахин боловсруулснаар 400 мянган шоо метр цэвэр усыг хэмнэх боломжтой болж байна. Нэг үгээр хэлбэл, америкчуудын мөнгөөр Улаанбаатарын төдийгүй Монголын усны хэрэглээнд хувьсгал хийх юм.

Өнөөдрийн хувьд монголчууд цахилгаан станц, үйлдвэрүүдэд гүний усыг ашиглаж байгаа нь эдийн засгийн хувьд асар их хохиролтой төдийгүй байгаль экологийн хувьд ч эрсдэл дагуулсаар байгаа юм.

Вашингтонд хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Ерөнхий сайд  У.Хүрэлсүхэд Дэлхийн банкны удирдлагууд бараалхав.  Уг уулзалтын дараа Ерөнхий сайд Конгрессын номын санд зочилсон юм.  Конгрессийн номын санд 10 мянга гаруй ном хадгалагдаж байгааг М.Саруул-Эрдэнэ доктор сонирхуулав. Тодруулбал, Үлгэрийг далай, Сандуй, Очроор огтлогч, Ихэд тонилгогч зэрэг алдартай судрууд уг номын санд хадгалагдаж байгаа юм байна.


МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРГӨТГӨСӨН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ БОЛОН МЭДЭГДЭЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж