Шинзо Абэ дахин Ерөнхий сайдын алба хаших боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ дахин Ерөнхий сайдын алба хаших боллоо

-Ерөнхий сайдаар гурав дах удаагаа ажиллахаар болсон Шинзо Абэг юу хүлээж байна вэ?-

Шинзо Абэ дахин Ерөнхий сайдын алба хаших боллоо

Япон улсын улстөрч Шинзо Абэ өчигдөр /2018.09.20/ Либерал намын даргын сонгуульд ялалт байгуулснаар Ерөнхий сайдаар гурав дах удаагаа улиран ажиллахаар боллоо.

Тэрбээр өөрийн намын нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд асан Шигерү Ишибаг 553 – 254 саналын зөрүүтэйгээр ялсан.

Ийнхүү Шинзо Абэ Либерал намын гишүүдийн 70 хувийн саналыг авснаар намын даргаар улиран сонгогдож, Японы ерөнхий сайдын үүргээ үргэлжлүүлэхээр болж буй. Япон улсын түүхэнд хамгийн урт хугацаанд ажиллах ерөнхий сайд болоход нэг алхам урагшиллаа. Хэрэв 2021 оны наймдугаар сар хүртэл өөрийн байр сууриа хадгалж чадвал тэрбээр Японы түүхэнд хамгийн урт удаан ажилласан ерөнхий сайдаар нэрээ үлдээх боломжтой аж. Өмнө нь Шовагийн эрин үед /1926-1989/ Эйсакү Сато ерөнхий сайдаар 1964 оноос 1972 он хүртэл буюу нийт 2797 өдөр ажиллаж байжээ.

Шинзо Абэ Либерал ардчилсан намын даргаар сонгогдсоны дараагаар

“Одоо тулаан дуусгавар болсон учир үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг ирлээ. Шинэ Японыг бүтээхийн тулд хамтдаа ажиллацгаая!” хэмээн Шинзо Абэ Либерал ардчилсан намын даргаар сонгогдсоны дараагаар ард иргэддээ хандаж мэдэгджээ.

Гэвч ерөнхий сайд Шинзо Абэг ирэх онуудад олон асуудал хүлээж байна. Япон улсын өтөлж буй хүн ам, шинэ Эзэн хааны эрин үе мөн хоёр удаа хойшлуулаад байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ногдуулах арван хувийн татвар зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай. Түүнчлэн Хойд Солонгосын пуужин, цөмийн зэвсгийн сүрдүүлэг, Япон улсын бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буй Хятадын цэргийн үйл ажиллагаа, идэвхжилт болон худалдааны дайн зэрэг асуудлуудад Япон улсыг төлөөлж хэрхэн шийдвэр гаргахаас цаашдын хувь заяа шийдэгдэнэ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал бол улс төрийн эмзэг сэдэв. Хэн ч юу болох талаар тааварлашгүй. Шинзо Абэгийн зорьж буй шинэчлэл бол Японы өөрийгөө-хамгаалах хүчнийг АНУ-аас харьяат бус болгох, үүнд Либерал ардчилсан намын гишүүд нь дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Хэрэв олон нийтийн санал хураалт сөрөг үр дүнд хүрвэл Шинзо Абэ ерөнхий сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд хүрч магадгүй юм.

Өнгөрсөн хугацаанд Шинзо Абэ улс төрийн элдэв дуулиан шуугиануудад холбогдож байсан ч нэрээ цэвэрлэж чадсан улстөрч. Түүнийг намын гишүүд болон хэвлэл мэдээллээр шүүмжилдэг боловч нэр хүнд нь уналгүй өдгөө хүртэл өндөр байгаа нь Японы улс төрийн ертөнцөд өөрийн байр сууриа бат бөх болгосныг илчилж байна.

Улс төр судлаачдын үзэж байгаагаар Шинзо Абэгийн энэхүү урт хугацааны засгийн эрх Япон улсын хөгжилд тогтвортой байдал үргэлжлэх болно хэмээн дүгнэж байгаа аж.

“Хүчтэй, санаачилгатай удирдагчийн Засгийн газар улс орны эдийн засаг болон гадаад харилцаанд эерэг үр дүн авчирдаг. Ерөнхий сайд Шинзо Абэ улс төрийн хүрээнд гайхалтай зүйл бүтээсэн нь үнэн. Гэхдээ түүний урт удаан засаглал Японы улс төрд өрсөлдөх чадварыг үгүй хийсэн. Ерөнхий сайд Шинзо Абэгийн дараагаар улс төрд хэрхэн өрсөлдөөн бий болгох тал дээр бид багагүй хүндрэлтэй учирч болзошгүй” хэмээн Токиогийн их сургуулийн улс төрийн профессор Юү Үчияама дүгнэжээ.

Япон улсын ерөнхий сайдаар гурав дах удаагаа ажиллахаар болсон Шинзо Абэ ирэх жилүүдэд Япон улсын төлөө ямар зүйл бүтээж амжилт гаргахыг ард иргэд болон ажиглагчид нүд салгалгүй, чих тавин хүлээж байгаа нь лавтай.

Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж