Нийслэлийн МАН-ыг Д.Сумъяабазар удирдана

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

LiveНийслэлийн МАН-ыг Д.Сумъяабазар удирдана

Нийслэлийн МАН-ыг Д.Сумъяабазар удирдана
05 : 23
2018-9-22

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг сонголоо

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал болж, гишүүдийн 50.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонголоо. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад  нэр дэвшүүлсэн хотын дарга С.Батболд  гишүүдээсээ 49, 6 хувийн санал авсан байна.

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал нь 369 гишүүнтэй байхаар өргөтгөж баталсан байсан бөгөөд 339 нь санал хураалтад оролцож, 331 хүчинтэй санал тоологдсон байна. Эдгээр төлөөлөгчдийн 80 нь квотоор орж иржээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой, ингэж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн.

Санал хураалт шөнийн 03.00 цаг орчмын үед эхэлж, цаг гаруй үргэлжилсэн юм. Саналыг 10 хүн гараар тоолж дүнг нэгтгэжээ.

Бага хурлын гишүүд үүр цайтал хуралдав.

 

 

 

01 : 43
2018-9-22

Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүллээ

Нийслэлийн МАН-ын хорооны даргад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлээд байна. Түүний нэрийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан заалнаас нэр дэвшүүллээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад хотын дарга С.Батболдыг нэр дэвшүүлсэн. Иймээс Бага хурлын 369 гишүүн хайнаа хагалж, хоёр нэр дэвшигчээс хэнийг нь дэмжиж байгаагаа санал хураалтаар шийдэх болж байна.

Бага хурлын 369 гишүүнийг батламжилж дууссан тул удирдлагаа сонгох ажилд орлоо.

23 : 59
2018-9-21

Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийг нэгбүрчлэн танилцуулж баталж байна

Энэ цаг мөчид нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал үргэлжилж байна. Бага хурлын 369 гишүүнийг сонгон батлахын тулд цагаан толгойн үсгийн дарааллын дагуу нэрийг нь дуудаж, танилцуулсны дараа санал хурааж, олонхийн дэмжлэг авсан тохиолдолд нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын гишүүнээр баталж байна. Нийт 369 гишүүнийг дээрх горимоор нэгбүрчлэн батална. Дараа нь Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох санал хураалтыг явуулах тул хурлын үйл явц шөнө дөл болтол үргэлжилж мэдэхээр байна. 

17 : 51
2018-9-21

Нийслэлийн МАН-ын даргыг сонгохын өмнө 369 гишүүнээ сонгоно

Нийслэлийн МАН-ын хурал үргэлжилж байгаа бөгөөд төлөөлөгчид үг, саналаа хэлж дуусчээ. Энэ удаагийн Бага хурлаар төлөөлөгчийн бүрэлдэхүүнийг өргөтгөж, 369 болгожээ. 

Ингэхдээ нийслэлийн МАН-ын анхан шатны 152 үүрийн төлөөлөл, УИХ-ын 28 гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч, 9 дүүргийн намын хороодын удирдлагаас тус бүр төлөөлөл оруулахаар болсон байна.

Хурлын танхимаас бүх гишүүдийг гаргаж, санал өгөх эрхтэй мандаттай гишүүдийг дахин бүртгэж оруулж байгаа юм байна.

Харин удирдлагыг сонгох асуудал хараахан болоогүй байна. 

МАН-Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад хотын дарга С.Батболдыг дэвшүүлсэн бол заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн яриа Бага хурлын гишүүдийн дунд яригдаж байна. 

 

 

15 : 36
2018-9-21

М.Оюунчимэг: Төлөөлөгчид том зургаар нь харж сонголтоо хийх байх

niisleliin mongol ardiin namiin 34-r baga hural (18)

Нийслэлийн МАН-ын Бага хурал түр завсарлаад, үргэлжилж байна. Яг одоо хурлаар намын хорооны төлөөлөгчдийн саналыг сонсч байна. 

Нийслэлийн намын хурал түр завсарлаад эргэж орсон. Намын Бага хурлын талаар зарим гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

– Бага хурал одоогийн байдлаар хэлэлцэх асуудлынхаа талд орсон байгаа. Сая Нийслэлийн МАН-ын хорооны үүрэг гүйцэтгэгч Б.Батболдын ажлын тайлан, Хяналтын хорооны тайланг сонслоо. Гишүүдийн  асуултад хариулт өглөө. Үргэлжлүүлэн санал бодлоо хэлэх хүсэлтэй 30 гаруй төлөөлөгчийн нэрийн авсан байгаа. Яг одоогийн байдлаар 16 төлөөлөгч үгээ хэлээд байна. Нийслэлийн намын анхан шатны байгууллагаас ирсэн төлөөлөгчид санал бодлоо хэлж байна. Хамгийн гол намын эв нэгдлийг бэхжүүлмээр байна. Мөн улс орны өмнө тулгамдаад олон асуудлуудад Нийслэл хэрхэн анхаарч ажиллах ёстой гэдэг дээр төлөөлөгчид саналаа хэлж байна. Бүх асуудлаар санал нийлэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ эрүүл, амьд хурал болж байна. Заалнаас нэр дэвших эрх нээлттэй байгаа. Заалнаас нэр дэвшигч гарч ирэхийг үгүйсгэхгүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Энэ бол маш хариуцлагатай хурал. Нэг намын дотоод асуудал гэхээс илүү эрх барьж байгаа намын хувьд маш чухал юм. Нийслэлд хүн амын олонх буюу 1,4 сая хүн амьдарч байна, ДНБ-ний 64 хувийг үйлдвэрлэж байна, ажлын байр, агаарын бохирдлыг бууруулах зэрэг энэ бүх асуудлыг шийдэхэд хотын удирдлага өөрөө маш чухал. Хүссэн хүсээгүй намын дүрмээр хотын дарга нь нийслэлийн намын хороогоо удирддаг  дүрэм байдаг. Хүмүүсийн дунд нийслэлийн МАН-ын хорооны даргыг солиход хотын дарга солигдох нь ээ гэх хардлага байх шиг байна. Энэ асуудлыг зүгээр нэг албан тушаал солигдох нь гэж харахаас илүү Монгол Улсын нийслэлийн  сая гаруй хүн амтай холбоотой, дараагийн хөгжилтэй холбоотой учраас гишүүд маань их улс  суурьтай хандаж байна. Удирдах зөвлөлийн хурлаар хоёр нэр дэвшигч өрсөлдөж, нэг нь сонгогдсон. Гэхдээ заалнаас нэр дэвшигч орж ирэхийг үгүйсгэхгүй. Энэ нь өөрөө ардчилалтай байгаагийн илрэл. Тэгэхээр сонгогдсон төлөөлөгчид маань ул суурьтай, том зургаар нь харж сонголтоо хийх байх.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Нийслэлийн Бага хурал дээр нийслэлийн намын анхан шатны гишүүдийн дуу хоолой, захиа даалгаврыг Бага хурал дээр сонсгож, цаашид сонгуульд хэрхэн амжилттай оролцох вэ гэдгээ ярьж, сонгодог уламжлалтай. Харамсалтай нь энэ удаагийн нийслэлийн намын хорооны хурал дэглэгдсэн жүжиг шиг болж байна. Өнөөдрийн хурал хүч түрсэн хурал болж өнгөрөхөөр харагдаж байна. Багахангай дүүрэг 3000 хүнтэй байж 10 мандаттай төлөөлөгчтэй оролцож байхад 300 мянган хүнтэй Сонгинохайрхан дүүргээс бага төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ажил 58 хувьтай байна гэж ярьж байна. Хэрэв ийм бол иргэд бухимдах шаардлагагүй. Саналын эрхгүй хүмүүс зааланд сууж байгаа нь нийслэлийн МАН-ын хороо шинэчлэгдэх ёстой гэдгийг харуулж байна. 60 тэрбум, авлига, хээл хахуултай холбоотой бүх асуудал нийслэлийн намын хорооноос гарсан. Энэ янзаар үргэлжилбэл энэ хурлаас ямар нэг зүйл хүлээгээд хэрэггүй гэж харж байна.

14 : 04
2018-9-21

Бага хурал 14.00 цагаас үргэлжилнэ

Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр Бага хурал завсарласан байгаа бөгөөд 14.00 цагаас үргэлжлэх аж.

Үдээс өмнөх хуралдаанд нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигч С.Батболдын илтгэлийг сонссоны дараа гишүүд нь санал шүүмжлэл хэлжээ. Нийтдээ 30 гаруй гишүүн санал хэлсэн байна. 

11 : 51
2018-9-21

Нэр дэвшигч С.Батболд илтгэлээ танилцуулж байна

Нийслэлийн намын хорооны 34-р бага хурал Хүүхдийн ордонд үргэлжилж буй. Хурлыг нээсний дараа хаалттай горимд шилжээд буй. Тэгвэл яг одоо нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгч С.Батболд хийх ажлын тайлан бүхий илтгэлээ танилцуулж байна. Үүний өмнө МАН-ын Хяналтын хорооны тайланг сонсчээ. Тус хурлаас Нийслэлийн монгол намын хорооны даргыг тодруулна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлж байгаа бол заалнаас Д.Сумьяабазарыг өрсөлдүүлэх бололтой. Энэ удаагийн хуралд 368 төлөөлөгч ирэхээс 333 төлөөлөгч хуралдаа сууж байна. Хурлыг Нийслэлийн монгол ардын намын бага хурлын гишүүн Г.Мөнхбаяр даргалж буй. Хурал эхэлсэн цагаасаа заалны уур амьсгал ширүүхэн болж, Бага хурлын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч буй. Тиймээс хамгаалалт гарсан байгааг ч зарим эх сурвалжууд хэлж байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын Хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын тавьсан “Нэгдмэл хүч, нийслэлийн хөгжил” илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

11 : 11
2018-9-21

С.Батболд: Тавьсан зорилгоо биелүүлж, дүнгээ тавиулах цаг ойрхон байна

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал үргэлжилж байгаа бөгөөд хурлыг Барилга хот, байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр даргалж байгаа юм.  Хурлын эхэнд мандатын хорооны илтгэл сонссоны дараа хэд хэдэн гишүүдийн мандат хүчингүй болсон нь заалны уур амьсгалыг эвдсэн юм. Гишүүд мандатын хорооны илтгэлийг батлахгүй хэмээн эсэргүүцэж, “Шударга бай” хэмээн орилж байв. 

Тэднийг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Манай намын хорооны Бага хурал дүрэмд заасан хугацаанаас бүтэн жил хоцорч эхэлж байна. Намын анхан шатны нэгжээс бөөн өрсөлдөөн дундаас хүмүүс ирсэн. Г.Мөнхбаяр дарга аа, олон хүмүүс хурлын журмыг эсэргүүцэж мандатаа өргөхгүй байна. Хэт хайрцагласан байдлаар хурлаа зохион байгуулах гэж дайрах юм. Энэ хүмүүс чинь та бүхэнд зөөлөн суудал өгөх гэж энд ирээгүй.  Мандат өргөсөн хүмүүсийг та нар тийм хурдан тоолох боломжгүй. Мандатыг хэн шалгаж байгаа юм. Хэн орж байгааг ч бид мэдэхгүй байна. Бидэнд жагсаалтаа ч өгөхгүй байна” гэсэн юм. Хурал даргалагч мандатын комиссыг батлах тогтоолыг хэд хэдэн удаа уншсан ч заалнаас эсэргүүцсээр, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулав.

Ийнхүү мандатын комиссын илтгэлийг баталсны дараа нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгч Хотын дарга С.Батболд илтгэл тавилаа. Энэ удаагийн 34-р Бага хурал “Нэгдмэл хүч – Нийслэлийн хөгжил” уриан дор зохион байгуулагдаж буй. Хотын дарга С.Батболд “Нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр" сэдвийн дор илтгэлээ танилцуулсан юм.  Тэрбээр, МАН-ын үйл ажиллагаа, ололт, амжилтыг дурдаж, тэргүүний үүрүүдэд талархал илэрхийлэв. МАН 2016 оны орон нутгийн сонгуульд амжилттай оролцож эрх барьж байгаа ч 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнд дүгнэлт хийж байгааг онцолсон. Нийслэлийн удирдлагын баг нийслэл хотод хуримтлагдаад байсан 100 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн нь ололт юм. Улаанбаатар хотод 2018 онд 409.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг  нэмэгдүүлэхээр ажиллаж байна.  Нийслэлийн МАН өнгөрсөн таван жил намын үүрүүдийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүд дэмжигчдийн идэвх оролцоог нэмэгдүүлсэн. Жил бүр тодорхой зорилт тавин ажиллаж ирсэн гэдгийг С.Батболд дарга илтгэлдээ дурдав. Тухайлбал, 2018 оныг нийслэлийн МАН анхан шатны байгууллагуудыг чадавхижуулах жил болгон зарлан ажиллаж байгаа аж. Юуны өмнө 152 үүртээ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа юм байна. Мөн намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа тогтмолжиж гишүүдээ идэвхжүүлэн ажиллаж байгаа гэлээ.

2018 онд нийслэлийн МАН-ын хорооноос намын анхан шатны байгууллагыг идэвхжүүлэх, дотоод ажлыг сайжруулах, эмх цэгцтэй, мэдээ мэдээллийн урсгалыг түргэсгэх зорилгоор сар бүр намын анхан шатны үүрийн дарга нарын үйл ажиллагааг дэмжих, дүгнэж ажиллаж ирсэн. Дүүргийн намын хороодын үйл ажиллагаанд баримтлах чиглэлд хяналт тавьж, ажиллаж байгаа нь сонгуульт ажлыг идэвхжүүлэх, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэн ажиллаж байна.

Намын гишүүдийн бүртгэлийг шинэчлэх, нууцын журмыг батлах, намын ажилтан, идэвхтэй сонгуультай ёс зүйн хариуцлагыг өндөржүүлэх, анхан шатны байгууллагыг чадавхжуулах чиглэлд олон ажил зохион байгуулан ажиллаж байна.

Намын анхан шатны байгууллага, хороо үүрийн гишүүдийг дэмжих, нийгэмдээ чиглэсэн олон ажлын үр дүн 2016 оны улс төрийн сонгуулийн үр дүнгээр илэрсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх бид маш их эрч хүчтэй, хариуцлагатай ажиллаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 онд дүнгээ тавиулна. Нийслэлийн МАН-ын хорооны үйл ажиллагааны зорилтод намын ажилтнуудынхаа боловсролд анхаарах, системтэйгээр үе шаттай арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Манай ард түмэн цаг үе бүхэнд улс орон, нийслэл, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг даатгах итгэлийг үе үеийн МАН-ын удирдлагуудад хүлээлгэж байсан. Тиймээс том эрх ашгаа харж, эв эе ээ хичээж хамтдаа ажиллацгаая гэж уриалж байна. Аз жаргалтай хот хөтөлбөрөө хэрэгжүүлж, МАН-ын хөтөлбөрийг дэмжиж шат шатны сонгуульд саналаа өгсөн. Эрхэм журмын нөхөд өө, нийслэлийн МАН-ын өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид илүү хурдтай, хүчээ нэгтгэж ажиллах зорилгыг дэвшүүлж байна. дараагийн сонгуульдаа идэвхтэй бэлтгэж, өмнөө тавьсан зорилтоо үр дүнтэй, өгөөжтэй ажиллах шаардлага бидэнд тулгарч байна. Ирээдүйгээ хөдөлмөрлөж бүтээцгээе.

Ийнхүү илтгэл тавьсны дараа намын Бага хуралд хаалттай горимд шилжив.

10 : 24
2018-9-21

Нийслэлийн МАН-ын Бага хурал эхэллээ

Нийслэлийн МАН-ын хурал Монголын хүүхдийн ордонд 09.00 цагт эхэлж, үргэлжилж байна. Намын хурал эхлэхийн өмнө мандатын комиссын илтгэлийг сонссоны дараа Бага хуралд оролцсон гишүүд эсэргүүцэж, мандатын тоо болон бусад мэдээллийг ил болгох, шударга хурал зохион байгуулахыг шаардаж, хурлын танхимд уур амьсгал ширүүхэн болж байна.

Энэ удаагийн хуралд 369 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Нийслэлийн МАН-ын даргыг сонгох юм.

07 : 55
2018-9-20

Нийслэлийн МАН-ын дарга өнөөдөр тодорно

НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгснөөс хойш нийслэлийн МАН-ын даргын үүргийг хотын дарга С.Батболд түр орлон гүйцэтгэж буй. Намын дүрмийн дагуу нийслэлийн намын хорооны даргыг нийслэлийн Бага хурлаар сонгох учиртай. Тэгвэл хэд хэдэн удаа товлогдсон ч хойшлогдоод байсан нийслэлийн МАН-ын Бага хурал өнөөдөр /2018.09.21/ 09.00 цагт Монголын хүүхдийн ордонд эхэлнэ.

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлын хамгийн чухал шийдвэр бол Ц.Сандуйг хэн орлох, 2020 оны сонгуульд нийслэлийн намыг хэн толгойлж орох вэ гэдэг чухал сонголттой.  Шинэ даргыг Удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу МАН-ын дүрмийн дагуу Нийслэлийн МАН-ын даргыг Бага хуралд оролцож буй саналын эрх бүхий төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж тодруулна.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой болтол хуралдаж, хуралдаанд нийт 15 гишүүн оролцжээ. Нийслэлийн намын хорооны даргад Хотын дарга С.Батболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Хотын дарга асан Ц.Батбаяр нар нэр дэвших нь гэж байсан. Гэвч экс хотын дарга Ц.Батбаяр намын Удирдах зөвлөлдөө нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгүй гэдгээ хэлжээ. Тиймээс Удирдах зөвлөлийн гишүүд нууц санал хураалт явуулж, олонхийн санал буюу есөн гишүүн С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Ийнхүү нийслэлийн МАН-ын даргад Удирдах зөвлөлөөс санал болгосноор С.Батболд нэр дэвшиж, өрсөлдөнө. Гэхдээ Бага хурлын үеэр заалнаас хэн ч нэр дэвших эрхтэй байдаг. Тиймээс МАН-ын Бага хурал “ширүүхэн” болж өнгөрөх бололтой.

Бага хуралд нийт 369 төлөөлөгч оролцоно. Нийслэлд намын анхан шатны нэгж болох МАН-ын 152 үүр байдаг. Эдгээр үүрүүд тус бүр 1-2  саналын эрх бүхий төлөөлөгчийг Бага хуралд оролцуулж буй.  Төлөөлөгчийг сонгохдоо анхан шатны үүрүүд дээр тодорхой  байдлаар өрсөлдөж, саналын давуу эрх авсан нь мандат авдаг талаар МАН-ын гишүүд онцолдог. Харин намын анхан шатны нэгжээс сонгогдоогүй нийт 80 хүнд шууд байдлаар квот олгож, мандатаар Бага хуралд оролцохоор болсон. Эдгээр хүмүүс нь намын зарим удирдлага болон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч болон зарим намын үүрийн дарга нараас бүрдсэн 80 квотын төлөөлөгчид оролцох юм.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж