Засгийн газар 2015 оны эхний хуралдаанаа 1 дүгээр сарын 7-ны өдөр хийж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг
УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Нуугдсан хөрөнгийг ил гаргахад чиглэсэн эрх зүйн энэхүү зохицуулалтаар санхүү, татварын хуурамч тайлангуудаа хүү, торгуульгүйгээр залруулах нэг удаагийн боломжийг хуулийн этгээдүүдэд олгоно.
Mанай улс 2007-2008 онд зарим албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөн өршөөл үзүүлж байсан. Харин энэ удаа татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг илүү өргөн хүрээг хамруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан хөрөнгө, орлогоо үнэн зөвөөр бүртгүүлж тайлагнавал албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулалгүй, холбогдох хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр энэ хуулийн төсөлд тусгажээ.
Сайн дурын үндсэн дээр хөрөнгө орлогоо ил болгож тайлагнах хугацаа нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын дотор байна.
Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын өршөөлийн тухай хуулийг ирэх 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ.
Хуулийг батлан хэрэгжүүлснээр эдийн засагт ил тод, тэгш шударга байдал бий болж, татварын бааз суурь өргөжнө. Хамгийн чухал үр дүн нь эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадахуйц үнэн зөв тоон мэдээлэлтэй болох явдал юм.
Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчилнө
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын танилцуулсан "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-ыг шинэчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шинэ журамд эмийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой зарчмын өөрчлөлтийг тусгах юм. Өмнө нь эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд шууд бүртгэх заалт байгаагүй бөгөөд 6 сараас 2 жил хүртэлх хугацаа шаардагддаг байсан юм. Шинэ журамд энэ хугацааг богиносгож, шат дамжлага болон зардлыг нь бууруулах үүднээс шууд, түргэвчилсэн, энгийн гэсэн 3 хэлбэрээр бүртгэхээр журамлана.
1. Эмийн хяналтын хатуу зохицуулалттай эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжид орсон эмийг тухайн байгууллагын албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн улсын эмийн бүртгэлд 30 хоногийн хугацаанд шууд хэлбэрээр бүртгэнэ. Энэ жагсаалтад АНУ, Англи, Австрали, Швейцари, Канад, Япон, өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд багтдаг. Шууд бүртгэх заалт вакцинд хамаарахгүй.
2. "Эмийн хяналтын хамтын ажиллагааны схем"-д нэгдсэн гишүүн улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжинд орсон, олон улсын стандартад нийцсэн эмийг албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн түргэвчилсэн хэлбэрээр буюу 60 хоногийн хугацаанд бүртгэнэ.
3. Дээрх хоёр жагсаалтад ороогүй бусад эмийг энгийн хэлбэрээр 6 сар хүртэлх хугацаанд улсын бүртгэлд бүртгэнэ.
Шаардлага хангасан дэвшилтэт, нэн шаардлагатай эмийг бүртгэхэд зарцуулдаг хугацааг богиносгосноор салбарын байгууллагуудад учирдаг чирэгдэл багасч, улмаар нэн шаардлагатай чухал эмүүд иргэдэд хугацаа алдалгүй хүрнэ гэж ЭМСЯ дүгнэж байна.
Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяанд байнгын болон түр горимоор ажиллаж байсан 26 боомтын захиргааг байгуулсан юм.
Төсөв хэмнэх, төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор зарим нэгжийг татан буулгах, нэгтгэх талаар УИХ-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газар өмнөх хуралдаанаараа Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын чиг үүргийг гаалийн байгууллагад хариуцуулахаар шийдвэрлэсэн. Бүтэц, зохион байгуулалтын энэ өөрчлөлттэй холбогдуулан Хилийн боомтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг Засгийн газар баталлаа.
Цаашид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг Гааль, хилийн боомтын хэрэг эрхлэх газар болгож өөрчлөн зохион байгуулна. Ингэснээр манай улс худалдааны гол түншүүдтэйгээ хил, гаалийн чиглэлээр хамтран ажиллахад илүү дөхөм болох юм.
Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид Монгол Улс тайлангаа илгээнэ
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын II илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгалаа. Илтгэлийг Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар хамтран бэлтгэжээ.
Байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах арга механизмыг тогтоож, энэ талаарх зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид тусгах, олон улсын түвшний хяналт, судалгаа явуулах зэргийг журамласан энэ конвенцийг Монгол Улс 2002 онд соёрхон баталж, анхны тайлангаа 2010 хүргүүлсэн юм.
Монгол Улсын анхны тайланд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос 2010 онд зөвлөмж ирүүлсэн байдаг. Зөвлөмжийг энэ удаагийн тайланд тусгаж, мөн конвенцийн 16 зүйл бүрийн хэрэгжилтийг тайлагнажээ.
Товч мэдээ:
– “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус гэрээнд нэгдэх асуудлыг Засгийн газрын 2014 оны 2 дугаар 7-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөнөөр ийнхүү хуулийн төсөл боловсруулсан байна. Антарктидэд судалгаа хийж үр дүнгээ солилцох, харилцан чөлөөтэй ашиглах боломжийг гэрээнд нэгдсэн орнуудад олгодог. Тус тивийг судлах олон улсын судалгааны багт Монгол Улс 1972-1974 онд мэргэжилтнээ оролцуулснаас хойш манай судлаачид бусад улсын багийн бүрэлдэхүүнд орж ажиллаж ирсэн юм. Тиймээс энэ гэрээнд нэгдвэл хойд туйл руу өөрийн судалгааны багийг илгээх, судалгааны станцаа Антарктидэд байршуулах боломж нээгдэхээс гадна хүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх ач холбогдолтой. Одоогooр 50 улс уг гэрээнд нэгдэн ороод байна.
– Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Мөрдөх албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Өршөөл үзүүлэх тухай, Галт зэвсгийн тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эгүүлэн татахаар тогтлоо.
– Засгийн газрын 2007 оны 255 дугаар тогтоолоор баталсан "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралыг сайжруулах хөтөлбөр" болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлиг, Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд 2014 онд 32 ажил хэрэгжүүлсэн байна. Эдгээрээс үндэсний цөөнхийн эх хэлээрээ суралцах эрхийг баталгаажуулах зорилгоор шинэчлэн боловсруулж буй Тува хэлний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад үүрэг болголоо.
– О.Магнайг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, Т.Дуламдоржийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. ШӨХТГ-ын даргаар МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг, ОБЕГ-ын даргаар тус байгууллагын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Т.Бадралыг тус тус томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.