Кино урлагийн ертөнц дэх хамгийн том шагналуудын нэг “Оскар” тун удахгүй болох гэж байна. Тиймээс энэхүү наадмын түүхэнд өөр өөрийн гэсэн өвөрмөц дээд амжилтуудаар тэмдэглэгдэн үлдсэн онцлох хүмүүсийг тухай хүргэе.
Хамгийн олон “Оскар”-тай хүн
Оскарын түүхэнд хамгийн олон алтан хүн авсан хүн домогт Уолт Дисней. Тэрээр 1931-1939 оны хооронд 10 удаа “Оскар” хүртэж байсан ба карьерынхаа туршид нийт 22 алтан хүн авч байсан түүхтэй. Ингэхдээ бүр 1954 онд дөрвөн Оскар хүртсэн тохиолдол ч бий.
Хамгийн олон “Оскар” хүртсэн эмэгтэй
Эдит Хэйд бол Оскарын түүхэнд нэрээ мөнхөлсөн хүчирхэг эмэгтэй. Тэрээр хувцасны загвар гэсэн номинациар нийтдээ 8 Оскар хүртсэн юм. Түүний энэхүү амжилт Оскарын түүхэнд хамгийн дээд амжилт болон тэмдэглэгдэн үлджээ.
Хамгийн олон “Оскар” хүртсэн эмэгтэй жүжигчин
Кэтрин Хепберн Оскарын “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид 12 удаа нэр дэвшин 4 удаа ялж байжээ. Тэрээр 1932 оноос эхлэн кино урлагт гялалзсан амжилт үзүүлж эхэлсэн ба нийтдээ 60 жилийн турш өөрийн байр сууриа хадгалж чадсан чадварлаг жүжигчин хэмээн үнэлэгддэг байна.
Хамгийн олон “Оскар” хүртсэн найруулагч
Жон Форд Оскарын түүхэнд хамгийн олон алтан хүн хүртсэн найруулагчаар тэмдэглэгдэн үлджээ. Тэрээр 12 удаа Оскарт нэр дэвшсэнээс 1935, 1940, 1941, 1952 онуудад 4 удаа шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байсан юм.
20 удаа Оскарт нэр дэвшээд 1 ч удаа ялж байгаагүй хүн
Түүнийг үнэндээ азтай гэж хэлэхэд хэцүү бас азгүй гэхэд ч хэцүү хүн. Холливудын ертөнцөд дууны микс хийдгээрээ гаршсан Кевин О’Коннел нийтдээ 20 удаа Оскарын шагналд нэр дэвшсэн атлаа ганцыг нь ч өөрийн болгож чадаагүй юм. Тэрээр хамгийн анх 1983 онд “Terms of Endearment” хэмээх киноны ажлаараа Оскарт нэр дэвшиж байсан бол хамгийн сүүлд 2007 онд “Transformers” киногоор нэр дэвшжээ.
Хамгийн залуудаа Оскар авсан жүжигчин
Жүжигчин Tatum O'Neal 10-хан настай байхдаа “Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин” шагналыг 1973 онд хүртэж байжээ. Харин хамгийн залуудаа Оскарт нэр дэвшсэн жүжигчнээр Жастин Хенри нэрлэгддэг юм. Тэрээр 8 настай байхдаа “Kramer vs. Kramer” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн номинацид нэр дэвшиж байсан байна.
Хамгийн өндөр настайдаа “Оскар” хүртсэн найруулагч
Алдарт Клинт Ийствүүд 79 насандаа “Сая долларын бүсгүй” киногоороо “Шилдэг найруулагч” шагналыг эзэн болсон юм. Тэрээр нийтдээ 5 Оскар хүртэж байсан ба үүнээс 2 нь шилдэг найруулагчийн төрөлд хүртсэн юм.
Кинонд хамгийн бага харагдаад Оскар авсан жүжигчин
Английн жүжигчин Гермойн Бадделэйн “Room At the Top” кинонд тоглосон туслах дүрээрээ Оскарын шилдэг туслах дүрийн номинацийн эзэн болсон юм. Уг кинонд түүний бүтээсэн дүр нь ердөө хоёр минут 32 секунд л гардаг ч энэ богинохон хэмжээний жүжиглэлт нь түүнд Оскарт авчирчээ.
Гурвалсан шагналыг эзэн
Алдарт Билли Уайлдер 1960 онд “The Apartment” киногоор “Шилдэг зохиол”, Шилдэг найруулагч”, “Шилдэг продюссер” гэсэн гурван гол төрөлд нэр дэвшин гурвууланд нь ялж байжээ. Оскарын түүхэнд ийм гурвалсан шагналыг эзэн өөр тодорч байгаагүй юм.
Хамгийн олон удаа Оскарт нэр дэвшсэн эмэгтэй жүжигчин
Холливудын хамгийн хүндтэй жүжигчдийн нэг Мерил Стрип 18 дахь удаагаа Оскарын шагналд нэр дэвшиж, рекорд тогтоолоо. Тэрээр "August:Osage Country" киноны дүрээрээ шилдэг эмэгтэй гол дүрийн номинацад нэр дэвшсэн юм. 64 настай алдарт жүжигчин өмнө нь 17 удаа Оскарт нэр дэвшиж байснаас гурван удаад нь Алтан хүний шагналыг гардаж байсан билээ.
1979 онд "Крамер, Крамерын эсрэг" киноны туслах дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртэж байсан бол 1982 онд "Софигийн сонголт", 2011 онд "Төмөр хатагтай" киногоор шилдэг эмэгтэй дүрийн шагнал гардсан юм. Холливудынхан дунд түүн шиг ийм олон удаа Оскарт нэр дэвшсэн тохиолдол байхгүй.