Өчигдөр буюу нэгдүгээр сарын 7-нд 17.00 цагт “Тэнгис” кино театрт “Амьдрал нулимсанд дургүй” кино нээлтээ хийлээ. Нээлтэд киноны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Эл бүтээл нь “Дээд гэгээн Pictures” компанийн бүтээл бөгөөд киноны гол дүрд жүжигчин А.Туяа, дүрүүдэд Б.Батзаяа, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, Р.Баттогтох нарын уран бүтээлчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Ц.Энхцогт ажиллаж дууг нь дуучин н.Эгшиглэн дуулжээ. Нээлт бол хэвийн байдаг л нээлт. Уригдсан зочид суудлаа олж ядан арай гэж сууцгаана. Тэднийг судлаа эзлээд дуусахад бүх уран бүтээлчид тайзан дээр гарч өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан.
Даруухан, гэр бүлдээ хайртай нэгэн бүсгүй авааль нөхрөө ирэхийг шөнө дөл хүртэл хүлээнэ. Орой болсон хойно нөхөр нь гэртээ халамцуу орж ирдэг. Тэрээр “Ээжээс минь өөр хүн намайг хайрладаггүй. Миний охин хаана байна” гэж орилж эхлэнэ. Харин Юнжир бүсгүй нулимс дуслуулан харанхуй өрөөнд сууж охинтойгоо хоолойгоо засан утсаар ярина. Харин халамцуу нөхрийн авир дэндэж “Танай аав чинь сайд байсан л гэдэг чамд юу өгсөн юм. Чамд хоёр өрөө энэ хуучин байрыг л үлдээгээ биз дээ. Газар дээрх ганц ах чинь хүртэл чамайг ямар байгааг нэг ч удаа асууж байгаагүй биз дээ” гэсээр Юнжир бүсгүйн байгаа өрөөнд ороход Юнжирийн охинтойгоо ярьж буйг нөхөр нь буруу ойлгож “Олон хүнтэй самбаганадаг эмэгтэйг яадгийг харуулна” гэсээр гарч явдаг. Харин хэсэг хугацаа өнгөрч киноны өөр нэг хэсэг эхлэхэд Юнжир нөхрийгөө хурц мэсээр гэмтээсэн байх аж. Ингээд цагдаа нар ирж Юнжирийг байцааж хэлтэс рүү дагуулна. Ахмад цолтой цагдаа түүнийг байцааж “Танай нөхөр байнга архи уудаг байсан уу” гэж чанга дуугаар асуухад Юнжир “үгүй” гэж хариулна. Ерөнхийдөө цагдаагийн асуусан асуулт бүрт Юнжир үгүй гэж хариулсаар шоронд хоригдоход хүрнэ. Харин байцаалтын үеэр Юнжир бүсгүйн хадам ээж “Ганц үрийг минь” гэж хашгирсаар шоконд орсон хөөрхий бүсгүйг цүнхээрээ нэг сайн цохиж өгнө. Дахиж цохихийг хичээх ч ахмад түүнийг цохиулахгүй. Ингээд бүсгүй шоронд хоригдож найзынхаа дэмжлэг, хуучин найз залуугийнхаа мөнгөн туслалцаагаар батлан даалтанд гарна. Харин түүнийг шоронд байх хойгуур хадам ээж нь эцгийнх нь үлдээсэн хоёр өрөө байрыг авахыг хичээж хүүтэйгээ хэлэлцэх ч хүү “Ээжээ байрны тухай битгий ярь. Тэгээд ч би согтуу байсан. Хэрвээ тэр байрыг нь авчих юм бол Юнжир гадаа хононо шүү дээ. Дахиж байрны тухай битгий яриарай” гэдэг. Юнжир батлан даалтанд гарч хөөрхий бүсгүй гэртээ очтол хадам ээж хаалга онгойлгон бүсгүйг гэрт нь оруулалгүй хөөж гаргана. Хадам ээжийн увайгүй ааш бүсгүйг гудамжинд гаргахад бүсгүй өдөржин гадуур тэнүүчилсээр нэгдүгээр амаржих газрын хүлээн авахад унтаж, сайхан сэтгэлтэй сувилагч эмэгтэй түүнийг хооллож ундаална. Ингэж “Амьдрал нуламсанд дургүй” кино үргэлжилдэг.
Гол дүрийн эмэгтэй жүжигчин А.Туяа тоглосон. Угийн хурц зантай, эсвэл ааль муутай эмэгтэйн дүрийг бүтээдэг хошин урлагийн жүжигчин бүсгүй эелдэг, сайхан сэтгэлтэй, найз нөхөд цөөтэй сул дорой эмэгтэйн дүрийг бүтээсэн нь анхаарал татаж байлаа. Бараг л үг хэлэх шаардлагагүй дүр. Түүний хэлсэн текст “Үгүй, Би архи уудаггүй, хэний ч хүүхэд байсан бүгд л хүүхэд шүү дээ, би таныг гэрт чинь хүргээд өгье” гэх мэт цөөхөн үг хэлнэ. Харин нүүрний хувиралт, тоглолт их шаардсан дүр шиг санагдсан.
Туслах дүрүүдийн хувьд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, Т.Карма нар тус бүтээлд чухал үүрэг гүйцэтгэжээ. Хүн чанартай ахмад бол Ц.Төмөрхуяг, архинд донтсон хүүхдийн хулгайчийн дүрд Т.Карма, увайгүй хадам ээжийн дүрд Ж.Оюундарь тоглосон. Эдгээр дүрүүд гол дүрүүдээс илүү үүрэг хүлээсэн нь анзаарагдаж байлаа.
Зураг авалт их хөдөлгөөнтэй болсон байлаа. Хажууд маань сууж байсан үзэгч “Нүд өвдөөд ядраад байна. Хөдөлгөөнийг нь харж гүйцэхгүй юм” гэсээр дуу алдсан. Нээрээ ч зураг авалтын туршид зураглаач нилээд хөдөлгөөнтэй чичирхийлсэн зураг авалтыг хийсэн байлаа.
Э.ТЭКҮ