Монголбанк: Долларын ханш харьцангуй тогтвортой байгаа

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Монголбанк: Долларын ханш харьцангуй тогтвортой байгаа

Хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоожээ

Монголбанк: Долларын ханш харьцангуй тогтвортой байгаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2018.09.20/ хуралдаж бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Мөнгөний бодлогын хороо нь долоон гишүүнээс бүрддэг юм.  Мөнгөний бодлогын хороо нь жилд дөрвөөс доошгүй удаа хуралдаж, мөнгөний бодлогын шийдвэр гаргадаг.

ЭНЭ ТАЛААР МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:

-Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляц 2018 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд зургаан хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна. Инфляц дунд хугацаанд Төвбанкны зорилтод  найман хувиар тогтворжих төлөвтэй байна. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцын дарамт буурах төлөв ажиглагдаж байгаа ч эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн гаралтай инфляц алгуур сэргэж байна. Олон улсын зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт тэлж улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан Монголбанк 2018 оны өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдал гадаад эдийн засгийн байдлаас өндөр хамааралтай хэвээр байна. Тухайлбал, том гүрнүүдийн хооронд үүсээд байгаа гадаад худалдааны  хязгаарлалтын бодлогууд мөн зарим улсад хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал,америк долларын ханш бусад валютын эсрэг чангарч буй хандлага манай улсын импортын хэмжээ өндөр байгаа зэрэгтэй  холбоотойгоор төгрөгийн ханш сүүлийн улиралд суларлаа. Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах  энэ удаагийн шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд  тогтворжуулах зорилгод нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхжилийг дэмжинэ. Гэхдээ, Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ. Зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтлоо.

Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтлоо” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Долларын ханш тогтвортой бус байна гэдэг шүүмжлэл гарч байна. Бодлогын  хүүг 10 хувьд барьснаар цаашид ам.долларын ханш тогтвортой байх боломж бий юу? 

МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:

-Эдийн засгийн өнөөдрийн байдлаас харвал өөрчлөгдсөн зүйл байхгүй. Монголбанкны валютын нөөц хэвээр байгаа. Томоохон өр төлбөр төлөх эрэлт хэрэгцээ өнөөдөр алга. Дэлхий нийтэд АНУ-ын Засгийн газрын явуулж буй бодлого, том гүрнүүдийн хооронд явагдаж буй худалдааны сөргөлдөөнөөс болж ам.долларын ханш өсч бусад улсын мөнгөний ханш ам.долларын эсрэг суларч байгаа. Ялангуяа хөгжиж байгаа  орнуудын мөнгөний ханш ам.долларын эсрэг бараг гурав орчим хувиар суларсан байна. Жижиг улсуудын хувьд таваас илүү хувиар суларсан тухай мэдээлэл байна. Монгол Улсын хувьд  3.5 хувиар суларсан нь дэлхийн хандлагаас зөрсөн зүйл байхгүй. Хоёрдугаарт,  валютын нөөц хэвээр байгаа учраас ханшид огцом савлагаа үүснэ гэж Монголбанк үзэхгүй байна.

НӨӨЦИЙН УДИРДЛАГА, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ А.ЭНХЖИН:

-Валютын ханшийн өөрчлөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээрт, манай улсын эдийн засгийн идэвхжил, гадаад зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор валютын эргэлт нэмэгдсэн хандлага бий. Энэ оны хагас жилийн байдлаар эдийн засаг 6.3 хувиар өссөн бол импорт энэ оны наймдугаар сарын байдлаар өнгөрсөн онтой харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдийн засаг идэвхжих хэрээр гаднаас Монгол Улсын авч хэрэглэж буй импортын эрэлт нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан валютын эрэлт нэмэгдэж байгаа. Хоёрдугаарт, энэ оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр төлбөр, арилжааны банкуудын гаднаас авсан зээлийн төлбөрүүд бусад төрийн байгууллагуудын гаднаас авсан зээлийн төлбөрт их хэмжээний төлбөр хийгдсэн. Өнөөдрийн байдлаар харьцуулаад үзвэл, эдийн засгийн харьяат бусаас авсан гадаад зээлийн цэвэр дүн 140 сая ам.доллар. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 520 сая ам.доллар орчим буурсан үзүүлэлт юм. Нэг талаасаа манай улсын эдийн засаг идэвхжиж импортын хэрэгцээ өсч байгаа нь валютын эрэлтийг нэмэгдүүлж байна. Нөгөө талаасаа Монгол Улс гадаад зээлийн эргэн төлөлт хийгдэж байгаагаас шалтгаалан энэ оны эхний хагас жилийн байдлаар валютын хэрэгцээ нэмэгдсэн хандлага байгаа. Мөн гадаад орчны тодорхойгүй байдлууд ханшид нөлөөлж байна. АНУ-ын Төвбанк нь 0 хувьтай байсан бодлогын хүүгээ 2015 оноос хойш нийтдээ долоон удаа өсгөөд өнөөдрийн байдлаар  хоёр хувьд хүргэчхээд байгаа нь сүүлийн 10 жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн гэсэн үг. Үүнээс шалтгаалан хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах, АНУ руу хөрөнгийн урсгал эргэж орох хандлага ажиглагдаж байгаа. Энэ нь урсгал  зардлын алдагдалтай улс орнуудын хувьд урсгал дансаа санхүүжүүлэх хүндрэлтэй болсон нь мөнгөнийх нь ханш сулрах нөхцөл байдлууд ажиглагдаж байна.  Тухайлбал, зургаадугаар сард  ам.долларын эсрэг Туркийн лира л гэхэд 38 хувь, пессо 50 хувь, рубль 15 хувь, юань найм, вон таван хувь суларсан. Дэлхийн нийт 170 улсын 52 орных нь мөнгө ам.долларын эсрэг дөрөв хүртэл хувиар сулраад байна. Манай улсын хувьд урсгал данс алдагдалтай, импортоос их бараа авч байгаа, гадаад зээлийн эргэн төлөлт зэргийг аваад үзэхэд төгрөг ам.долларын эсрэг 3.4 хувь суларсан нь бусад улстай харьцуулахад муу үзүүлэлт биш гэж үзэж байна. Гадаад худалдааны орлого 860 сая ам.долларын ашигтай байгаа ч манай гол хэрэгцээ болох нефтийн үнэ 20 хувь өссөн. Нөгөө талаас Монголбанк ханшийн огцом хэлбэлзэл үүсэх, эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүссэн тохиолдолд тухайн бүрт нь валют нийлүүлэх үйл ажиллагаагаа хийсээр ирсэн. 2018 оны зургадугаар сараас хойш нийтдээ 390 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн байгаа. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд ам.долларын ханш манай улстай ижил төстэй  эдийн засагтай улс орнуудтай харьцуулахад  харьцангуй тогтвортой байгаа гэж бид үзэж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж