Азербайжан улсын Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Өнөөдөр эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-ийн барилдаан болно. Манай тамирчдаас Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин М.Уранцэцэг хүч үзэж, Монголын багийн тамирчдын салхийг хагална. Тэрээр энэ дэлхийн аваргын 48 кг-ийн чансааг тэргүүлж, А хэсгийг толгойлж байна. Мөн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Амартүвшин оролцох юм. Б. Амартүвшин дэлхийн чансааны 38-д эрэмбэлэгдэж байгаа юм. Олимпийн хүрэл медальт Казакстаны тамирчин Г. Отгонцэцэг мөн хүч үзнэ.
ГАВЪЯАТ М.УРАНЦЭЦЭГ ӨНӨӨДӨР БАРИЛДАНА
Дэлхийн аваргад хоёронтоо финалдаж нэг алт, нэг мөнгөн медаль хүртээд буй МУГТ М.Уранцэцэг эмэгтэй 48 кг-н жин тэргүүлэн барилдана. Олимпийн наадмаас бусад бүхий л тэмцээнд медаль хүртэж үзчихсэн туршлагатай манай гавъяат маань өнгөрсөн жилийн ДАШТ-ний финалд Японы Фуна Тонакид хөлдөө өхийлдүүлж базари алдаж хожигдон мөнгөн медаль хүртэж байсан. Дутуу байгаагүй гэдгийг гавъяат М.Уранцэцэг харуулсан. Гэхдээ энэ жил нөхцөл байдал арай өөр. Гавъяат М.Уранцэцэг, Казахстаны лигонер Г.Отгонцэцэг, Японы Ф.Тонаки, Оросын И.Долгова, Аргентины П.Парето нарын шилдгүүдийг “нурааж” болох нэгэн жүдочин байгаа нь Украйны 17-хон настай охин Д.Белодед юм. Хоёр талаасаа бөхийн удамтай Д.Белодед энэ жил оролцсон тэмцээн бүртээ түрүүлсэн. Ялангуяа Парис болон Дюссельдорфын их дуулгад түрүүлж “том”-чуудад амаргүй өрсөлдөгч гарч байгаагаа харуулсан. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад түүний Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 3-р тойрогт зогсоосон. Энэ жил хоёр жүдочин нэг хэсэгт багтсан бөгөөд хэсгийн аваргын төлөө барилдах магадлалтай байна. Залуу тамирчин Д.Белодед энэ жил форм сайтай байгаа бөгөөд Г.Отгонцэцэгтэй хоёр барилдахад хоюуланд нь ялаад байгаа. Иймд өрсөлдөөн тун ширүүн болно. Медалийн төлөөх өрсөлдөөн Монгол, Японы бүсгүйчүүд дээр нэмэгдээд Украйны 17 настай Д.Белодед нарын дунд өрнөж болох юм. Тэдэн дээр Оросын И.Долговаг нэмж болно. Харин өдгөө 32 настай олимпийн аварга Аргентины П.Парето медалийн төлөө гарч ирж чадахгүй л болов уу.
ГАВЪЯТУУДЫГ ГЭРТ НЬ ҮЛДЭЭСЭН Б.АМАРТҮВШИН
Хоёр гавъяатуудыг гэрт нь үлдээгээд Бакуд ирсэн жүдочин бол залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл медальт Б.Амартүвшин юм. Энэ оны долдугаар сард Тайванд болсон нээлттэй тэмцээнд хүрэл медаль хүртсэн Б.Амартүвшин анх удаагаа дэлхийн аваргад оролцож байна. Түүний жинд том “цол”-той бөхчүүдийг дурьдвал Риогийн олимпийн аварга, 2014 оны дэлхийн аваргын мөнгөтэй энэ жил Европын аваргаар хүрэл медаль хүртээд буй Оросын Б.Мудранов, Риогийн олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой алт, нэг хүрэлтэй Японы Н.Такато, дэлхийн аваргын хүрэлтэй Гүржийн А.Папинашвили, дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй Азербайжаны О.Сафаров, өнгөрсөн оны Европын аварга Оросын Р.Мшвидобазе, Европын аваргын хүрэлтэй Испанийн Ф.Гарригос болон Японы залуу тамирчин Р.Нагаяма нарыг нэрлэж болно.
Японы Р.Нагаяма 60 кг-н жинг тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Мастерс тэмцээнд Испанийн Ф.Гарригосыг, энэ оны Дюссельдорфын их дуулгад Оросын Р.Мшвидобазег, Будапештын гранприд А.Огузовыг хожиж түрүүлсэн. Ер нь оролцсон тэмцээн бүртээ түрүүлээд байгаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад манай Г.Болдбаатар гавъяатад хожигдож тэмцээнээ өндөрлүүлж байсан бол энэ жил медаль зулгаах, ялангуяа алтан медаль хүртэх зорилготой ирж байгаа. Мөн медаль горилогчдын нэг Японы Н.Такато өнгөрсөн оны сүүлийн Их Дуулга болох Токиод түрүүлээд энэ онд Европын нээлттэй тэмцээнд жин өгсөн алт, Загребын гранприд түрүүлсэн. Оросын Б.Мудранов энэ жил Европын аваргад хүрэл, Екатеринбургийн их дуулгад хүрэл медаль хүртсэн амжилттай байгаа бол түүний нутаг нэгт Р.Мшвидобазе Дюссельдорфт мөнгө, Будапштэд хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Бакуд ирээд байна. Тэгвэл медаль горилогчдын бас нэгэн төлөөлөгч Гүржийн М.Папинашвили энэ оны Тбилисийн гранприд мөнгө, Будапештэд хүрэл медаль хүртээд байгаа. Эдгээр тамирчдын дунд медалийн төлөөх өрсөлдөөн явагдах магадлал өндөр юм. Манай залуу тамирчин Б.Амартүвшин D хэсэгт орсон бөгөөд эхний өрсөлдөгч нь дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй Азербайжаны Орхан Сафаров ажээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ