Цаг агаар, орчны шинжилгээний газар болон Авто тээврийн үндэсний төвөөс орон нутгийн замд гарах гэж байгаа жолооч нарт сэрэмжлүүлж байна. Есдүгээр сарын 20-ны шөнө Завхан аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ихээхэн хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Мөн баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 20-22-нд нутгийн зүүн хагаст ихээхэн хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул нийт жолооч, зорчигч нарт сэрэмжлүүлж байна.
Харин есдүгээр сарын 21-н буюу маргааш өдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Тиймээс зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулж байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ