Шүдний өвчин нь 200 гаруй нэр төрлийн өвчний эх үүсвэр болдог. Гэтэл Монголын арван хүүхэд тутмын ес нь шүдний цооролтой байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд улсын болон хувийн шүдний эмнэлгүүд хүүхдийн шүдийг эмчилж, заавар зөвлөгөө өгч, төлбөрийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар төлөвлөж байгаа юм. Хэчнээн эмнэлгийг хөтөлбөрт хамруулах талаар Эрүүл мэндийн яамны Нүүр амны мэргэжлийн зөвлөлийн дарга, шүдний ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор профессор. Б.Амарсайханаас тодрууллаа.
-Хөтөлбөрт шүдний хэчнээн хувийн эмнэлгийг, хэрхэн хамруулах вэ?
-Өнөөдөр зургаа хүртэлх настай хүүхдийн 5-6 шүд цооролтой байгаа нь анхаарах ёстой асуудал болоод байгаа. Тиймээс “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Хүүхдийн шүдийг эрүүл байлгахын тулд урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол явуулах шаардлагатай. Хоёрт, эмчилнэ. Гуравт, шүдний цоорол үүсгэгч чихэрлэг зүйлийн хэрэглээг хязгаарлах, сүү цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх, шүдний эмчилгээ, үйлчилгээг хэрхэн сайжруулах зэрэг олон талт зүйлийг хэрхэн зохицуулах талаар бид өнөөдөр ярилцаж байна. Эрүүл мэндийн салбар тэр дундаа нүүр ам судлалын 80 гаруй хувь нь хувийн хэвшил. Тиймээс тэднийг хөтөлбөрт оролцуулах шаардлага тулгарч байгаа. Гэхдээ хувийн хэвшлийнхнийг хөтөлбөрт оролцуулах нь амаргүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг хөтөлбөрт хамруулах, урьдчилан сэргийлэх ажиллагаа, эмчилгээ зэргийг хэрхэн явуулах талаар өнөөдөр зөвлөлдөж байна. Анхны хэлэлцүүлэг тул асуултын хариултыг тодорхой хэлэх боломжгүй байна. Үүнийг тодорхой болгохоор зөвлөлдөж байна.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хамгаас чухал. Санхүүжилт найдвартай байж чадах уу?
-Засгийн газар санхүүжилтийг баталсан болохоор найдвартай гэж бодож байна. Тиймээс хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөтөлбөрт идэвхтэй оролцоно гэж найдаж байна.
Сонирхуулахад, хөтөлбөрийн дагуу 24 сартайгаас 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас /ЭМДС/ гаргах юм. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт зориулан 50 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд таван жил хэрэгжих тул жилд 10 тэрбум төгрөгийг уг хөтөлбөрт зарцуулах юм байна.
Түүнчлэн ЭМДС-ийн журам хангаж, шалгуурт тэнцэн хөтөлбөрт хамрагдсан хувийн болон улсын шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэсэн 24 сартайгаас 12 настай хүүхдийн төлбөрийг ЭМДС-гаас гаргах юм.
Холбоотой мэдээ