ОХУ-ын Батлан хамгаалах яам таван жил тутамд цэргийн сургуулилтыг өргөн хэмжээнд хийхээр төлөвлөж байгаа тухай судлаачид нь ярьж эхэлжээ. Үүнээс гадна, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин техник технологийн дэвшлийг ашигласан шинэ төрлийн зэр зэвсгийг зохион бүтээх нэн шаардлагатай байгаа тухай мэдэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар ОХУ нь дэлхийн хамгийн хүчирхэг армитай улсын жагсаалтын хоёрт бичигдэж байгаа аж. Үүний зэрэгцээ, тус улс сүүлийн жилүүдэд ямар их амжилтад хүрсэн гэдгээ харуулах зорилгоор өөрсдийн "бүтээлүүдээ" дэлхий дахинд танилцуулж эхэлжээ. Тодруулбал, ирэх аравдугаар сарын эхний хагаст Монгол-ОХУ-ын цэргийн хамтарсан “Сэлэнгэ – 2018” сургуулилт Буриадын Бурдуны талбайд болох гэж байна. Тус сургуулилтад хоёр талын мянга гаруй цэргүүд оролцох ажээ.
Энэ үеэр ОХУ “Солнцепек” – хүнд огнеметын систем /галаар шүршдэг их буу/-г дэлхий нийтэд анх удаа танилцуулах гэнэ.
ТОС-1А "Солнцепек" нь 2001 онд T-72 танкны явах эд анги дээр бүтээгдсэн бөгөөд 2018 оны тавдугаар сард Байгаль нуурын нутаг дэвсгэр, Буриадын Бүгд найрамдах улс, Амур мужийн цацраг, хими, биологийн хамгаалалтын цэргүүдийн тусгай ангид хүлээлгэн өгч, хүчийг нь гурван дахин нэмэгдүүлсэн байна.
Үүнээс гадна, хэдхэн хоногийн өмнө Буриадын Телемба цэргийн сургуулилтын талбайд өндөрлөсөн ОХУ-Монгол-БНХАУ-ын цэргийн хамтарсан сургуулилтын үеэр ч Орос шинэ зэвсгээ олон нийтэд ил болгосон ажээ.
Тус сургуулилтын үеэр ОХУ-ын цэргүүд “Үл үзэгдэгч пуужин” ашигласан тухай Агаарын цэргийн хүчний хурандаа Сергей Тихонов “Звезда” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр “цэргийн сургуулилтын даалгаварыг хэцүү болгох үүднээс сургуулитад ашигладаг энгийн пуужин ашиглахыг хүсээгүй. Цэргүүд энэ даалгаварыг 100 хувь гүйцэтгэж чадна гэдэгт итгэлгүй байна” гэв. Учир нь, сургуулилтад “Үл үзэгдэгч” технологийг ашигласан, радио дохиололд мэдэгдэхгүй пуужинг ашиглажээ. Энэ пуужин нь гадны ижил төстэй, алдартай пуужингаас хавь илүү, гэхдээ гурван улсын цэргүүд даалгаврыг даваад гарсанд баярлаж байгаагаа илэрхийлсэн байна.
ОХУ-ын орчин үеийн түүхэнд тооцогдох цэргийн хамгийн том сургуулилт “Восток-2018” сургуулилтад 3000 цэрэг, 1000 гаруй онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, 36 мянга хүртлэх танк, хуяг тээвэрлэгч, болон бусад машин, 80 хүртлэх усан онгоц оролцжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ