Ам.долларын ханш 2500 төгрөг “даваад” явчихлаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаа хүлээж авахад ам.долларын ханш 2043 төгрөг байсан. Засгийн газар бондоо төлсөн нь буруу юу. Мэдээж зөв, товчхондоо баатарлаг үйл явдал. Харин энэ “гавьяа” нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж эхлэх нь энэ үү.
Монголбанкны дэд ерөнхийлөгч хэлэхдээ “Ханш огцом савлаад хүндрэл учруулахаар байдалд ороогүй учраас бодлогын огцом өөрчлөлт гарахгүй байх” гэлээ. Тэгэхээр өнөөдөр хуралдах Мөнгөний бодлогын хорооны хурлаар ханшийн асуудлыг хэлэлцэх боловч бодлогын хүүг өөрчлөхгүй байх гэж түүний ярианаас ойлгов. Төв банк балансын алдагдлаар тайлбарлах гээд байх шиг. Тэр тусмаа таамаглаж байсанчлан Засгийн газрын зээлийн хүүгийн төлөлтүүдийг хийсэнтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь хэнд хамаатай юм бэ. Дэлхийн бараг бүх төв банк балансын алдагдалтай л байдаг юм билээ. Цаашдаа ч хүү төлнө. Тэр үед яах вэ. Ам.долларын ханш хэд хүрэх бол.
Харин одоо Монголбанкны Ерөнхийлөгчийн байр суурь сонин байна. Түүнд тавих асуултууд урган гарах боллоо. Тухайлбал, “Хэрэв ам.долларын ханш 2500 төгрөгөөс давсан нь огцом савлагаа биш бол яагаад тогтворжуулахгүй байгаа юм бэ. Хэзээ тогтворжуулах вэ”? Энэ нь түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.
“Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэдгээс гадна Төв банкны тухай хуулийн дөрөвдүгээрт заасан байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлэхдээ тус хуулийн 22 дугаар зүйлд зааснаар “Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн байна. Үүнийг “намар нь зах зээлд ихээр орж ирж байгаа валютыг худалдаж аваад, хавар нь валют хомсдох үеэр зах зээлд нийлүүлээд байх”-ыг хэлээд байна гэж ойлгодог. Төгрөгөөр, ам.доллараар зохицуулж төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг удирдах бүх эрх мэдэл Монголбанкинд бий.
Гэтэл Н.Баяртсайхан ажлаа аваад удаагүй байхдаа нэг жил зургаан сар орчим “хөдлөөгүй” тогтвортой байсан валютын ханшийг 500 төгрөгөөр “хөдөлгөсөн”. Үүний төлөө 2016 оны 10,11, 12 дугаар сард хийсэн интервенцийн 560 сая ам.доллар болсон. Валютын нөөцийг 1.3 тэрбум ам.доллар байхад хүлээж аваад 600 орчим саяыг нь гуравхан сарын дотор “гүвчихээд” ОУВС-гийн хөтөлбөрт ороход хүрсэн гээд бод доо.
Сануулахад, 2016 оны наймдугаар сарын 18-н Монголбанк мөнгөний бодлогын хүүг 4.5 пунктээр нэмж 15 хувь болгосон. “Долдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7.9 хувиар огцом суларсан учраас төгрөгийн ханшийг хамгаалах үүднээс бодлогын хүүг огцом нэмлээ” гэж шинэ удирдлагууд тайлбарлав. Монголбанкны ерөнхийлөгчийг томилсны маргааш буюу долдугаар сарын 22-нд 2048 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2330 төгрөг давав. Монголбанкны удирдлагын багийн 100 хоногт төгрөгтэй харьцах ам.долларын ханш бараг л 300 төгрөгөөр нэмэгдэж байв.
Тэр үед МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн багш, доктор Л.Оюун шүүмжлэлтэй хандаж байсан нь архивт үлджээ. Тэрбээр “Төгрөг, ам.долларын ханшийг зохицуулдаг нэг арга нь интервенц шүү дээ. Интервенц нь Ревальваци, Девальваци гэж хоёр хэлбэртэй байдаг. Ревальваци нь төгрөгийнхөө ханшийг зориудаар өндөр болгож, эсрэг талд нь ам.долларын ханшийг буулгах арга хэмжээ. Үүний гол хэрэгсэл нь зах зээлд ам.долларын нийлүүлэлтийг нэмдэг. Үр дүнд нь валютын нийлүүлэлт нэмэгдэж, үүнийгээ дагаад ханш нь буудаг. Энэ аргыг хэрэглэж байна л даа. Гэхдээ энэ арга нь дунд болон урт хугацаандаа үр дүн өгөхгүй” гэж байсан юм.
Тэрбээр “Монгол Улсад ам.доллар төгрөгтэй харьцах ханшийг тогтвортой байлгах бодлого баръя гэвэл өөр арга хэрэглэх хэрэгтэй. Ам. долларын нийлүүлэлтийг дотооддоо оруулж ирдэг ганц суваг нь экспортоо нэмэгдүүлэх. Түүнээс Монголбанк шиг зүгээр л зах зээлд ам.доллар нийлүүлээд ханшийг тогтворжуулна гэж байхгүй. Энэ түр зуурын гал унтраах л арга” гэсэн нь бодит үнэнтэй нүүр тулгарахад хүрэв. Гэвч “Өр дараад хэцүү байна” гэсэн шалтаг болон Монголбанкнаас “Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай АНУ-ын төв банк-Холбооны нөөцийн банк удаан хугацаанд бодлогын хүүгээ хэт бага түвшинд хадгалсаар саяхнаас өсгөж эхэлсэн ба жилийн дотор 0.75 хувиар бодлогын хүүг чангаруулсан нь өдгөө хоёр хувьд хүргээд байна. Ингэснээр ам.долларын ханш 2.94 хувиар чангараад байгаа. Цаашлаад гадаад хүчин зүйлд олон улсад өрнөөд байгаа дэлхийн худалдааны маргаан, тарифын асуудал, БНХАУ юанийн ханш олон улсын зах зээлд бага зэрэг сулраад байгаа зэрэг нь бүгд манай төгрөгийн ханшид нөлөөлж байгаа” хэмээн тайлбарласан нь Монголын эдийн засагт одоогоор үр дүнгээ өгнө гэж үү. Харин хамтдаа “өр дарсан” гэж мэдэгддэг шигээ хамтдаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын бараагаа бууруулах, үүний тулд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Яагаад бид валютын хангалттай нөөцтэй мөртлөө эцсийн бүтээгдэхүүнээ өртөг өндөртэйгээр авсаар байна вэ гэдгээс хариултаа олох учиртай.
Статистик дүн мэдээгээс илүүгээр итгэж найдахын тулд Монголбанкны ерөнхийлөгчөөс дахин асууя. “Ам.долларын ханшийн савлагаа түр зуурынх гэдэгт итгэж болох уу. Түр зуурынх мөн бол хэзээ 2500 төгрөгөөс буурах вэ”? Хэрэв буурахгүй бол та юу хийх гэж байна.
Ц.ОРХОН
Холбоотой мэдээ