Уналтад орсон Каролина Харрикейнз баг сэргэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Уналтад орсон Каролина Харрикейнз баг сэргэх үү?

Уналтад орсон Каролина Харрикейнз баг сэргэх үү?

Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн уналтанд ороод буй багуудын нэг бол Каролина Харрикейнз баг юм. Баг Коннектикут мужаас Умард Каролина муж руу нүүж, Хартфорд Уэйлерс нэрээ Каролина Харрикейнз нэрээр солисноос хойш 21 улирлыг ҮХЛ-т өнгөрүүлэхдээ хоёр удаа бүсийн аварга болж нэг удаа стэнлийн цомыг өргөсөн. 2006 онд П.Лавиолеттигийн удирдлага дор стэнлийн цомыг хүртэж байсан Каролина Харрикейнз баг сүүлийн 9 улирал плэй-оффын гадна үлдсэн. Энэ хугацаанд дөрвөн ч удаа дасгалжуулагчаа солилоо. Өнгөрсөн улиралд Каролина Харрикейнз баг 36 хожил авч 83 оноотой улирлыг өндөрлүүлсэн. Ер нь Каролина Харрикейнз баг ерөнхий менежер Ж.Резерфордыг 2014 онд ажлаа хүлээлгэж өгснөөс хойш амжилт үзүүлж чадахгүй байгаа бол Ж.Резерфордын очсон Питтсбург Пингвинс баг маш амжилттай байгаа. Каролина Харрикейнз баг энэ зун багийн менежментийн түвшинд дасгалжуулагч, менежерээ хоёуланг нь өөрчилсөн. Багийнхаа дасгалжуулагчаар 2006 оны стэнлийн цом хүртсэн багийн ахлагч Р.Бриндаморыг томилоод байна. Багийн түүхэнд тодоор бичигдсэн Р.Бриндамор хүчин зүтгэж, туг нь болж явсан багаа босгож ирэх том даалгаварыг хүлээн авлаа.

  • Багаас явсан тоглогчид: хамгаалагч Н.Ханифин, довтлогч Э.Линдхольм хоюулаа Калгари Флаймз руу, довтлогч Ж.Скиннер Баффало Сэйбрес рүү, хаалгач К.Уорд Чикаго Блэйкхаукс руу чөлөөт агентаар, довтлогч Д.Райан Калгари Флаймз руу, довтлогч Ю.Нордстрем Бостон Брюинс руу
  • Багт ирсэн тоглогчид: хамгаалагч Д.Хэмилтон, довтлогч М.Ферланд хоюулаа Калгари Флаймзаас, хамгаалагч Калвин де Хаан Нью-Йорк Айландерсаас чөлөөт агент, хаалгач П.Мразек Филадельфиа Флайерсаас чөлөөт агент

Каролина Харрикейнз баг Калгари Флаймз багтай 4-5 тоглогчийн солилцоог хийсэн. Залуу тоглогчдыг дунд нь солилцсон бөгөөд аль нь хожсон гэдгийг ирэх улирал л харуулах байх. Ер нь энэ зуны солилцоо Каролина Харрикейнз багийн хүчийг бага зэрэг сулруулсан байх магадлалтай. Учир нь Калгари руу явсан залуус бол 2013, 2015 оны драфтын тавдугаар сонголтууд бөгөөд өсөх ирээдүйтэй тоглогчид байсан бол Баффало руу явсан Ж.Скиннер багийн шилдэг тоглогч байсан. Гэхдээ Ж.Скиннерийг явуулсан нь ирээдүйн драфтын төлөөх солилцоо байсныг онцлох ёстой. Тэгвэл Каролина Харрикейнз  багт 13 жил хүчин зүтгэж стэнлийн цом хүртэж байсан хаалгач К.Уордын гэрээг сунгалгүй байсаар Чикаго Блэйкхаукс руу явуулсан. Түүний оронд Детройт болон Филадельфиад тогтмол гараанд гарч чадаагүй Чех хаалгач П.Мразекыг чөлөөт агентаас авсан нь тун хачирхалтай сонголт байсан. Одоогийн байдлаар хийгдээд буй солилцоонуудаас хамгаалагч де Хаан л боломжийн байж болох талтай. Өнгөрсөн улирал бэртлийн улмаас улирлын хагасыг талбайн гадна өнгөрүүлсэн Канад хамгаалагч багтайгаа хэрхэн хурдан уусаж дасан зохицохыг харах л үлдэж байна.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I ЛАЙН:

В.Жюков – С.Ахо – А.Севчников

Я.Славин – Д.Хэмилтон

II ЛАЙН:

М.Ферланд – Ж.Стаал – Т.Терявяйнен

Де Хаан – Ж.Фолк

III ЛАЙН:

В.Фоэгле – М.Некас – Ж.Уилльямс

Х.Флюри – Б.Песче

Өнөөгийн Каролина Харрикейнз багт ирээдүйтэй залуу тоглогчид байгаа нь сайн зүйл юм. Финланд тоглогч С.Ахо сүүлийн хоёр улирал маш сайн формтой байгаа. Мөн энэ жилийн драфтын номер хоёр А.Севчников хэмээх авъяаслаг залуу тоглогч бий. Баг нь түүнийг драфтаар аваад гурван жилийн 10 сая ам.долларын гэрээг байгуулаад байгаа нь түүнд итгэх итгэл, хүлээлт ямар байгааг харуулж байгаа болов уу. Энэ багт 30 ба түүнээс дээш насны тоглогч ердөө хоёр бий. Ж.Уилльямс өдгөө 36 настай бол Ж.Стаал 30 хүрч байна. Ойрын хоёр жилдээ үгүй гэхэд түүнээс цаашхи жилүүдэд плэй-оффт шалгарах магадлалтай баг бүрдэж байна. Энэ зуны солилцоог харахад ч ирээдүйг харсан шилжилтүүд байсан. Харин тэр хүрэх гээд байгаа ирээдүй рүү дасгалжуулагч Р.Бриндамор хүргэж чадах болов уу? Тамирчин ахуйдаа шилдэг байсан Р.Бриндаморын хувьд анх удаагаа ҮХЛ-т баг дасгалжуулах гэж байна. Магадгүй Р.Бриндаморын ҮХЛ дэх дебьют улирал амжилттай болж, С.Ахо-А.Севчников гэсэн шилдэг хослолтой баг болохыг ч үгүйсгэхгүй юм. Энэ жилдээ плэй-оффт шалгарсан байхад гайхах зүйлгүй байх.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж