АНУ, Монголын харилцаа шинэ түвшинд гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

АНУ, Монголын харилцаа шинэ түвшинд гарлаа

АНУ, Монголын харилцаа шинэ түвшинд гарлаа

News агентлагийн сэтгүүлч, редактор Ж.Нямсүрэн Вашингтоноос мэдээлж байна.


Цагаан ордны урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийхээр мордсон Монгол Улсын Ерөнхий сайдын айчлал улс төр, эдийн засгийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. Сүүлийн жилүүдэд Монголын төр засгийн томчуудаас АНУ-д албан ёсны айлчлал хийсэн хүн байхгүй бөгөөд эрх чөлөөний оронд айлчилж байгаа У.Хүрэлсүх америкчуудтай ямар хэлэлцээ хийж, юутай ирэхийг нь сонирхогчид хийгээд сонжигчид олон бий. Учир нь 2014 онд шийдвэр нь гарсан, Мянганы сорилтын сантай хийх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн компакт гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй айлчлалын үеэр болох юм.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн АНУ-д хийж буй  айлчлал Вашингтоноос эхэлж, урилга илгээсэн Цагаан ордны дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй хэлэлцээ хийлээ. Арван дөрвөн жилийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди АНУ-д айлчлах үеэр хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоож байсан бол энэ удаад харилцааны шинэ төвшинд гар барилцлаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын хүрээнд шийдэгдэх хэд хэдэн чухал асуудлын нэг нь хоёр улс өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаанд гарын үсэг зурсан явдал байв. Ингэснээр эдийн засгийн хамтын харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах,  байгаль орчныг хамгаалах, эрүүл мэндийн дэд бүтцийг сайжруулах, жижиг дунд болон ашгийн бус соёлын солилцоог нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад АНУ-аас тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болж байна.

Уулзалт нөхөрсөг, дотно хүрээнд өрнөсөн бөгөөд АНУ-ын дэд ерөнхийлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад айлчлахыг урьсан юм.  Ноён дэд ерөнхийлөгч Майк Пэнс Ерөнхий сайдын урилгыг урилгахан хүлээн авч, Монголд аль хэдийн очихоор төлөвлөж байгаагаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй харли девидсон унахаар бэлтгэсэн малгайгаа харуулж сонирхуулсан юм.  Энэ үеэр Монголын Засгийн газраас АНУ-ын Зүүн өмнөд нутгийн зарим муж байгалийн гамшигт өртөж, Флоренс хар шуурганд багагүй хохирол амсч байгаа тул 100 мянган ам.долларын үнэ бүхий тэмээний ноосон хөнжлийг туслалцаа болгон өгч байгаагаа дуулгасан юм.  Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг үг байдаг. Монгол Улс үргэлж “гуйлга” гуйдаггүй гэдгээ харуулж, зовсон үед нь чадах чинээгээрээ америкчуудад тусалж, далимд нь  үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг хийж байна гэсэн үг.

Ингээд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас АНУ-Монголын харилцааны шинэ төвшингийн талаар байр суурийг нь сонирхсон юм.

-АНУ-Монголын харилцаа шинэ төвшинд гарч байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлал эхэлж байна. Айлчлалын хүрээнд АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр шийдэгдсэн хамгийн чухал асуудал нь хоёр улс өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжсэн явдал. Үүнээс өмнө АНУ-Монгол хоёр иж бүрэн түншлэлийн харилцаатай байсан. Энэ нь  харилцаагаа шат ахиулж байгаа хэрэг юм. Шат ахисан харилцааны хүрээнд нэгд, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимжүүлнэ. Эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураг гээд тусгай бичиг гарна. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны харилцааг эрчимжүүлэхээс гадна соёл, хүмүүнлэг  боловсролын чиглэлийн хамтын ажиллагаанд мөн түлхүү анхаарал хандуулна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, өнөөгийн төвшнөөс илүү харилцаанд хүрэхийн тулд хоёр талаасаа анхаарч ажиллахаар болж байна.

 -Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд шийдэгдэх нэг асуудал нь Мянганы сорилын сангаас олгох буцалтгүй тусламж байгаа?

-Олон жил яригдсан чухал асуудал өнөөдөр шийдэгдэж байна. Буцалтгүй тусламжийн хүрээнд МСС-гаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно. Уг мөнгөөр Улаанбаатар хотын усны асуудлыг шийднэ.  Компакт гэрээний хүрээнд усыг цэвэршүүлж саарал ус гаргаж аваад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах техник, технологи нэвтрүүлнэ. Монгол Улс өнөөдрийг хүртэл байгаль орчинд халтай, цэвэр усандаа хайр гамгүй хандаж ирсэн.  Тиймээс хэрэглэсэн усаа эргээд ашиглах шинэ технологи Монголд орж ирснээрээ эдийн засгийн хувьд болон экологийн асар их ач холбогдолтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж