Ц.Нацагдорж: ДЦС-4-ийн осол зөвхөн нэг хүний алдаа биш

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Ц.Нацагдорж: ДЦС-4-ийн осол зөвхөн нэг хүний алдаа биш

 

Монгол Улсын зөвлөх инженер, эрчим хүчний аудитор Ц.Нацагдоржтой ДЦС-4-т гарсан гэмтэл болон эрчим хүчний салбарын асуудлаар ярилцлаа.


-Өнгөрөгч амралтын өдөр ДЦС-4-т гарсан гэмтэл иргэдийг нэлээд сандаргалаа.  Азаар урин цаг байлаа. Гэхдээ энэ удаагийн гэмтэл анхных  биш. Өмнө нь  2006, 2015 онуудад ч бас тэг зогсолт хийж байсан гэдэг. Энэ үед та ажиллаж байсан шүү дээ. Тухайн үеийн гэмтлийн талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 15-ны өглөө 09.54 цагт Монгол Улсын хамгийн том хүчин чадалтай Дулааны IV цахилгаан станцад аваар гарч, бүрэн зогссон. Хамгийн их ачааллыг үүрч байсан станц зогсоход бусад станцууд ачааллаа дийлэхгүй мөн аваарын байдлаар зогсдог. Ингэснээр Төвийн бүсийн эрчим хүчний систем аваарын байдалд орж нийслэл хот болон хэд хэдэн аймаг цахилгаангүй болсон. Энэ удаагийн аваар “ДЦС-4” ТӨХК-ийн хувьд анхных биш, 2006 оны тавдугаар сарын 16-нд мөн 2015 оны тавдугаар сарын 24-нд  бүрэн зогсож байсан. Энэ гурван аваар хоорондоо төстэй, 220кВ (киловольт)-ын Ил Хуваарилах байгууламжид газардлага, гэмтэл гарсантай холбоотой хамгаалалт ажиллаж 220 кВ-ын “систем шин” хүчдэлгүй болж, гадагш хэрэглэгч рүү болон дотогшоо станцын дотоод хэрэгцээнд өгдөг бүх өндөр хүчдэлийн, цахилгааны шугамууд таслагддаг. Ингэснээр хэрэглэгчгүй таслагдсан турбогенераторууд, зуухнууд мөн аваарын байдлаар зогсдог. Тэг зогсолт гэдэг нь станц өөрөөсөө ямарч цахилгаан гаргахгүй, өөрөө бие даан сэргэх боломжгүй болсон нөхцөл байдлыг хэлдэг. Тэг зогсолтыг  сэргээхдээ ОХУ-с цахилгаан авч сэргээсэн гэж ойлгож болно.  Тухайн үед үндсэн тоноглолууд эвдрэх, гэмтэх магадлал маш өндөр байдаг. Энэ удаагийн зогсолтын хувьд турбогенератор-2, 3-ын холхивчууд гэмтсэн. Гэмтлийг засварлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ нь шууд хохирол болно. Харин шууд бус хохирлыг тооцохдоо нийт хэрэглэгчдэд ямар хохирол гарсныг тооцож байж гаргана.

-Энэ удаагийн гэмтэл нэг хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг салбарын сайд нь тодотгосон. Бүхэл бүтэн эрчим хүчний  үйл ажиллагаатай  нэг хүн шууд харьцдаг гэж ойлгогдохоор байгаа юм л даа. Үүний цаана мэдээж хяналт шалгалт давхар бий биз дээ?

-Цахилгаан станц нь маш нарийн нийлмэл байгууламж юм. Станцыг маш том мэргэшсэн баг хамт олон удирдаж явуулдаг. Мэдээж сэлгэн залгалт хийхэд олон давхар хяналт тавигддаг. Сэлгэн залгалтын бланкийг  үйлдэл бүрээр нь хянадаг. Сэлгэн залгалтын бланк нь нийлмэл цахилгаан байгууламжийг засварт гаргах, засвараас ажиллагаанд оруулахад хийгдэх үйлдлүүдийн дэс дарааллыг тогтоож өгдөг бичгээр үйлддэг баримт бичиг юм. Ил хуваарилах байгууламжийг засварт гаргах, ажилд оруулах ажиллагаа сэлгэн залгалтын бланкийн дагуу хийгддэг. Сэлгэн залгалтын бланкаар ажиллахдаа хийх гэж байгаа үйлдлээ нягтлан зөв эсэхийг нягталсны дараа үйлдлээ гүйцэтгэдэг, мөн үйлдэл хийж байгаа хүн болон хяналт тавьж байгаа хүн хамт хянадаг. Нийлмэл цахилгаан байгууламжид (220 кВ-ын Ил хуваарилах байгууламж-4)-д сэлгэн залгалт хийхдээ тухайн сэлгэн залгалт хийх чадварыг эзэмшсэн хоёроос доошгүй хүн сэлгэн залгалт хийх ба дээд албан тушаалтан нь үйлдэл бүрт хяналт тавих үүрэгтэй байдаг. Бланкийг цахилгаан цехийн ашиглалтын инженер, цехийн дарга, лабораторийн эрхлэгч нар хянаж баталгаажуулсан байдаг. Мөн ил хуваарилах байгууламжийг засварт гаргахдаа захиалга бичиж түүнийг техникийн дээд удирдлагууд зөвшөөрөл өгдөг. Шуурхай ажиллагааны үед цахилгаан цехийн ээлжийн дарга, станцын ээлжийн инженер, Диспетчерийн үндэсний төвийн диспетчер хянаж зөвшөөрөл өгдөг. Иймээс энэхүү алдаа нь зөвхөн нэг хүний алдаа биш юм.  Харин сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ нийт багийн алдаа эцэст нь хэн нэгэн ажилтан дээр очиж илэрдэг гэсэн санаа байгаа байх гэж ойлгосон.

-Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг сэлгэн залгалтын бланк алдаатай байснаас үүдсэн гэдэг тайлбарыг өгсөн?

-Сэлгэн залгалтын бланк алдаатай байсан гэдэгтэй санал нийлж байна. Тухайн үед типовой (загвар) бланкаар сэлгэн залгалт хийсэн. Типовой бланк нь ил хуваарилах байгууламж хэвийн схемтэй байхад тооцоологдож хийгдсэн байдаг. Харин тухайн үед схемд өөрчлөлт орсон байсныг тооцохгүйгээр типовой бланкийг ашигласан нь алдаа юм. Нийлмэл цахилгааны схемд тухай бүр нь өөрчлөлт орсон бол залгагдсан, таслагдсан эсвэл газардуулга тавигдсан эсэхийг тэмдэглэдэг.

-Тус ослоор эрчим хүчний аюул ойрхон ирснийг бидэнд санууллаа.  30-50 жил болсон станцуудын техник, хүчин чадал нь муудсаныг илтгэж байна гэж ойлгож болох уу?

-“ДЦС-4” ТӨХК 35 жил, “ДЦС-3” ТӨХК 50 жилийнхээ ойг энэ онд тэмдэглэсэн. Станцууд хуучирч байгаа нь үнэн. Ялангуяа үндсэн тоноглолууд ихээхэн хуучирсан. Тийм ч учраас ОХУ-тай гэрээ байгуулан “ДЦС-4” ТӨХК-ийн эхний дөрвөн турбоагрегатыг шинэчлэх ажлыг эхлүүлж байна. Шинэчлэхээр төлөвлөгөөний дагуу энэ онд нэг турбоагрегатын шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн боловч энэхүү аваартай холбоотой түр саатал гарлаа.

Цахилгааны тэг зогсолт хэр хэмжээний  хохирол учруулах вэ?

– Орчин үеийн амьдралыг цахилгаангүйгээр төсөөлөх боломжгүй. Бүрэн хохирлыг гаргах боломжгүй. Станцын шууд хохирлыг гаргаж болно. Энэ хохирлыг аваарын актад тодорхойлж гаргадаг. Хэрвээ өвлийн улирал байсан бол хот тэр чигээрээ хөлдөх аюултай. Энэ удаа цаг агаар дулаахан байсан тул хохирол арай бага учруулсан гэж ойлгож болно. Гэхдээ хотын бүх гэрлэн дохиолол ажилгүй болж машины түгжрэл дээд цэгтээ хүрсэн. Эрдэнэт үйлдвэр болон бусад томоохон үйлдвэрүүд зогссон. Хотын орон сууцны халаалт тавих өдөр давхцсан, халаалт тавих асуудал тодорхой хугацаагаар саатсан. Эмнэлэг, сургууль, орон сууцнууд цахилгаангүй болсон. Энэ бүгдийг нарийн тооцох боломжгүй.  Амьдрал үргэлжилж байгаа тул олон хүн, байгууллагыг хохироосон байж таарна.

-Хэвийн горимд шилжихэд хэдий хэр хугацаа зарцуулагдах вэ?

-Дулааны цахилгаан станцын нэгэн дутагдалтай тал нь маневрлэхэд удаан, аваараар зогсох үед нь аль болох тоноглолуудыг гэмтээхгүйгээр таслалт хийх, схемийг задлах (цахилгаангүй болсон учраас маш олон том хаалтуудыг гараар хаах, шугам хоолойг юүлэх) зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэдэг. Хамгийн эрсдэл ихтэй гэмтэх магадлал өндөртэй тоноглол нь турбинууд байдаг. Тогтмол гүйдлийн тосолгоо болон генераторын нягтруулгын насосуудыг тэжээдэг аккумляторын батерейнууд сууснаар турбины тосолгоонд болон генераторын нягтруулганд тос шахах боломжгүй болдог нь турбиныг гэмтээх үндсэн шалтгаан юм.  ДЦС-4-н генераторуудыг устөрөгчөөр хөргөж байдаг ба нягтруулгын насосууд зогссоноор устөрөгч гадагш алдагдах аюултай, ил гал гаргасан тохиолдолд дэлбэрэх аюулд хүргэдэг. ДЦС-4-ийг тэг зогсолтоос сэргээхийн тулд ОХУ-аас цахилгаан авч явуулах ажиллагааг эхлүүлдэг. Зогссоны дараа  5600С температуртай байсан зуух, турбинууд, шугам хоолойнууд хөрсөн байдаг тул жигд гэмтээхгүй халаах ажиллагааг технологийн дарааллын дагуу  гүйцэтгэдэг. Энэ бүх үйлдлийг бүгдийг энд дурдах боломжгүй. Тэг зогссон ДЦС-г сэргээхэд хамгийн багадаа 4-5 цаг зарцуулдаг. Харин бүрэн сэргээхэд түүнээс олон цаг зарцуулна.

-Багануурын цахилгаан станц баригдвал Монголын цахилгааны асуудал шийдэгдэнэ гэж үзсэн ч Ц.Даваасүрэн сайдын хувьд үүнийг эрс эсэргүүцдэг.  Таны хувьд Багануурын цахилгаан станцын үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?

-Багануурт 700мВт (мегаватт)-н дулааны цахилгаан станц барих асуудлыг эхлүүлсэн боловч мэргэжлийн хүмүүсийн зүгээс шүүмжлэлд өртсөн. Миний бие ч мөн шүүмжилсэн. Мэргэжилтнүүдийн шүүмжилсэн гол шалтгаан нь нэгж агрегат (блок)-ын хүчин чадлыг буруу сонгосон, концессын гэрээгээр Монголын талд маш хүнд ачаа үүрүүлэхээр байсан. Тэнд 350мВт-ын хоёр блок суурилуулна гэсэн. 350мВт-ын нэг блок зогсоход бусад зэрэгцээ ажиллаж байгаа станцуудыг татаж унагах эрсдэлтэй байсан.  Энэ нь ДЦС-4–н аваарын зогсолтоор ТЭЦ-3-ыг татаж унагасантай адилхан үйл явц давтагдана гэсэн үг. Үүнийг бид шүүмжилсэн. Багануурт ДЦС барихдаа нэгж блокын хүчин чадлыг зөв сонгох, хөрөнгийн эх үүсвэрийг зөв тодорхойлж, Монголчуудад аль болох хүнд ачаа үүрүүлэхгүйгээр зохион байгуулбал дэмжигдэнэ.

-Хэрвээ усан цахилгаан станцтай байсан бол ийм асуудал гарлаа гэхэд нэг кноп дараад л асуудлыг шийдэх байлаа гэж Ц.Даваасүрэн сайд хэлсэн. Ер нь усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц хоёрын ялгааг та тайлбарлаж өгнө үү?

-Эрчим хүчний систем нь найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж байх ёстой.  Гэвч манай эрчим хүчний систем маш эмзэг, зөвхөн ДЦС-уудаас бүрдсэн, найдвар муутай систем юм. Бие даасан эрчим хүчний системд хамгийн том хүчин чадлын агрегатаас багагүй хүчин чадал бүхий усан цахилгаан станц байдаг. Усан цахилгаан станц нь маневрлах чадвар өндөртэй, зогсож байсан усан генератор бүрэн чадлаа авахад дөрвөн минут зарцуулдаг. Ийм чадлын усан цахилгаан станц барьж байгуулах асуудлыг маш олон жил ярьсан боловч хэрэгжихгүй байсаар байна. Нарны станц, салхин парк зэрэг сэргээгдэх эрчим хүчийг барьж байгуулах нь зүйтэй. Гэвч тэдгээрийг удирдахад байгалиас хамааралтай, аваар саатлын үед системийн тохируулгыг хийхэд ашиглах боломж багатай. Усан цэнэгт станцыг барьж байгуулж болно, гэхдээ усан цэнэгт цахилгаан станцыг том хүчин чадалтай байгуулж чаддаггүй. Монголын хувьд эхний ээлжинд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС-г барьж байгуулах асуудал хамгийн чухал. Мөн том хүчин чадлын дулааны станцуудыг уурхай дээр нь барьж байгуулах нь зүйтэй. Гэхдээ нэгж агрегатын чадлыг зөв сонгох шаардлагатай.

-Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний  маш олон төсөл яригдсан ч ажил хэрэг болж огт урагшлалгүй байсаар өнөөг хүрлээ.  Төслүүд хөдлөхгүй гацаж байгаа шалтгаан нь юу вэ?

-Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос нийтдээ 60 гаруй станц барьж байгуулах тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. Энд нар, салхи, дулааны, усан цэнэгт, усан цахилгаан станцуудыг барих тусгай зөвшөөрлүүд бий. Гол шалтгаан нь хөрөнгө оруулалтын асуудал шийдэгддэггүй. Ач холбогдлоор нь барьж байгуулах дараалал тогтоогоогүй. Хэн нэгэн эрх мэдэлтэй этгээд тусгай зөвшөөрлийг халаасалчихсан явж байна. Тэд барьж байгуулахгүй, тэд зөвхөн маш их ашиг олох зорилготой. Мөн концессын гэрээ гэдэг зүйл рүү маш их хошуурлаа. Энэ нь тэдэнд ашигтай байж болох ч ард түмэнд ашиггүй, дарамт болох эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн зүгээс дэмжлэг авч чаддаггүй.

-Өнөөдөр эрчим хүчний салбарын бодлого хэр зохистой явж байна вэ?

 

-Эрчим хүчний салбарын бодлого алдагдсан гэдэгтэй хүмүүс санал нийлдэг. Боловсон хүчний бодлого алдагдсан, байгууллагуудын толгой нь данхайж дарга нар олонтой болсон, мэргэжлийн хувьд шигшиж дэвшүүлдэг, хариуцлага үүрүүлдэг асуудал байхгүй болсон. Намын харьяалал боловсон хүчний томилгоонд маш хүчтэй нөлөөлж байна. Энэ асуудал салбарын байгууллагуудад болон удирдах дээд байгууллагуудад бүгдэд нь хамааралтай. Хэрвээ томилгоогоор ирж байгаа албан тушаалтнууд чадвартай, мэргэжлийн байх юм бол асуудал байхгүй.  ДЦС-4-д ажиллаж байгаа хамт олон муу биш, бэлтгэгдсэн чадварлаг жирийн инженер, ажилчид олон бий. Тэднийг мэргэжлийн чадвараар нь шилэх, сонгох, дэвшүүлэх асуудал учир дутагдалтай байна.

-Энэ өвөл, цаашид бид тэг зогсолт хийхгүй, хөлдөхгүй өвөлжих боломж бий юу?

-Дахин эрсдэл гарах магадлал маш өндөр байна. ДЦС-4 нь хонины ганц морь мэт зүтгэж байна. Цахилгааны 73 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг хангаж байна. Ганц станцад үндсэндээ сэлгээ байхгүй учраас засвар үйлчилгээгээ бүрэн хийх боломжгүй, цаггүй болсон. Эхний ээлжинд ДЦС-4-тэй ойролцоо чадалтай станцыг маш яаралтай барих шаардлагатай.

 -Хамгийн чухал салбар болох эрчим хүчний салбарыг мэргэжлийн хүмүүс удирддаггүй гэдэг шүүмжлэл гардаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Тендер, хангамж, мөнгө санхүүтэй холбоотой албан тушаалтнууд дээрээс томилогддог.

-Шинэ дулааны цахилгаан станц барьснаас хуучин станцуудынхаа хүч чадлыг нэмсэн нь дээр гэж хэлэх ч хүмүүс бий. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлнэ үү?

-Үүнтэй би бүрэн санал нийлэхгүй. Шинэ станц барьж байгуулах нь илүү үр ашигтай. Шинэ техник, технологи түлхүү нэвтэрнэ. ДЦС-ын параметр (уур, усны даралт, температур) өндөр байх тусам үр ашиг нь илүү өндөр байдаг. Энэ нь түлшний хувийн зарцуулалтыг бууруулж байгаль орчинд сөрөг нөлөөллийг багасгана. ДЦС-3 нь дунд болон өндөр даралтын (90-100 ата) параметртэй станц юм. ДЦС-3-ыг ДЦС-4 –тэй харьцуулахад параметр бага, үр ашиг муутай. Энэ станцыг өргөтгөхтэй санал нийлэхгүй. Мөн Амгалангийн дулааны станцыг 50 мВт-ын турбинтай болгож өргөтгөнө гэсэн асуудал яригдсан. Баригдсан зуухнууд нь усан халаалтын зуухнууд бөгөөд уурын зуух болгоход маш өндөр зардалтай, тэгээд ч өндөр параметрын станц болж чадахгүй. Иймээс энэ асуудлыг эргэж харах шаардлагатай. Харин ДЦС-4-ийн өргөтгөл, шинэчлэлийг хүлээж авч болно.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж