"Балдорж" шагналын эзэд тодров

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

"Балдорж" шагналын эзэд тодров

"Балдорж" шагналын эзэд тодров

Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. “Балдорж” сангаас 10 дахь жилдээ зохион байгуулж буй ёслолын ажиллагаанд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид хүрэлцэн ирснээс гадна УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байна. Ёслолын ажиллагааг Ц.Балдорж агсны дотны нөхөр, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нээж үг хэлсэн юм.

“Балдорж” сангийн тэргүүнээр есөн жил ажилласан Ц.Балдорж агсны гэргий Н.Шүр үйл хэргээ 2017 оны БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын үеэр отгон охин Б.Номинтүшигтээ шилжүүлсэн билээ.  Арав дахь удаагийн БАЛДОРЖ шагналтнаар “ Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, Т.Энхбат  нарын “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжилга, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилгын бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн боллоо. Тэргүүн шагналыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардуулсан юм.

Дэд байрт Eagle news агентлагийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн, МҮОНРТВ-ийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг хүний эрхийн сэдвээр хийсэн цуврал нэвтрүүлэгээрээ шалгарлаа. Шагналыг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардуулсан юм.

"БАЛДОРЖ" ШАГНАЛЫН ШИЛДЭГ АРАВТ

  1. Х.Уянга "Өнөөдөр" сонин "Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл" цуврал сурвалжлага, "Амьдрал сайн уу" цуврал нийтлэл
  2. Б.Ганзориг ТВ9 телевиз "Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл" цуврал нэвтрүүлэг, "Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн" телевизийн нэвтрүүлэг
  3. Б.Энхмарт "Үндэсний шуудан" сонин "Бид болон монголын тал нутаг чамд хайртай" нийтлэл, "Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам" сурвалжлага
  4. Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж 25 дугаар суваг телевиз "Нэг удаа үндэсний контент: Монгол Солонгост нэг удаа" телевизийн цуврал нэвтрүүлэг
  5. С.Батзаяа "Монголын медиа корпораци" "Өв соёлгүй Монгол" цуврал нийтлэл, нэвтрүүлэг
  6. Б.Солонго "Зууны мэдээ" сонин "Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё", "Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалья" цуврал нийтлэл
  7. З.Цэлмэг "Засгийн газрын мэдээ" сонин "Харилцуурын цаадах нулимс", "Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол" нийтлэл
  8. Э.Хүрэлбаатар "Өдрийн сонин" сонин "Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр" сурвалжлага
  9. Б.Алтанхуяг "Монцамэ" агентлаг "Аниргүйн гүн дэх цаг хугацаа", "Тагтаа паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, "Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш" нийтлэл
  10. Н.Хонгорзул "Блүүмбэрг" телевиз "Монголд үйлдвэрлэв" нэвтрүүлэг

“БАЛДОРЖ” ШАГНАЛЫН ГРАНПРИ ШАГНАЛТНААР

  • 2009 онд – Б.Ганчимэг “Үндэсний шуудан” сонин
  • 2010 онд – Д.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр” сонин
  • 2011 онд – Ж.Гангаа Өдрийн сонин
  • 2012 онд – Г.Отгонбаяр “Үндэсний шуудан” сонин
  • 2013 онд – Ж.Тэгшжаргал “Өнөөдөр” сонин
  • 2014 онд – У.Ганбаяр, М.Буянбадрах “Хүрээлэн амьд ертөнц” төсөл
  • 2015 онд – Э.Хүрэлбаатар Өдрийн сонин
  • 2015 онд – Э.Хүрэлбаатар Өдрийн сонин
  • 2016 онд – Ц.Цэвээнхэрлэн “Засгийн газрын мэдээ” сонин
  • 2017 онд – Б.Энхмарт "Үндэсний шуудан" сонин нар тодорч байсан юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж