Дөрвөн охинтойгоо үлдсэн Д.Батмөнх шинэ гэртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Дөрвөн охинтойгоо үлдсэн Д.Батмөнх шинэ гэртэй боллоо

Одоогоос гурван хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн 12-р хорооны оршин суугч Д.Батмөнхийн таван ханатай гэр шатжээ. Түүний гэрт эхээсээ өнчирч үлдсэн гурван балчир охин, 80 нас гарантай буурай ээж нь байжээ. Д.Батмөнхийг гэрээсээ гараад арван минут ч хүрээгүй байхад гэрт нь гал маналзаж, гэрийнхэн нь аврал эрэн сандран гүйлджээ.

Д.Батмөнхийнх дөрвөн охидтой, өнөр өтгөн айл юм. Том охин нь 14 настай, дунд  охид нь гурав, хоёр настай дэрсхэн охид юм. Хамгийн бага охин нь дөрөвхөн сар гарантай нялх охинтой. Түүний хань бурхан болоод хорь ч хоноогүй байхад энэ золгүй явдал тохиолджээ. Эхнэрээсээ хойш 80 шүргэж яваа ээжийгээ дөрвөн хүүхдийн хамтаар харж байгаа тул ажил хийж чадахгүй байгаагаа учирлаж байсан юм. Тэрбээр барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, хааяа ажлаа тараад таксинд явж гэр бүлээ залгуулдаг аж. Өмнө нь урин дулааны улиралд барилга дээр ажиллаж, заримдаа таксинд явдаг тул боломжийн орлоготой, амьдралд хүрэлцээтэй байдаг байсан гэнэ. Харин эхнэрийгээ бурхан болсноос хойш хүүхдийнхээ, сүү живхийг тасалчихгүйг л хичээж байгаа гэлээ. Тэрбээр нийслэл хотод 1999 оноос эхлэн суурьшжээ. Тэдний одоо амьдарч  буй энэ хашаанд дөрвөн ханатай гэрээ барьж, гал голомтоо бадрааж байсан гэнэ. "Хориод жилийн минь хөдөлмөрийн үр шимд бий болсон эд хөрөнгө алга урвуулахын хооронд үгүй боллоо. Гэсэн ч  амьдрал зогсох болоогүй. Охидоо сайхан амьдруулна” хэмээн ярих Д.Батмөнхийн итгэл өнөөдөр ч алдраагүй л явна.

Д.БАТМӨНХИЙНХ ДАХИН ГАЛ ГОЛОМТОО БАДРААНА

Биднийг Д.Батмөнхийн хашаанд очиход олон залуус бужигнаж байв. Тэд гартаа гэрийн мод барьцгаан нэг нэгээр нь холбож, сэрүү орохоос өмнө яаравчлаарай гэлцэж байлаа. Энэ үеэр Д.Батмөнх амьсгаадсаар биднийг угтав. Тэрбээр ярилцлагын эхэнд “Олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар ах нь дахиад гал голомтоо бадраах нь. Надад тусалсан хүмүүсийн итгэлийг алдахгүй, цааш нь өргөжүүлээд сайхан амьдрах юмсан” хэмээн ярьсан юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

– Гал гарсан тухайн өдөр юу болсон бэ?

-Одоогоос гурав хоногийн өмнө оройн 21.00 цагийн орчимд гэрт гал маналзсан. Ах нь угаадас асгахаар гараад бага охиноо ээжид үлдээгээд, ус буцалгагчинд ус тавьчхаад гараад байж байтал ээж цаанаас Батмөнхөө гээд орилсон. Тэгээд гэртээ ортол гал маналзаад юу юугүй л шатаж эхэлсэн. Тухайн үед айх, сандрах зэрэгцээд хэдэн хүүхдүүд, ээжийгээ аваад гэрээс гарсан. Буцаж ороод ус цацахад нэмэр болоогүй. Дараа нь галыг бүгдийг би өөрөө унтраасан.

Олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус дэмээр та дахин гал  голомтоо бадраах нь байна шүү дээ?

-Монголын ард түмэндээ маш их талархаж байна.  Хүмүүс ирээд хандив өгөөд, тал талаас утастаад сайхан сэтгэлт монголчууд минь маш их тусалж байна. Маш их туслалцаа өгч байна. Ах нь энэ хашаанд 1999 оноос хойш амьдарч байна. Ханийгаа алдаад хорь гаруй хонож байна. Том охин минь миний дагавар охин учраас эмээ дээрээ ирэн очин байдаг. Жил дараалан гарсан дэрсхэн хоёр охид минь 24 цагийн цэцэрлэгт явдаг юм. Хамгийн бага нь дөрвөн сартай. Хоёр охиноо цэцэрлэгт өгдөг ч  санаад байдаг болохоор хоёр хонуулаад авчихдаг.

Заримдаа бага охиноо ээжид үлдээгээд өдөрт нэг хоёр цаг таксинд гараад сүү, живхний мөнгө зохицуулдаг. Гэр бүлийн хүн минь байхад хүүхдүүдээ миний хань хараад би халтууранд яваад болоод байдаг байсан. Гэхдээ сайхан сэтгэлт монгол хүмүүсийнхээ тус дэмийг марталгүй, итгэл найдварыг алдахгүй, сэтгэл дүүрэн амьдарна гэдэгт итгэлтэй байна.

Д.БАТМӨНХӨД 25 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАРЧЭЭ

Д.Батмөнхөд туслах аяныг хамаатны дүү болох Л.Энхбаатар санаачилжээ. Тэрбээр энэхүү золгүй явдлын дараа туслахаар шийдэж, хандивын аяныг өрнүүлэхээр TV5 телевизэд хандсан нь энэ юм. Тэрбээр “Д.Батмөнх ах манай эхнэрийн төрөл садангийн хүн байгаа юм. Эхнэрийг нь бурхан болсны дараа ах дүүс нь чадах чинээгээр тусалсан. Ахад тохиолдсон явдлын дараа түүнийг гэр оронтой болгохын тулд олон нийтэд мэдээлэл хүргэвэл тустай юм болов уу гэж TV5 рүү холбогдсон. Үүний ачаар олон сайхан сэтгэлтэй бидэнд хүмүүс тусалж байна. Эхний ээлжинд өөрсдийн гэсэн гэр оронтой болгоод, өмсөх хувцастай болгое гэж зорьж байсан бол одоо телевизийнхэн туслаад хандивын аян улам өргөжөөд явж байна. Одоогоор хандивын мөнгө 25 сая гаруй төгрөг цугласан. Хүйтэн сэрүү орохоос өмнө гэртэй болгоод дараагаар нь цугласан мөнгөөр, байшин эсвэл, нэг өрөө байр авч өгөх саналтай байгаа. Өнөөдрийн байдлаар бүх үнс нурмыг нь ачуулаад шалыг нь янзлаад, гэр барих ажлыг хийж байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн  12-р хорооны засаг дарга Р.Ганболд энэ үеэр бидэнд дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Манай хорооны иргэн Д.Батмөнхөд тохиолдсон явдалд харамсч байна. Хорооноос энэ айл өрхөд  байнга туслалцаа үзүүлдэг. Ард иргэддээ хандаж хэлэхэд манай Батмөнхөд халамжийн гараа сунгасан хүмүүст түүний өмнөөс баярлалаа гэж хэлье.  Энэ айлыг айлын дайтай болгож, амьдралын төлөө чармайж яваа эцэгт тусалж байгаа ард түмэндээ баярлалаа.

Ингээд бидний ярилцах сэдэв энэ хүрээд өндөрлөж, Д.Батмөнх  гэрээ барьсаар үлдсэн юм. Түүнд туслалцаа үзүүлэх хүсэлтэй иргэд TV5 телевизийн байранд очих, эсвэл түүний дансны дугаараар нь мөнгө шилжүүлэх боломжтой билээ.

Д.БАТМӨНХИЙН ДАНСНЫ ДУГААР: ХААН БАНК  5174028704

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж