Хятадын интернет худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг Алибаба группийн гүйцэтгэх захирал Жак Ма Ханзоу хотноо жил болгон зохиогддог хөрөнгө оруулагчдын уулзалтаар АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайны талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн байна.
“Энэ бол маш удаан үргэлжилсэн завхарсан зүйл болно. БНХАУ, АНУ-ын хооронд болж буй худалдааны дайн 20 өдөр эсвэл 20 сарын дотор дуусахгүй харин ч 20 жил үргэлжилж магадгүй” хэмээн Жак Ма онцолжээ.
Тэрбээр энэхүү мэдэгдлээ АНУ, БНХАУ-ын 200 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулах болсон талаар хэдхэн цагийн дараагаар мэдэгдсэн аж. Мөн БНХАУ болон АНУ-д үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн компаниуд богино хугацааны туршид эрсдэлд орж болзошгүйг анхааруулсан. Хятадын зарим компаниуд өөр улс орны зах зээлд нэвтрэх боломжийг хайх болно хэмээн дурдсан. Түүнчлэн өөрийн орны барьж буй бодлогыг шүүмжилсэн ажээ. Учир нь БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын байр суурь, үзлийг ойлгохгүй байгаа талаар дурдсан бөгөөд Хятадыг эдийн засаг, худалдаагаа нээлттэй болгох талаар санал бодлоо илэрхийлсэн байна.
Тэгвэл Жак Ма хөрөнгө оруулагчдад хандаж 410 тэрбум ам.долларын үнэлэмжтэй Алибаба групп аюулгүй байгаа талаар уламжилжээ. 2019 оны есдүгээр сард Жак Ма тэтгэвэртээ гарах бөгөөд түүний халааг Даниел Зханг хүлээн авах талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
“Даниел надаас сайн ажиллана гэдэгт би 100 хувь итгэлтэй байна” хэмээн Жак Ма хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: NDTV
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ