Хоёр Солонгосын уулзалтад ерөнхийлөгч Мүн Жэ Ин Samsung, Hyundai Моторс, SK групп болон LG группүүдийн томоохон удирдлагуудын хамтаар есдүгээр сарын 18-ны өдөр Хойд Солонгосын нийслэл Пеньян хотноо айлчилсан билээ. Тэгвэл өчигдөр /2018.09.18/ Өмнөд Солонгосын бизнесийн магнатууд Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ёонг Намтай уулзжээ. Уулзалтаар бизнесменүүд Ри Ёонг Намд хоёр Солонгосын харилцаа сайжирч буй энэ цагт эдийн засгийн ямар төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой талаар тодорхойлж, ярилцжээ. Өмнөд Солонгосын талаас энэ удаагийн уулзалтад маш том бүрэлдэхүүнтэй бизнесийн баг зочилж байгаа бөгөөд бусад орны бизнесменүүд ч мөн Хойд Солонгост очсон байгаа талаар зарим хэвлэлүүд бичжээ.
“Хойд болон Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа эерэг эдийн засгийн байдлыг олж чадна гэдэгт итгэж байна. Хамгийн чухал нь хоёр Солонгосын холбосон төмөр замын төсөл” гэж Ри Ёонг Нам мэдэгджээ. Хамтарсан уулзалтад Хойд Солонгосын таван эрх баригчид болон Өмнөд Солонгосын төрийн, хувийн хэвшлийн томоохон компаниудын 17 томоохон төлөөлөгчид оролцсон аж.
“Энэ уулзалт бидэнд итгэлтэй харилцаа тогтоож, цаашдын хамтын ажилд эерэг үр дүнд хүргэх болно гэж хувьдаа дүгнэж байна” хэмээн Samsung группийн гүйцэтгэх захирал Ли Жае Ёонг сэтгүүлчдэд ярьжээ.
Мөн уулзалтад Хойд Солонгостой анхны бизнесийг санаачилсан Hyundai Моторс группийн эмэгтэй дарга Хүен Жеон Еүн оролцсон бөгөөд тэрбээр “Хоёр Солонгосын харилцаа сэргэж мөн АНУ Хойд Солонгосын хэлэлцээ эерэг үр дүнд хүрвэл бид Күмганг уул рүү аялах аяллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болно” хэмээн ярьжээ. Тэрбээр Hyundai Asian салбарын аялал жуулчлалын бизнесийг сэргээх бодолтой байгаагаа илэрхийлсэн аж.
Түүнчлэн KORAIL төмөр замын компанийн ерөнхий захирал О Ёонг Сик хоёр Солонгосын төмөр замыг холбох төсөл дахин хэрэгжээсэй хэмээн хүсч байгаа ба үүнийг биелүүлэхэд хоёр тал одоогоос эхэлж жилд хэд хэдэн уулзалт хийх нь зохистой гэж Ри Ёонг Нам тэмдэглэжээ.
“Хэрэв бид өөрсдийн ухаан авьяас чадварыг хамтын эв нэгдлээр гар нийлүүлж чадвал хоёр улсын эдийн засгийн салбарт эерэг үр дүн авчирч чадна гэдэгт итгэж байна” хэмээн Ри Ёонг Нам Өмнөд Солонгосын бизнес магнатууд уулзсаны дараагаар сэтгүүлчдэд ярьсан аж.
Хоёр Солонгосыг холбох төмөр замын төсөл Samsung болон LG группүүдийн сонирхлыг төдийлөн татаагүй боловч энэ бол Хойд Солонгосын эрх баригчидтай харилцаа холбоо тогтоох алтан завшаан аж. Учир нь олон улсын байгууллагуудаас тавьсан хоригоос Хойд Солонгос чөлөөлөгдөхөд бизнесийн асар том зах зээл нээгдэх боломжтой талаар эдийн засгийн судлаачид тэмдэглэжээ.
Хойд Солонгос нь 25 сая хүн амтай бөгөөд эдийн засгийн хувьд байдал нь хаалттай. Одоогоор ихэнх бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэж эсвэл БНХАУ-аас оруулж ирдэг байна. Хэрэв тэд бизнесменүүд болон хөрөнгө оруулагчдад эдийн засгийн үүдээ нээж чадвал Өмнөд Солонгосын болон гадаадын компаниудад бизнесийн томоохон зах зээл нээгдэнэ.
Уулзалт болсноос хойш Samsung групп аль хэдийн гурван жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар мэдэгдээд эхэлсэн байна. Ойролцоогоор 180 их наяд вон буюу 160 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Хойд Солонгосын хөгжилд нэмэрлэхээс гадна 40 мянган ажлын байр бий болгох зорилтын тухай ч дурджээ.
ЭХ СУРВАЛЖ: CHOSUNILBO, LIVEMINT
Г. МАНДАХ