Цаг агаарын сиймхийг ашиглан ургацаа хурааж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Цаг агаарын сиймхийг ашиглан ургацаа хурааж байна

Цаг агаарын сиймхийг ашиглан ургацаа хурааж байна

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” булангаа бэлтгэн хүргэдэг билээ. Энэ долоо хоногийн дугаарт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг онцолж байна.


Хүйтний эрч наашилж, хөхүүрийн ам цаашилж байна. Өчигдөр гэхэд л орон нутагт цас орж, шөнөдөө хасах градустай хонов. Өнөөдрөөс төвийн бүс, нийслэлд цас орж эхлэв. Тиймээс тариалангийн бүс нутгаар цас орохоос өмнө тариа ногоогоо хураах чухал үүрэг тариаланчдад ногдоод байгаа юм. Энэ жил бороо ихтэй байсан тул ургацын баланс сайн байгаа талаар салбарын сайд нь ч, тариаланчид ч ярьж хэлсэн билээ. Ургацын балансыг өмнөх жилийнхтэй харьцуулахад нэлээд өссөн дүнтэй байна.

2017,2018 оны ургацын урьдчилсан балансыг харьцуулсан үзүүлэлт

Газар тариалангийн үзүүлэл2017 оны ургацын урьдчилсан баланс2018 оны ургацын урьдчилсан балансНэмэгдсэн үзүүлэлт
Үр тариа271,8 мянган тонн450,3 мянган тонн1,6 дахин
Буудай259,2 мянган тонн425,8 мянган тонн1,6 дахин
Төмс102,3 мянган тонн151 мянган тонн1,4 дахин
Хүнсний ногоо75,7 мянган тонн95,1 мянган тонн1,2 дахин
Тосны ургамал23,6 мянган тонн30,1 мянган тонн1,2 дахин
Малын тэжээл47,3 мянган тонн86,3 мянган тонн1,8 дахин

Ингээд ургац хураалтын талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас товчхон тодрууллаа.

-Цаг агаар хүйтэрч эхэллээ. Ургац хураалт ямар шатандаа байна вэ?

-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам намрын ургац хураалттай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Ургацын урьдчилсан балансыг тогтоогоод, Ургацын комиссын дарга буюу Б.Батзориг сайд албан даалгавар өгсөн. Ингэхдээ намрын ургац хураалтын үед эрчим хүчээр тасалдуулахгүй байх, шатах тослох материалаар тасалдуулахгүй байх, намрын ургац хураалтад оролцох ажиллах хүчээр хангах аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах гэх мэт албан даалгаврыг салбар салбарт өгсөн. Ямар ч байсан цаг агаарын сиймхийг ашиглаж, ургацаа бүрэн хураах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Төмс, хүнсний ногоо, улаан буудайн ургац хураалт яг хэдэн хувьтай байна вэ?

-Одоо бол аж ахуй нэгж, иргэд ургац хураах ажилдаа орсон. Тариалангийн бүс нутгаар сүүлийн долоо хоногт цаг агаар сайхан байна. Тиймээс ургац хураалт жигдрэх шатандаа байна. Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт зургаан хувь, төмсний хураалт 30 хувь, хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай явагдаж байна. Ургац хураалтын энэ үед цаг агаарын байдал хэд хэдэн удаа муудах хандлага ажиглагдаж байгаа. Тухайлбал, есдүгээр сарын 18-нд баруун бүс, 19-нд төвийн бүс, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасаар шуурна гэх мэдээлэл бий. Иймд цас орохоос урьтаж тариа ногоогоо талбай дээрээс хурааж авах, босоо тариаг ангилах  гэх мэт өөр өөрсдийн талбайд таарсан технологийг баримталж ажиллах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг хүргүүлж байна.

-Энэ жил тариаланчдад зориулж ямар дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж байгаа вэ?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж шатахууны хөнгөлөлт олгож байгаа. Ургац хурааж дууссаны дараа шатахууны төлбөрийг улаан буудайгаар хийх боломжтой. Энэ жилийн тухайд хур тунадас ихтэй, буудайны чийг их байгаа учраас Хөтөл, Сэлэнгэд хоёр халаалга шинээр нэмж тавьсан.  Ингэснээр намрын ургац хураалтад учрах хүндрэлийг багасгана гэж үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж