Ж.Билэгсайхан: Бизнесээ инноваци болгох боломж бүрдсэн

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Ж.Билэгсайхан: Бизнесээ инноваци болгох боломж бүрдсэн

Ж.Билэгсайхан: Бизнесээ инноваци болгох боломж бүрдсэн

Бизнес, хөгжил булангийн энэ удаагийн зочноор Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын орлогчдарга Ж.Билэгсайханг урьж ярилцав.


– Инновацийн талаарх хүмүүсийн ойлголт янз бүр байдаг. Ер нь инноваци гэж юу юм бэ?

– Инноваци нь зөвхөн бодит бүтээгдэхүүн бий болгох тухай биш. Нийгмийн, урлагийн, бүтээгдэхүүний, байгууллагын харилцаанд инноваци хэрэгжүүлэх гэх мэт олон янз байдаг. Тухайлбал, урлагийн инновацийн тухайд нэг гоё санаагаар бүтээл буюу контент хийлээ гэхэд энэ бүтээлээр нийгэмд тулгамдаж буй ямар нэгэн асуудлыг шийдвэрлэж чадах эсэхээр нь инноваци болж чадаж байна уу гэдгийг хардаг.

Нийгмийн инновци нь “Өрх бүр нэг мод таръя”, “Хүн бүхэн нэг мод суулгая”,  Усны хэрэглээг ийм байдлаар хэмнэе гэсэн тодорхой шийдлийг нэг санаагаар давалгаалан хэрэгжүүлэх  үйл явцыг хэлж буй. Харин хүний хэрэгцээг хялбарчилсан, энгийн шинэлэг шийдлээр хэрэгжүүлэх боломжтой шинэ санааг үйлдвэрлэлд оруулах үйл явцыг  бүтээгдэхүүний инноваци гэнэ.Тэгэхээр инноваци нь илүү өргөн том ойлголт. Түгжрэл, утааг инновациар шийдвэрлэнэ хэмээн ярьж байна. Тэгэхээр дахин материал гарздаж замаа өргөсгөх үү мөн нүүрс хэрэглүүлэхгүй гээд хориглох нь хэр үр дүнтэй вэ гэдгийг харгалзах ёстой. Гэтэл хүмүүсийн сэтгэлгээг өөрчилснөөр шийдвэрлэх боломж илүү ч байж болно. Үүнийг нийгмийн инноваци гэж хэлж байгаа юм.

–Манай  зах зээлийн орчинд инновацийг хөгжүүлэх нөхцөл нь бүрдсэн үү?

– Боломж бүрдсэн гэж харж байна. Тиймээс манай төв хоёр жилийн өмнө  байгуулагдсан. Бид нийгмийн инновацийн төслүүд дээр түлхүү ажиллаж байна. Нийслэлийн гэр хорооллын өрх бүр нэг мод тарихад нэг сая дөрвөн зуун мянга болно. Мэдээж агаарын бохирдол буурах нь тодорхой. Түүнчлэн манай төв технологит суурилсан санхүүгийн бизнес моделиудад төвлөрч ажиллаж байна. Бизнес санааг эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээл, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүртэлх бэлтгэл ажил бойжуулалтын үйл явцыг хийж байгаа юм. Энэ үйл явцыг старт апп бизнесийн хүрээнийхэн “үхлийн хөндий” гэж нэрлэж буй. Үүнийг давж гарахын тулд инновацийн төвүүд тэдэнд тусалж дэмжих ижил төстэй санааг нэгтгэхэд чиглэдэг. Нэг санааг олон хүн тал талаас нь харсан байдаг. Үүнээс төгс шийдэл гарах боломж нь илүү. Түүнчлэн хөрөнгө оруулагчдад танилцуулах, холбогдох хуульд нийцүүлэх боломжийг судалж зөвлөгөө өгдөг. Мөн Сангийн яамны инновацийн газар болон БСШУЯ-ны инновацийн газар,төрөөс шинжлэх ухаан технологи, инновацийн  салбарт баримтлах бодлого, инновацийн хуулийн төслүүдэд саналаа өгч хамтарч ажилладаг. Инновацийн хууль өмнө нь батлагдсан ч өнөөдрийг хүртэл хэрэглэгдээгүй.

–Уламжлалт бизнесийг инновацилаг болгох гэж ярьж байна. Энэ тухайд?

-Уламжлалт бизне­сийнхэн санаагаа бусдад алдахаас болгоомжилдог. Түүнчлэн бизнес нь өсч, дэвжиж томордоггүй. Өсгөе гэвэл банкнаас зээл авах, хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсдэг. Тэд уламжлалт сэтгэхүйгээс салж чадахгүй байна. Өнгөрсөн хугацаанд төрөөс жижиг дунд бизнес үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэвч шинэ санаа нэвтрүүлсэн үйлдвэрлэл, бизнест дэмжлэг болж чадаагүй. Тэгэхээр уламжлалт бизнесийг старт аппын буюу шинэ санаагаар эвдэж гарах л хэрэгтэй.

–Хэрхэн эвдэж гарах вэ?  

-Санаагаа хөрөнгө оруулагчдад тайлбарлаж хөрөнгө татаж өөрөө биз­нес, үйлдвэрлэлээ хийх гэсэн зарчмаар хөдөлж чад­вал давж гарна. Зах зээлд гарангуутаа хоёр гуравхан жилийн дотор анх оруулсан 100 төгрөгөө 1000 төгрөг болгох бизнесийг л старт апп бизнес гээд байгаа юм. Харин уламжлалт бизнес удаан хугацааны тогтмол өсөлттэй байхаар төлөвлөдгөөрөө “старт апп” бизнесээс ялгаатай. Дүрмийг нь засаад бичдэг технологи шингээсэн үзэг бүтээлээ гэж бодъё. Энэ технологи санааг хөгжүүлэх гэж хоёр жил зарцуулж, хөгжүүлэлтийн өртөг нь 100 төгрөг гэж тооцоод  зах зээлд худалдаалж эхлэнгүүт дэлхий даяар хүн бүхэн уг үзгийг авахаар хошуурах тийм л санааг старт апп бизнес болгох гээд байгаа юм.

-“Apple”-ийн ipone гар утас шиг гэсэн үг үү? 

-“Аpple” компани уламжлалт бизнесийн зарчмаас нийгмийн буюу сошиал инноваци нэвтрүүлж гарч ирсэн юм. Үүн шиг манай уламжлалт бизнесийнхэн шинэ санаа нэвтрүүлж болно. Жишээлбэл, эсгий шаахай хийдэг компани шаахайндаа ямар нэгэн шинэ санаа нэвтрүүлж резинэн ул хийх юм уу, эсвэл ямар нэгэн гайхалтай санаа нэмж болно.

Тэр нь гэнэт олон хэрэглэгчдийн сонирхол, анхаарлыг  татсан шийдэл болж одоо байгаа эсгий шаахайнд өөрчлөлт оруулж хөрөнгө оруулагчдыг татах байдлаар инноваци болгож болно. Үүнийг венч хөрөнгө оруулалт буюу адал явдалт хөрөнгө оруулалт гэж нэрлэдэг. Дэлхий нийтээр энэхүү “Venture cafital” санг Инновацийн хуульдаа тусгай сангийн хуулиараа зохицуулсан байдаг. Харин манайх энэ заалтыг нь  хуулиасаа авч хаясан.

–Банк старт апп-ийн шинэ бизнест зээл өгөх нь ямар байдаг юм бол. Одоогоор танайд хөрөнгө оруулах боломжтой, бойжуулагдаж буй инноваци болгох төсөл хэд байна вэ? 

– Банк зээл олголтын эрсдлийн хэмжээгээ тооцсон байдаг. Энэ хэмжээнээс нь илүү гарахаар байвал хөрөнгө оруулахгүй. Манай төв инновацийн төслүүдийн судалгааг хийсэн. Өнөөдөр манай санд 600 орчим технологийн төрөл бүрийн санаа, төсөл бий. Гэхдээ ихэнх нь утааг бууруулах, зуухыг боловсронгуй болгох эсвэл чацарганы үйлдвэрлэлийн давтагдсан санаа олон байх жишээтэй. Технологи дээр суурилсан хөгжүүлэлтийн шатанд яваа “Эрхэс” компанийн төсөл байна. Одоо манай инкубаторт бойжиж, бэлтгэгдэж буй. Хиймэл оюун ухаан дээр суурилсан маркетинг платпорм төсөл. Одоо Google-ийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан. Сингапурт болсон старт апп-уудын тэмцээнд түрүүлсэн төсөл. Нийслэлд тулгамдсан тодорхой  асуудлыг шийдвэрлэх блокчайн технологийн инноваци юм. Түүнчлэн фентик санхүүгийн чөлөөт зах зээл буюу үл хөдлөх хөрөнгийн салбарт блокчайн технологийг ашиглан хөрөнгийн зах зээлд дэх орон сууцыг гадаадад байгаа хүмүүст худалдах. Худалдахдаа барилгыг хэсэгчилж метр кв-аар нь худалдах платпормыг хийж буй.

 – Ер нь таныхаар старт апп-ийн шинэ санаагаа нэгтгэх нь бизнес хөгжлийн нэг гарц байж болно гэсэн үг үү?

-Аливаа зүйлийг тал талаас нь харах хэрэгтэй. Монголчууд нэгдэж чадахгүй байна. Ген нь угаасаа амь амиа бодсон гэж ярьдаг. Гэхдээ магадгүй энэ нь бидний давуу тал ч байхыг үгүйсгэхгүй. Тусдаа бие дааж явах сонирхол нь бизнесийн давуу тал байж болох магадлалтай. Монголчууд эртнээс нааш нутаг нутагтаа, жалга дов бүртээ шийдвэрээ гаргаж амьдарсаар ирсэн туршлагатай ард түмэн. Тиймээс энэ нь старт апп бизнес ч болж болно. Тэгэхээр бид бие биетэйгээ  өрсөлдөх биш Хятадын Жак Матай өрсөлдөгч болж чадах тийм л старт апп-ийг гаргах платпормыг хөгжүүлэх юм. Энэ боломж нөхцлийг гаргасан тохиолдолд Монгол Улс хөгжинө. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 60 хувийг 0-35 насны залуучууд эзэлдэг. Гурван хүн тутмын нэг нь 15-34 насны хүмүүс. Хүн амын цонх үе нээгдсэн. Хөгжсөн орнууд хүн амынхаа цонх үеийг ашиглаж үсрэнгүй хөгжсөн түүхтэй. Бидэнд хөгжих асар их боломж бүрдэж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгал  аль хэдийнэ дэлхий даяар эхэлсэн. Монгол Улсад хамгийн өгөөжтэй нөхцөл бүрдсэн гэж харж байгаа. Тухайлбал, тээвэрлэлтийн үндсэн хэдхэн боломжийг хараад байдаг. Гэтэл технологийн тээвэрлэлт буюу дэлхий даяар тээвэрлэж болох  шилэн кабелийн тээврийг ашиглаж болохоор байна. Дэлхий бидэнд хил хязгааргүйгээр өсөн дэв­жих боломжийг олгосон. Энэ үеийг ашиглах цаг ирсэн.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж