"Монголбанкнаас валютын ханшийг өсгөх сэдэл байхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

"Монголбанкнаас валютын ханшийг өсгөх сэдэл байхгүй"

Ам.долларын ханш өнгөрсөн зургаан сарынхаас хамгийн өндөр үнэтэй болоод байна. Ямар учраас ханш өссөн талаар Монголбанкны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаас тодрууллаа.

Ам.долларын ханш 2500 төгрөг давсан нь төсвөө ашигтай гаргахын тулд Засгийн газар, Монголбанкны явуулга гэж харах нэгэн байна. Ам.Долларын ханш ямар үндэслэлээр 2500 давчив?

-Энэ асуултад хариулахад, юуны өмнө зах зээлийнхээ нөхцөл байдлыг харах хэрэгтэй болов уу. Эхлээд төлбөрийн тэнцлээ харъя. Төлбөрийн тэнцэл гэдэг нь Монгол Улсад орж, гарч буй бүх төрлийн гадаад гүйлгээ шүү дээ. 2018 оны эхний долоон сарын байдлаар төлбөрийн тэнцэл -198.5 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.1 дахин нэмэгдсэн байна. Энэ өсөлтийг задалж үзвэл, импортын өсөлт экспортын өсөлтөөс хоёр дахин давсан, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 20 хувиар өссөн үзүүлэлт голлон нөлөөлжээ.

Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт хэдийгээр 49% өсч 1.1 тэрбум ам.долларт хүрсэн боловч, худалдааны зээлээр дамжин орж ирдэг валютын урсгал харьцангуй татарч, Засгийн газрын зээлийн хүүгийн төлөлтүүд хийгдсэн нь валютын цэвэр урсгалыг 518 орчим сая ам.доллараар бууруулах нөлөөтэй байсан. Тухайлбал Дим Сам, Чингис бондын хүүгийн болон үндсэн төлбөрүүд хийгдсэн байгаа. Нөгөө талаас эдийн засагт идэвхжил ажиглагдаж байгаатай холбоотой үйлдвэрлэлд ашиглах импортын барааны эрэлт нэмэгдсэн, ачаа тээврийн үйлчилгээний импорт өссөн зэрэг нь төлбөрийн тэнцлийн алдагдал өсөхөд нөлөөлжээ. Дотоод хүчин зүйлсээс гадна гадаад зах зээлийн өөрчлөлтийг харах шаардлагатай.

Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай АНУ-ын төв банк – Холбооны нөөцийн банк удаан хугацаанд бодлогын хүүгээ хэт бага түвшинд хадгалсаар саяхнаас өсгөж эхэлсэн ба жилийн дотор 0.75 хувиар бодлогын хүүг чангаруулсан нь өдгөө хоёр хувьд хүргээд байна. Ингэснээр ам.долларын ханш 2.94 хувиар чангараад байгаа. Цаашлаад гадаад хүчин зүйлд олон улсад өрнөөд байгаа дэлхийн худалдааны маргаан, тарифын асуудал, БНХАУ юанийн ханш олон улсын зах зээлд бага зэрэг сулраад байгаа зэрэг нь бүгд манай төгрөгийн ханшид нөлөөлж байгаа. Тиймээс энд хариуцлагатайгаар хэлэхэд валютын ханш эдийн засгийн суурь хүчин зүйлээ дагадаг бөгөөд Монголбанкнаас ямарваа нэгэн бодлогоор валютын ханшийг өсгөх сэдэл байхгүй. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтална” гэж заасны дагуу огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар ажиллаж байна. Нөгөөтэйгүүр энэ нь өөрөө Монгол Улсын макро эдийн засагт сөрөг нөлөөтэй тул үнэнээс гажууд ойлголт юм. Дашрамд хэлэхэд Монголбанк бие даасан бодлогын институт бөгөөд хуулиараа Засгийн газраас хараат бус үйл ажиллагаа явуулахыг Төв банкны тухай хуульд заасан байгаа.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж