70 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

70 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна

70 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна

НЗДТГ, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч Ар” клуб хамтран энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлт өнөөдөр боллоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дөрвөн зорилт 27 арга хэмжээ бүхий “Нэг өрх Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 244369 өрхийг хамруулсан хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгааг явуулсан. Судалгааны дүнд үндэслэн өрх бүрт хандсан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, дэмжих арга хэмжээг үзүүлж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нэг цэгээс үзүүлэх зорилготой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулж, 20 гаруй томоохон ААН, байгууллагатай хамтран ажилласаар байна.

Өнөөдрийн байдлаар тус төвд ирсэн ажлын байрны захиалга 8622 хүрээд байна.  Мөн 4860 иргэнийг төвөөр дамжуулан ажилд зуучилсан. Түүнчлэн 3294 иргэнд ажил мэргэжлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлээд байна”  хэмээн онцлов.

Тус өдөрлөгт нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, Гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож байна. Өдөрлөг хоёр өдрийн турш үргэлжлэх юм.

2018.09.19-ний өдөр

  • Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх
  • Ажил олгогч 70 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ
  • Хадгаламж зээлийн хоршоодын гишүүд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах

2018.09.20-ний өдөр

  • Мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэдийн дунд оёдол, үсчин, нүүр будалт, хумс засал гэсэн 4 мэргэжлээр ур чадварын уралдаан зохион байгуулна
  • Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх
  • Ажил олгогч 60 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4000 гаруй нээлттэй  ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ
  • Гарааны бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах
  • Мэргэжлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах
  • Хөдөлмөрийн хувийн биржүүд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах, иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх
  • Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картын бүртгэл, олголт хийнэ гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж