Бусад эрхтнийг гэмтээлгүйгээр хорт хавдрыг туяагаар эмчилнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Бусад эрхтнийг гэмтээлгүйгээр хорт хавдрыг туяагаар эмчилнэ

Бусад эрхтнийг гэмтээлгүйгээр хорт хавдрыг туяагаар эмчилнэ

Монголд жилд 6000 гаруй хүн хорт хавдраар оношлогдож, 4000 гаруй хүн ийм шалтгаанаар нас барж байгаа. Мөн одоогоор 18 мянга гаруй хүн хорт хавдартай гэсэн оноштойгоор амьдарч байгаа нь энэ өвчинтэй үндэсний хэмжээнд тэмцэх цаг болсныг гэрчилдэг.

Тиймээс Засгийн газар 2011 онд Австралийн хөнгөлөлттэй зээлээр хорт хавдрын эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи нэвтрүүлэхээр болж, “Шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын семинар өнөөдөр /2018.9.19/ боллоо. Энэ эмчилгээг нэвтрүүлснээр тухайн хорт хавдрын хэлбэр, дүрс, хэмжээнд тохирсон цацрагийг зөвхөн тухайн хэсэгт тусгаж, эрүүл эд эрхтнийг цацраг туяагаар хордуулахгүй эмчлэх боломж бүрдэх аж. Түүнчлэн эмчилгээг эх орондоо, эрүүл мэндийн даатгалаар дамжуулан хийлгэх боломж бүрдэж байна.

Семинарт Австрали, Япон, БНСУ-ын хавдрын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд, дотоодын 150 гаруй эмч, бодлого боловсруулагч нар оролцов. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс хорт хавдартай тэмцэхийн тулд эрт илрүүлэх, хүний нөөц бүрдүүлэх, шинэ техник технологи бүрдүүлэхийг зөвлөдөг. Бид энэ чиглэлээр явж байгаа. Тиймээс энэ сард багтаан урьдчилсан сэргийлэх үзлэг эхлэхээр төлөвлөж байна. Хоёрт, хүний нөөцийг чанартай бэлтгэж байгаа. Технологийн хувьд туяа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж байна” гэлээ.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн “Хорт хавдрын эмчилгээ нь өндөр технологи шаарддаг. Хорт хавдрыг мэс засал, хими, туяа эмчилгээгээр эмчилдэг. Туяа эмчилгээний технологи суурилуулах бэлтгэл ажил хангагдаж, төхөөрөмжөө суурилуулсан. Энэ нь шугаман хурдасгуурт аппарат. Энэ аппарат нь Монгол дахь хавдрын эмчилгээг шинэ шатанд авчирч байгаа томоохон технологийн дэвшил. Тиймээс энэ эмчилгээг нэвтрүүлэхээр тэсэн ядан хүлээж байна.  Энэ эмчилгээ нь үйлчилгээ сайтай, богино хугацаанд хийгддэг, гаж нөлөө багатай. Өөрөөр хэлбэл, тухайн хавдрыг эмчлэхээс гадна хажууд нь байгаа эрүүл эрхнийг гэмтээхгүй гэсэн үг. Бид одоогоор 600-гаад хүнд эмчилгээ хийж байгаа бол энэ технологийг нэвтрүүлснээр илүү олон хүнд хавдрын эмчилгээ хийх боломжтой” гэв.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж