Ерөнхийлөгч Үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бизнес эрхлэгчидтэй өнөөдөр 15.00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд уулзалт хийлээ. Уулзалт 18.00 цаг хүртэл үргэлжилсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, эцсийн болон нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлохыг дэмжих” зорилтын хүрээнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн тэргүүн өнөөдөр ийнхүү үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулав.

Өнөөдрийн уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн Ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, мод, хэвлэл, сав баглаа боодол, цемент, бетон, төмөр, барилгын материал, мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоод, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сүү ХК, Дархан нэхий, Мон-Сүү ХХК, Монголшевро, Говь ХК, Гоёо ХХК, Гацуурт ХХК, Газар шим ХХК, MCS, Тесо зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов. Уулзалтад оролцогчид санал бодлоо илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар уулзалтын төгсгөлд хаалтын үг хэллээ. Тэд оролцогчдоос гаргасан санал бодлыг хэрхэн ажил хэрэг болгох талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн уулзалтын нээлт, хаалтын үеэр хэлсэн үг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын үг, төлөөлөгчдийн санал бодол зэргийг дэлгрэнгүй мэдээлэх болно.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж