Хэсгийн 1-р шатны тоглолтууд өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Хэсгийн 1-р шатны тоглолтууд өндөрлөлөө

Хэсгийн 1-р шатны тоглолтууд өндөрлөлөө

Волейболын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Итали болон Болгар улсуудад амжилттай үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний 1-р шат өндөрлөж дараагийн шатанд өрсөлдөх 16 багийн нэрс бүтэн тодорсон.


А ХЭСЭГ:

Италийн шигшээ баг 100%-н амжилттайгаар 1-р шатыг давлаа. Хэсгийн тоглолтод Италийн шигшээ багаас Аргентин, Словени улсын шигшээ багууд л ганц сетийн хожил авсан бол бусад өрсөлдөгч нараа үндсэн сетэд хожсон. Хэсгийн сүүлийн тоглолтод Италийн багаас И.Зайцев мөн л оноо авалтаар багаа тэргүүлсэн бол О.Жуанторена, Д.Маззоне болон С.Анзани нар 10-аас дээш оноо авч багаа ялалтад хөтөлсөн. Уг нь Словени эхний сетэд хожил авсан ч дараагийн гурван сетэд дараалан хожигдсон. Гэсэн хэдий ч Словени 2-р шатанд шалгарсан. Харин энэ хэсэгт Японы шигшээ баг Аргентины шигшээ багтай тоглож ялалт байгуулсан ч сетийн хожлын зөрүүгээр тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Аргентины шигшээ баг хэсгийн тоглолтууддаа нийтдээ 10 сетэд ялалт байгуулж 11 сетэд хожигдсон бол Японы шигшээ баг 8 хожил, 11 хожигдолтой байсан. Иймд Аргентин дараагийн шатанд шалгарч Японы шигшээ баг нутаг буцсан.

  • Итали 23-25, 25-19, 25-13, 25-18 Словени
  • Япон 26-24, 20-25, 30-32, 25-20, 15-13 Аргентин

В ХЭСЭГ:

Хойд Америкийн төлөөлөл Канадын шигшээ баг эхний өрсөлдөгч нараа төвөггүй буулган авч байсан бол сүүлийн өрсөлдөгч нартаа дараалан хожигдлоо. Тэд сүүлийн тоглолтоо Францын эсрэг хийж хожигдсон. Гэхдээ Канадын шигшээ баг нэгэнтээ хэсгээс гарах болзлоо биелүүлсэн байсан. Тэгвэл Риогийн олимпийн аварга Бразилын шигшээ багийн залуус Хятадын шигшээ багийг 3 сетэд 15 онооны зөрүүгээр хожиж хэсгээ тэргүүлсэн бол тэдний өрсөлдөгч Хятадын шигшээ баг ганц ч хожилгүй нутаг буцлаа. Бразилын шигшээ багаас Уоллес де Соуза дахиад онцгой байж 21 оноо авч багаа тэргүүлснээр энэ удаагийн дэлхийн аваргын 1-р шатанд авсан оноогоороо тэргүүлсэн.

  • Хятад 21-25, 22-25, 17-25 Бразил
  • Канад 22-25, 21-25, 25-22, 17-25 Франц

С ХЭСЭГ:

Америкийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Африк тивийн төлөөлөл Тунисын эсрэг хийж 3-0 харьцаатай хожиж нутаг буцаасан бол өөрсдөө хэсгийн тоглолтод ганц ч хожигдолгүйгээр тэргүүлж дараагийн шатанд шалгарсан. Сербийн шигшээ баг хүчирхэг Оросын залуустай 5 сет үргэлжилсэн ширүүн тоглолт хийж ялалт байгуулжээ. Хоёр баг эн тэнцүү тоглож байсан бөгөөд аль аль нь алдаа гаргахгүйг хичээж байсан. Харин Сербийн багаас А.Атанасевич, У.Ковачевич нарын шилдэг тоглолт багтаа ялалт авчирсан.

  • АНУ 25-12, 25-18, 25-13 Тунис
  • Серби 25-21, 24-26, 25-17, 22-25, 15-12 ОХУ

D ХЭСЭГ:

Өнгөрсөн оны дэлхийн аварга Польшийн шигшээ баг форм сайтай байна. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч Болгарын эсрэг хийж 3-1 харьцаатай хожсон. Польшийн шигшээ баг тэмцээний 1-р шатанд ердөө 3 сетийг өрсөлдөгч нартаа алдсан. Энэхүү алдсан 3 сетийн нэгийг Болгарын шигшээ багтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолт байв. Тэгвэл Ираны шигшээ баг 5 хэсгээс 2-р дараагийн шатанд шалгарчээ.

  • Финланд 19-25, 25-22, 25-23, 23-25, 12-15 Иран
  • Болгар 14-25, 25-23, 22-25, 23-25 Польш

Тэмцээний 2-р шатны тоглолтууд нөгөөдөр буюу 9 сарын 21-нээс эхэлнэ. Тэмцээний 1-р шатнаас хэсэг тус бүрийн эхний 4 баг 2-р шатанд шалгарсан бөгөөд шилдэг 16 баг 4 хэсэгт хуваагдаад байна. 2-р шатанд хэсгийн нэг, хоёроор гарсан багууд 3-р шатанд өрсөлдөх эрхээ авна.

  • E хэсэг: Итали, ОХУ, Нидерланд, Финланд
  • F хэсэг: Бразил, Словени, Бельги, Австрали
  • G хэсэг: АНУ, Болгар, Иран, Канад
  • H хэсэг: Польш, Франц, Серби, Аргентин

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж