Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” есдүгээр сарын 22-нд буюу бямба гаригт болно. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй эл өдрийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор өрнүүлж урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.
Автомашингүй өдрийн хүрээнд Энхтайвны өргөн чөлөө Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Их тойруугийн гудамж Зүүн дөрвөн замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08.00-17.00 цагийн хооронд тус тус хязгаарлаж, иргэдийг унадаг дугуйгаар зорчих, алхах боломжийг бүрдүүлэн ажиллана.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй бүсчлэл болон бүсчлэлээс гадуур иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийт 260 гаруй алба хаагч ажиллах юм.
Э.АРИУН