1072 хувьцаагаа шалгах, данс нээлгэх заавар

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Эрдэнэс Тавантолгой ба 1072 ширхэг хувьцаа

1072 хувьцаагаа шалгах, данс нээлгэх заавар

1072 хувьцаагаа шалгах, данс нээлгэх заавар

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” 30 хувийн хувьцааг IPO гаргах, амь оруулах ажил эхлүүлсэнтэй холбогдуулан иргэдийн дунд 1072 хувьцаагаа брокер диллерийн компанид бүртгүүлэх, дансаа баталгаажуулах гээд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд урт дараалал үүсгээд буй. Тиймээс 1072 хувьцаагаа хэрхэн шалгах, брокер диллерийн компанид хэрхэн данс нээлгэх талаарх мэдээллийг хүргэж байна. Нэг зүйлийг онцлоход 1072 хувьцааны дансаа нээлгэхэд ямар нэг цаг, хугацаа заагаагүй бөгөөд иргэд хэзээ ч хувьцаагаа шалгаж, дансаа нээлгэх боломжтой юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааг нийт 2 сая 897 мянга 277 иргэн эзэмшиж байгаа юм байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 1991 оноос хойш данс нээлгэсэн давхардсан тоогоор буюу бүх төрлийн хувьцаа эзэмшиж байгаа 955 мянга 922 иргэн аж ахуй нэгж байгаа юм байна. Үүнээс 950 мянга 861 нь монголчууд байгаа бол 2182 нь гадаадын иргэн байна. харин 2688 нь дотоодын аж ахуй нэгж байгаа бол 191 гадаадын аж ахуй нэгж байна.

1072 болон цэнхэр, яагаан тасалбартай хувьцааныхаа дансыг баталгаажуулахын өмнө заавал шалгах ёстой юм байна. Хэдэн ширхэг хувьцаатай болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахдаа гурван төрлөөр авч болох юм байна. Тодруулбал,

  • Та ЭНД  дарж, өөрийн регистрийн дугаарыг хийснээр та хэдэн ширхэг хувьцаатай болон брокер диллерийн компанид бүртгэлтэй эсэх тань тодорхой гарч ирнэ.
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд өөрийн биеэр иргэний үнэмлэхийн хамт очиж, дансны мэдээллээ авах боломжтой.
  • 158989 дугаарт мобиком, юнител, скайтал болон жи-мобайлын гар утаснаас регистрийн дугаараа мессежээр илгээж /Регистрийн дугаарын эхний хоёр үсгийг латинаар бичнэ/ хэдэн ширхэг хувьцаатай болон брокер деллерийн компанид данстай эсэхээ баталгаажуулж болох юм.

Хэрэв аль нэг брокер диллерийн компанид дансгүй бол Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулсан эрх бүхий брокер диллерийн компаниудад хандаж дансаа нээлгэх боломжтой юм байна. Албан ёсны эрхтэй нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй брокер диллерийн компаниудын талаарх мэдээлэл.

Мөн Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа олгогдохгүй. Харин иргэн бүрийн хувьцаа өөр өөр байгаа. Учир нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдах юм байна. Ингэхдээ нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцжээ.

  • Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянга 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200 мянга 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100 мянга 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.

Ж.БАЙГАЛМАА:1072 ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭХЭД ХУГАЦАА ТОВЛООГҮЙ

1072 хувьцааны талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийттэй харилцах ахлах ажилтан Ж.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед 1072 хувьцааны дансаа брокерийн диллерийн  компанид яаралтай бүртгүүлэхгүй  хувьцааг нь автоматаар төр хурааж авна гэх мэдээлэл гараад байна. 1072 хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-“Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэдэд хувьцааны ногдол ашиг тараана гэсэн мэдээлэл нь буруу ойлголт төрүүлээд ачаалал үүсгээд байх шиг байна. Иргэд 1072 хувьцааг өнөөдөр эсвэл оноос өмнө бүртгүүлэхгүй бол болохгүй нь гэсэн буруу ойлголттой яваад байна. Иргэдийн дунд яваад байгаа шиг хувьцааны дансаа нээлгэхгүй бол болохгүй, хугацаа нь дуусна гэсэн ойлголт байхгүй. 1072 хувьцаатай иргэд дансаа нээлгэх үйл явц хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч бүртгэсээр байх болно. Заавал өнөөдөр, эсвэл тодорхой хугацааны дотор дансаа нээлгэх ёстой гэсэн зүйл байхгүй. Хэрэв иргэд хувьцааныхаа талаар мэдээлэл авахаар бол манай вэб сайтаар орж, регистрийн дугаараар шалгах болон тусгай дугаарт мессеж илгээж болно. Мөн иргэний үнэмлэхтэй Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд ирж мэдээлэл авах бүрэн боломжтой байгаа. Харин брокер диллерийн компаниудын хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажсан Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй аль ч брокер диллерийн компанид хандаж данс нээлгэх боломжтой.

-Иргэд өөрийн хувьцааны талаар мэдээллээ шалгасны дараа брокер диллерийн компанид  дансгүй бол дансаа нээлгэх боломжтой. Иргэд юуг анхаарах шаардлагатай байна вэ?

-Бидний зүгээс тогтмол брокер диллерийн компаниудын мэдээллийг гаргаж байгаа. Байршил болон холбоо барих утас зэрэг бүх мэдээллийг гаргаж байгаа. Гол нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудаас л сонгох хэрэгтэй. Иргэд брокер диллерийн компанид бүртгэлтэй хэрнээ давхар данс нээлгэх тохиолдлууд гарч байна. Тиймээс юуны түрүүнд хувьцаагаа шалгах, өөрийн мэдээллээ шалгасны дараа дансгүй бол дансаа нээлгэх ёстой.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
228
ЗөвЗөв
73
БурууБуруу
56
ТэнэглэлТэнэглэл
54
ХахаХаха
52
ХөөрхөнХөөрхөн
37
ХарамсалтайХарамсалтай
36
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж