-АНУ-д шүүх хуралдааныг үзүүлдэг ТВ суваг ч байдаг юм байна-
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзоригтой Монголын шүүхийн мэдээллийн технологийн талаар ярилцлаа. Тэрээр саяхан АНУ-д болсон цахим шүүхийн талаархи олон улсын бага хуралд оролцоод ирсэн юм. Шүүхийн шинэтгэл өрнөж байгаа энэ цаг үед Монголын шүүх цахимжих чиглэлээр ямар ажил хийж байгааг энэхүү ярилцлагаас хүлээн авч уншаарай.
-Таныг АНУ-д цахим шүүхийн талаарх хуралд оролцоод ирсэн гэж сонслоо. Холын сонингоосоо хуваалцахгүй юу. Ер нь цахим шүүх гэж яг юуг яриад байгаа талаар манай уншигчдад эхлээд танилцуулахгүй юу?
-АНУ-ын Лас Вегас хотод өнгөрсөн болсон "Цахим шүүх” сэдэвт олон улсын бага хуралд миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нартай хамторолцоод ирлээ. Энэхүү хуралд АНУ-ын мужуудын шүүх болон бусад орны шүүхүүдээс нийт 1000 гаруй төлөөлөгчид оролцон мэдээлэл сонсож,харилцан туршлага солилцсон юм. Бага хурлыг зохион байгуулагчдын зүгээс цахим шүүх болох хэрэгцээ шаардлага, зорилго түүний үр дүн, шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадвар, үнэлгээ, мобайл технологи, шүүхийн хэргийн хөдөлгөөний бүртгэлийн програмын шинэчлэл, цахим шүүхийн урт хугацааны тогтвортой байдал, шүүхийн кибер аюулгүй байдал, сүлжээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл сэдвийн хүрээнд сайн туршлага нэвтрүүлсэн мужийн шүүхүүдийн илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Мөн шүүхэд нэвтрүүлсэн шаардлагатайшинэ техник, технологи, програм хангамж, төхөөрөмжүүдийн танилцуулга болж, үзэсгэлэн зохион байгуулсан нь сонирхолтой байлаа.
XXI зуун бол мэдээллийн эрин зуун.Мэдээллийн технологи улам эрчимтэй хөгжиж, богино хугацаанд санаанд оромгvй олон зvйлийг нээж өгсөнөөр бидний өдөр тутмын амьдрал технологитой холбоогүй юм гэж байхгүй болж, нийгмийн бүх салбарт хүч түрэн орж ирж байна. Энэ ч утгаараа дэлхийн улс орнуудын шүүхүүд цахимжих асуудал нэн тэргүүний шаардлага болон тавигдах болжээ. Асар хурдацтай хөгжиж буй техник, технологийн хөгжлийн тухай харилцан, мэдээлэл, санал, туршлага солилцож, нэгдмэл ойлголтод хүрэхээр жил бүр энэхүү бага хурлыг зохион байгуулдаг.Монгол Улсын шүүхийн төлөөлөгчид анх удаа энэ арга хэмжээнд оролцлоо.
-Цаг, хөрөнгө хэмнэх шүүхийн үйлчилгээний сонирхолтой арга хэмжээнд оролцжээ.Ер нь цахим шүүхийн ач холбогдлын талаар?
-Шүүхийн үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлэх талаар бодлого хэрэгжүүлж байгаа шүүгч, ажилтан бүр тодорхой, зөв ойлголттой байх нь хамгийн чухал алхам болдог гэж үздэг байна. Цахим шүүхийн үндсэн зорилго нь мэдээллийн технологид суурилсан нээлттэй, ил тод, шуурхай, хүртээмжтэй байх шүүх засаглалын шинэчлэлт юм. Өөрөөр хэлбэл цахим хэлбэрээр илэрхийлэгдэж буй мэдээллийн технологийг ашиглан шүүхийн үйл ажиллагааны арга барилыг өөрчилнө гэж ойлгож болно.
Шүүхийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулснаар дараах үр дүнд хүрнэ гэж үздэг байна.
Үүнд:
-Шүүгч, ажилтнуудын ажлын ачааллыг эрс бууруулна.
-Шүүх болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын цаг зав, зардал асар их хэмнэгдэнэ.
-Шүүхийн зарим үйлчилгээ ажлын 8 цагаар хязгаарлагдахгүй. Жишээлбэл: Тухайн иргэн шөнийн 12 цагаас өмнө цахим хэлбэрээр холбогдож, шүүхэд материалаа явуулахад тухайн өдөртөө багтсанд тооцох гэх мэт.
-Шүүхээр үйлчлүүлэгчид шүүхийн үйлчилгээг хүнтэй харьцаж авахгүй, урт дараалалд зогсохгүй, шударгаар үйлчилгээ авах, стресс дарамтанд орохгүй.
-Цаашид цаасан хавтаст хэрэг гэсэн ойлголт байхгүй болж, хавтаст хэргийг 100 хувь электрон хэлбэрт шилжүүлснээр маш их хэмжээний цаас хэмнэж, байгаль экологийн тэнцвэрт байдалд хувь нэмрээ оруулна.
-Шүүхийн үйлчилгээг авах, шүүхэд хандах, шүүх хуралдаанд оролцоход цаг хугацаа, орон зайн бэрхшээл учрахгүй гэх мэт ач холбогдолтой юм.
-Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг интернэтээр ороод үзэх боломжтой байдаг. Харин АНУ-д шүүхийн шийдвэрийг нийтэлдэг үү?
-Иргэдийн шүүхэд хандах эрхийг ойлгуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор АНУ-ын ихэнх мужийн шүүхүүд шийдвэрээ цахим хуудсаараа нээлттэй үзүүлдэг бөгөөд үүнийг дурын иргэн интернэтээр ороод үзэх боломжтой. Мөн шүүх хуралдааныг үзүүлдэг ТВ суваг ч байдаг юм байна. Флорида мужийн хувьдгэхэд л архивласан шүүх хуралдааны бичлэгийг вэб хуудсандаа нээлттэй байрлуулчихдаг юм байна. АНУ-д сүүлийн үед хувь хүний мэдээллийг ашигласан зөрчил ихээр гараад эхэлсэн байна. Үүнийг шалгаад үзтэл шүүхээс олон нийтэд ил гаргасан шийдвэрт байгаа мэдээллийг ашигласан байсан.Иймд олон нийтэд ил гарах шийдвэрийн хувь хүний мэдээллийг нууцалж, шүүхийнхэн өөрсдөө тусгай эрхээр хандаж бүрэн мэдээлэл авах боломжтойгоор шийдвэрлэж эхлээд байгаа юм байна.
-Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдал өндөр түвшинд яригдах нь ойлгомжтой юм байна?
-Шүүхийн цахим мэдээллийн аюулгүй байдлын хувьд гадны халдлага бол том асуудал биш гэж үздэг юм байна. Учир нь шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой бөгөөд шүүх хуралдаан нь нээлттэй, шүүхийн шийдвэр нь олон нийтэд ил байгаа болохоор нууцлаад байх юм байхгүй тул мэдээлэл алдаад ноцтой хор уршиг учирна гэж үздэггүй. Гол нь шүүхийн үйл ажиллагааг доголдуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны програмыг гацаахгүй ажиллуулах нь чухал гэж үзэж, энэ тал дээр анхаарлаа хандуулахыг илүүд үздэг гэж танилцуулж байна. Харин цахим гэмт хэргийн өсөлт их байгаа бөгөөд арга нь улам нарийсч энэ төрлийн гэмт хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хуулийн заалтуудыг улам боловсронгуй болгох тал дээр ажиллах хэрэгтэй талаар яригдаж байна. Монгол Улсын хувьд ч гэсэн энэ тал дээр анхаарлаа хандуулж Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг боловсронгуй болгох шаардлагатай болов уу гэж бодогдсон.
-АНУ-ын шүүхийн мэдээллийн технологийн түүхтэй мэдээж танилцсан байх?
-Цаг хугацааны хувьд яг тодорхойлсон зүйлгүй. Гэхдээ 1970 оноос АНУ-ын шүүх бусад төрийн байгууллагуудын дунд том овортой компьютер ашиглаж эхэлсэн бөгөөд 1980 оны сүүлээр шүүхийн шүүгч, ажилтнууд нь компьютертэй болж, 1990 оны дунд үеэс мэдээллийн технологийн нэгж, мэргэжилтнүүдтэй болж эхэлжээ. Гэхдээ хэргийн хөдөлгөөний програмгүй байсан тул компьютерийг хуралдааны тэмдэглэл, шийдвэр бичих, судалгаа гаргах, санхүүгийн тайлан баланс гаргах зэргээр хязгаарлагдмал байдлаар ашигладаг байжээ. 1990 оны сүүл үеэс шүүхийн үйл ажиллагаанд цахим хуудас, цахим шуудан, хэргийн хөдөлгөөний програм, шүүх хуралдааны дуу хураагуур, дүрс бичлэгийг ашиглаж эхэлснээр АНУ-ын шүүхийн мэдээллийн технологи жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн гэж үздэг байна. Одоо ч хөгжил нь үргэлжилсээр байна.
АНУ-ын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Жон Ж.Робертс Холбооны Шүүх Засаглалын 2014 оны жилийн эцсийн тайландаа АНУ-ын шүүхүүдэд нэвтрүүлсэн мэдээллийн технологийн ажлуудад онцгой ач холбогдол өгсөн байна.
АНУ-ын шүүх мөн шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг олгох зорилгоор мэдээллийн технологийг ашиглан шүүх хуралдааны танхимыг орчин үеийн төхөөрөмжөөр тоноглосон. Өмгөөлөгчид шүүх хуралдааны үеэр компьютер болон бусад тоног төхөөрөмжийн тусламжтай график, видео, бусад нотлох баримтыг шүүгчид болон тангарагтнуудад танилцуулан илүү үр дүнтэй мэтгэлцэх боломжтой болсон байна. Улс орон даяараа "CM/ECF”гэдэг электрон хэрэг бүртгэл, хэрэг маргааны менежментийн системийг нэвтрүүлсэн явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон захиргааны ажилд хувьсгал хийсэн үйл явдалд тооцож байна. Хамгийн чухал нь шинэ технологийг хэрэглэн шүүхүүдийг өдөр бүр ажлаар дарж байдаг хэрэг, маргаан шийдвэрлэх явцад гардаг нэхэмжлэл, хэрэг хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүртгэл, олон тооны шүүх хуралдаан, хэрэг буцаалт зэрэг процессуудыг автоматжуулсан явдал гэж үзсэн байна.
-Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологитой харьцуулж явсан байх. Монголын шүүхийн талаарх тэдний төсөөлөл ямар байна?
-Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны талаар англи хэл дээрх танилцуулгыг бид авч явсан. Бага хурлын үеэр бусад орны шүүхийн болон АНУ-ын зарим мужийн шүүхийн төлөөлөгчидтэй уулзаж харилцан санал, туршлага солилцоход манай шүүхийн мэдээллийн технологи хол хоцроогүй байна. Харин ч хурдацтай хөгжиж байна гэсэн үнэлэлт өгч байлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр "Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөр баталж, түүгээрээ шүүхийнхээ мэдээллийн технологийн хөгжлийн бодлогыг тодорхойлсон.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй хэдий ч нийт шүүхийн байрыг шилэн кабелиар холбож, шүүхийн нэгдсэн сүлжээг байгууллаа.
Иргэд интернэтээр бүх шатны шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны товыг үзэх боломжтой шүүхийн цахим сан /www.shuukh.mn/-г ажиллуулж байна.
Мөн энэхүү цахим сангийн ухаалаг утасны хувилбарыг гаргалаа.Бүх төрлийн ухаалаг утас, таблетаас интернэт дэлгүүр лүүгээ ороод "shuukh” аппликэйшнийг үнэгүй татан авч суулган үзэх боломжтой болсон.
Шүүхийн байранд очоод нээлттэй шүүх хуралдааныг тусгай дэлгэцээр шууд үзэх боломж бүрдсэн.
Орон нутгийн шүүхүүдэд видео хурлын төхөөрөмж суурилуулснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх төрлийн сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийгонлайн хэлбэрээр явуулдаг боллоо.Шүүхүүд хоорондоо холбогдож мэдээ, мэдээлэл солилцох, тэр байтугай шүүх хуралдаанд алсын зайнаас гэрч, шинжээчийг оролцуулж байна.
Шүүхэд ашиглаж буй програм хангамжийг боловсронгуй болгон шинэчилж, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тус тусын онцлогийг тусгасан нэгдсэн системийг нэвтрүүлээд байна. Энэ програм нь програм нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдтэй холбогдлоо.
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах програм хангамжийг боловсруулж, шүүгчид нэр дэвшигч бүртгүүлэхээс эхлээд шалгалт өгөх, шалгалтыг дүгнэх нэгдсэн оноо харах зэрэх бүх процессийг цахимаар субьектив нөлөөлөлгүй, шударга явуулах боломж бүрдлээ
Иймд цахим шүүх болох мэдээллийн технологийн үндэс суурь нь бүрэн тавигдсан гэж үзэж болно. Цаашид энэ чиглэлээр зардал мөнгөө зөв төлөвлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системийг улам боловсронгуй болгох, тогтвортой хөгжүүлэх, хүний нөөцийг бэлдэх, бусад хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран ажиллах тал дээрээ анхаарлаа хандуулбал Монгол Улсын шүүх өндөр хөгжилтэй орны шүүхийн түвшинд хүрч ажиллахбүрэн боломжтой болох юм.
Л.ХАЛИУ