Засгийн газар өнөөдөр 16.00 цагт хуралдахаар товлосон ч хараахан эхлээгүй байна. Уг хуралдаан нь Шийдлийн Засгийн газрын оны эхний хуралдаан болох юм. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал одоогоор тодорхойгүй байна.
Засгийн газар өмнөх хуралдаанаараа хэд, хэдэн чухал шийдвэр гаргасны дотор төрийн албаныхны тэтгэвэрт гарахад авдаг нэг удаагийн тэтгэмжид өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэрт гарах бол нэг удаагийн тэтгэмж болгож 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлэг авдаг байсныг төрийн албанд ажилласан жилээр нь тооцож олгохоор өөрчилсөн. Энэ нь тухайн иргэн төрийн албанд 20 жил ажилласан бол 20 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авахаар өөрчилсөн юм.
Энэ журмыг боловсрол, эрүүл мэндийн салбарын багш, эмч ажиллагсдад мөн хамаарна. Гэхдээ салбарынх нь хуулиудад өөрчлөлт оруулах хүрээнд журмыг мөрдөх тул эл асуудлыг Хөдөлмөрийн сайдыг хариуцаж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас даалгасан юм.
Г.НАРАН