Интернет болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдал гарч байна. Энэ нь дэлхийн олон улс үндэстний засгийн газар, мэдээлэл, технологийн салбар, иргэний нийгэм, олон нийтийн хувьд томоохон тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсад ч энэ асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж, анхаарал татаж байгаа билээ.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран зохион байгуулж буй “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.09.19/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь дээрх асуудлаар салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хөндөж байгаа юм.
ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ИХЭВЧЛЭН ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ
Энэ үеэр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлах тасгийн дарга, ахмад Д.Будзаантай цөөн хором ярилцлаа.
– Сошиал орчноос үүдэлтэй гэмт хэргийн гаралт ихсэж байна уу?
-Цагдаагийн байгууллагад 2012 онд 17 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. Тэгтэл өнгөрсөн онд 299 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн. Мөн 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт хоёр дахин ихэссэн. Үүнийг 2012 онтой харьцуулбал гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд 20 дахин ихэссэн үзүүлэлттэй байна. Тэгэхээр өнөөдөр цахим орчинд бид хүүхдээ хамгаалж чадаж байна уу гэдэг асуудал яригдлаа.
-ЦЕГ-аас “Unfriend” хөдөлгөөнийг санаачилсан. Энэхүү хөдөлгөөний ач холбогдол юу байна вэ?
-Бид энэхүү хөдөлгөөний хүрээнд цахим орчинд зохистой хэрэглээг бий болгох, иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нь чухалчилж байна. Энэ хөдөлгөөнд одоогийн байдлаар Монгол Улсад давхардсан тоогоор 10 сая гаруй хүнд мэдээлэл очсон. Бид энэхүү хөдөлгөөний хүрээнд ЕБС-ийн 700 гаруй сургууль сургалт зохион байгуулсан. Мөн цахим орчны аюулгүй байдлыг хэрхэн хангах чиглэлээр 100 гаруй их дээд сургуульд сургалт хийсэн. Тус хөдөлгөөнд ТББ, хувийн хэвшлийн нэлээн олон байгуулагууд нэгдсэн. Цахим гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Хохирогч болчхоод цагдаагийн байгууллагад мэдээллэдэггүй. Учир нь тэд нэр хүнд унана хэмээн эмээж мэдээллээс айдаг. Үүний улмаас цахим гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завшаад үлддэг юм.
-Цахим гэмт хэрэгт хэдэн насныхан түлхүү холбогдож, хохирогч болж байгаа юм бол?
-ЕБС-ийн сурагчдын 94 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Ихэвчлэн 8-10 насны хүүхдүүд хохирогч болж байна.
-Цагдаагийн байгууллагаас хуурамч хаяг, садар самуун сурталчилсан фэйж хуудсанд хяналт тавьдаг уу?
-Цагдаагийн байгууллагаас садар самуун сурталчилсан, хуурамч мэдээлэлтэй фэйсбүүк хаягийг олж илрүүлээд дор бүр нь хяналт тавиад ажиллаж байгаа. ЦЕГ-асс “Black List” гээд фэйж хуудсыг нээгээд иргэдийн мэдээллийн дагуу хуурамч хаяг, хуудссыг устгаж байгаа. Энэ хуудсанд иргэд маш идэвхтэйгээр нэгдэж одоогоор 20 мянган гишүүнтэй болсон.
Э.АРИУН
Холбоотой мэдээ