Түгээлтийн машиныг шөнийн цагаар хөдөлгөөнд оролцуулна

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Түгээлтийн машиныг шөнийн цагаар хөдөлгөөнд оролцуулна

Түгээлтийн машиныг шөнийн цагаар хөдөлгөөнд оролцуулна

Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний зохицуулалтыг хангах, түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх тухай тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг  өнөөдөр /2018.09.19/ НИТХ-ын дарга С.Амарсайхан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс сонслоо.

Нийслэлийн хамгийн их түгжирдэг уулзварууд болон гол замтай нийлсэн гарц бүхий хэсэгт шар дөрвөлжин  буюу yellow box-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулж байгаа аж. Тус шар тэмдэглээг  Цэцэг төв, Ус цаг уурын хүрээлэн,  Төв музей, МУБИС-ийн уулзваруудад ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө хийж дуусгах юм байна. Ингэснээр уулзвар дээрх түгжрэл 90 хувь, уулзвар хүртэлх ачаалал 0.5 хувиар  нэмэгдэнэ гэсэн судалгааг хийсэн байна. Шар дөрвөлжин тэмдэглээг хийхэд зарцуулах 200 сая гаруй төгрөгийг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэжээ. Түүнчлэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хэрэгжихээс өмнө  ачаалал ихтэй уулзварууд нэмж дээрх шар тэмдэглээг хийхээр төлөвлөжээ.

Мөн  ачаа түгээлтийн болон бараа түгээлт, таталтын дунд, том оврын автомашинуудыг өдрийн цагаар бус, замын хөдөлгөөний эрчим буурсан шөнийн цагаар хөдөлгөөнд оролцуулах тухай  тогтоол гаргажээ. Барилга, тавилгын үйлдвэрүүдийн машинуудыг цагийн хязгаартайгаар буюу оройн цагаар явуулдаг болох, ачаа тээвэрлэх автомашинуудад GPS суулгаж тухайн батлагдсан хуваарь, маршрутын дагуу явж байгаа эсэхэд хяналт тавих аж.

Улаан зураастай хэсгүүдээр өглөөний 07.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл ачааны тээврийн хэрэгсэл нэвтрэхгүй юм байна. Харин түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнүүдийн түгээлтийг хэрхэн зохицуулах талаар дахин ярилцахаар болов. Танилцуулгад дурдахдаа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнүүдийн түгээлтийг өдрийн 12 цаг хүртэл дугаарлалт, бүслэлт хязгаарлахгүйгээр  түгээлт хийх боломжтой гэсэн бол  НИТХ-ын дарга С.Амарсайхан үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж харин ч эсрэгээрээ  түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнүүдийн түгээлтийг шөнийн цагаар явуулж өглөө худалдагчдын гарч очиход бэлэн байх ёстой гэдэг тайлбарыг хийв.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 20 мянга гаруй түгээлтийн автомашин хөдөлгөөнд оролцож байна. Түгээлт хийх үедээ буюу  тухайн орчинд хамгийн багадаа 15-20 минут зогсож түгжрэл, замын ачааллыг 30 хувиар нэмэгдүүлж байгаа гэдийг тэрбээр мөн онцлов.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “ Түгжрэлийг бууруулах  чиглэлд бага тойруу дотор болон хотын захуудад хоёр өөр бодлого барина. Хотын захуудад түгжрэл бага учраас тээвэрлэлтэд хориглосон бодлого барихгүй байгаа. Хэрвээ нийслэлийн хэмжээнд өдрийн цагаар бүх тээвэрлэлтийг хязгаарлах юм бол портероор зөөдөг ачаанууд бүгд микро автобус руу шилжих магадлал өндөр. Цаашлаад ачаа бараагаа жижиглэн  жижиг тэргээр  зөөхийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ тал дээр бид уян хатан бодлого барьж ажиллах хэрэгтэй. Аль болох  замын хөдөлгөөнд ачаалал болохгүй цагуудаар зохицуулалт хийнэ” гэлээ.

Ш.АДЪЯАМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж