МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ынхан багш нарын тэмцлийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ынхан багш нарын тэмцлийг дэмжив

МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ынхан багш нарын тэмцлийг дэмжив

“Монгол Ньюс” мэдээллийн төвд МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ын дарга нар мэдээлэл хийлээ. Тэд багш нарын цалин нэмэгдүүлэхийн төлөөх тэмцэл ингээд зогсож байгаад эсэргүүцэж байгаа аж.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тулга:

-Багш нар цалингаа нэмэгдүүлэхийн тулд тэмцээд байгаа юм биш. Өнгөрсөн арван жилд ам.долларын ханш өсч, инфляц нэмэгдсэнээс үүдэж Монгол төгрөг үнэгүйдсэн. Тиймээс хулгайлагдсан мөнгөө тэнцүүлэх шаардлага тавьж тэмцсэн гэж ойлгож байгаа. Тиймээс багш нарын тэмцлийг дэмжиж байгаа юм.

МНН-ын дарга О.Бум-Ялагч:

-Өнгөрсөн 2008 онд ам.доллар 1150 төгрөг байсан бол 2018 онд 2500 төгрөгтэй тэнцэж байна. Атар талх 660 төгрөг байсан 1210 төгрөг болсон байх жишээтэй. Нийгэм эдийн засгийн байдал хямарч байгаа тул багш нар маань бүсээ чангалах бололцоогүй болсон. Тиймээс багш нарын тэмцлийг манай нам дэмжиж байгаа. Германд багш нарын цалин 5300 евро байдаг бол монголд 200 евро байна. Тиймээс бид тэмцэх ёстой. Багш нарын цалинг хөвдөг болгочихвол өнөөдрийн асуудал үүсэхгүй. Гэтэл эрх баригчид ажлаа хийхгүй байна. Хийдэг хүмүүсийг нь гаргаж, ирээдүйг харсан бодлого боловсруулах хэрэгтэй байна.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:

-Багш нарын тэмцэл үүгээр дуусаагүй, ажил хаялт түр зогссон байгаа. Тэгэхээр ирэх оны төсөв хэрхэн батлагдахаас хамаарч цаашдын асуудал шийдэгдэнэ. Бид бол багш нарын суурь цалинг 1,5 сая төгрөгт хүргэхээс цааш мөнгөний ханшийн зөрүүг арилгаж чадахгүй юм.  Багш нарын нэг сурагчид ногдох хувьсах зардал анх 2008 онд батлагдаж байсан. Үүнээс хойш өөрчлөгдөөгүй. Тэгэхээр суурь цалингаа зөв, шударга тавьж байж дараагийн асуудлыг ярих ёстой. Өнөөдрийн багш нарын тэмцэл бол өнөөгийн ялзралын эсрэг тэмцэл юм. Намрын чуулганаар хэлэлцэх 2019 оны төсөв хэрхэн батлагдахаас багш нарын тэмцэл хамаарна. Тиймээс багш нарын тэмцлийг улс төрийн өнцгөөс харахаас илүү, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт юм.

Ийнхүү дээрх дөрвөн намаас мэдэгдэл гаргасныг МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл уншиж, танилцуулав.

Тэрбээр “Багш нарын суурь цалинг 1,5 саяд хүргэх бүрэн боломжтой. Багш нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэж олон сарын турш тэмцсэн ч, эрх баригчдын нүд нь сохор, чих нь дүлий байсаар хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. МАНАН бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан олон жилийн бодлогын золиос нь жирийн ард иргэд болж байна. Цалингийн ангиллаар хамгийн бага цалинтайд тооцогдож байгаа тул ажил хаяхаас өөр аргагүй болсныг удаа дараа сануулсан ч МАН-ын Засгийн газар тоохгүй байсаар өдийг хүрсэн юм. Эрх баригчид МҮЭХ-г элдвийн аргаар хууран мэхэлсээр багш нарын тэмцлийг тасаллаа. Багш, эмч нарын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломж байна.

Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөн шинэчлэх, татварын шалгалтаар тогтоогдсон 1,8 тэрбум ам.долларын төлбөрийг төлүүлэх замаар цалин нэмэх боломж байна.

Хоёрт, Байгалийн баялгийг түүхийгээр нь экспортолж байгаа тохиолдолд татвар ногдуулж болно.

Гуравт, оффшор данс руу зугтаалгасан их хэмжээний мөнгийг эргүүлэн төвлөрүүлэх.

Дөрөвт, Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж, их хэмжээний мөнгө авсан этгээдээс хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох замаар цалин нэмэх боломжтой. Иймд багш нарынхаа зүй ёсны шударга шаардлагыг олноороо уухайлан дэмжицгээе” гэж уриалав.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж