Нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлож, хууль зөрчиж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлож, хууль зөрчиж байна

Нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлож, хууль зөрчиж байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2018.09.19/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, нөхөрлөл нь эрүүл газарт олборлолт хийж, хууль зөрчиж байна гэж мэдэгдлээ.

Тус зөвлөлийн гишүүн Б.Энхбат Ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдсан Уул уурхайн ажлын хэсгийн гишүүдийн хамтаар өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт ажилласан байна. Гэтэл Жаргалант суманд нэр бүхий аж ахуйн нэгж нь Бөөрөлжүүтийн гол дотор олборлолт явуулж байсан аж. Үүнийг бичлэгээр баримтжуулж авсан байна.

Бөөрөлжүүтийн голоос Байдраг, Бөөн цагаан нуур эх авдаг.  Олборлолтоос болж Бөөрөлжүүтийн гол ширгэвэл Байдраг, Бөөн цагаан нуур ч мөн байхгүй болох эрсдэлтэй юм байна. Иймээс хууль зөрчин, үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийг Авлигатай тэмцэх газраар шалгуулна гэлээ.

Үүнээс гадна сумын Засаг дарга нь уурхайн талбайд хувь эзэмшдэг зэрэг зөрчлүүд бий аж. Хуулиараа Засаг дарга нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хяналт тавих ёстой атал өөрөө хувь эзэмшдэг нь хяналт тавих боломжгүйд хүргэдэг байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн тайлбарласнаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрээ биелүүлдэггүй. Хууль зөрчиж, өөртөө дур мэдэн авто машин худалдан авсан. Уурын зуух шинэчлэх 2 тэрбум төгрөгийн ажлыг тендер зарлалгүйгээр шийдсэн.

Гаалийн мэдүүлэггүй 16 тонн химийн бодисын хэргийг хууль хяналтын байгууллагынхан нь Зөрчлийн хуулиар торгууль ногдуулаад өнгөрөөдөг гээд ноцтой үйлдэл гарсан.

“Авлигатай тэмцэх газар, Прокурор, Шүүхийн шинжилгээний хүрээлэн зэрэг хуулийн байгууллагууд 60 тэрбумын асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. Энэ нь хууль, хяналтын байгууллагууд авлигад хүчтэй идэгдсэнийг харуулж байгаа юм. 60 тэрбумын бичлэг Эрүүгийн хуулийн 19.2, 19.9-р заалтуудыг ноцтой зөрчсөн.

Энэ заалтуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1-д үндэслэн Тагнуулын ерөнхий газар ажиллах ёстой. Гэтэл зөвхөн авлига авахыг завдсан гэх зүйлчлэлээр зөвхөн АТГ шалгаж, төрийн албанд томилогдсон хэдэн хүмүүсээс  тайлбар авсан болонгуутаа нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргачихсан. Тиймээс Олон нийтийн зөвлөл 60 тэрбумыг асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгах ёстой гэж үзэж байна” гэж  хэллээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж