Ачийг амжилтаар хариулна

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Ачийг амжилтаар хариулна

Эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан хариу нэхээгүй тусыг амжилтаар хариулахыг хичээж байна


Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд 2014 он ялалт, амжилтын жил байлаа. ДАШТ-ээс хос медаль хүртэж, багаараа зургадугаар байрт шалгарч, Дэлхийн цомын тэмцээнд дэлхийн шилдэг 10 багаас тавдугаар байрт шалгарч, ААШТ-ээс аварга төрүүлж, багийн дүнгээр мөнгөн цом хүртсэн юм. Чухам Монголын чөлөөт бөхийн “Мөнгөн үе”-ийнхнээс хойш дуулдаагүй амжилт юм. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ОУХМ Л.Энхбаяр, шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир, ОУХМ Д.Хүдэрбулга нартай 2015 оны анхны бэлтгэлийнх нь дараа ярилцсанаа хүргэе. Тэд энэхүү амжилтаа маш олон хүний хичээл зүтгэлийн дүнд бий болсныг онцолж байв.

-Та шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувьд 2014 оныг дүгнээд ярихгүй юу?

-Ц.Ц: “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадмын мөчлөгийн хоёр дахь жил байлаа. Манай тамирчид Узбекистаны нийслэл Ташкентад есдүгээр сард болсон ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртсэн. Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид ДАШТ-ээс хамгийн сүүлд 1985 онд хос медаль хүртэж байсан. 2014 оны ДАШТ-д мөн гурван тамирчин шагналт байрт шалгарснаар багийн дүнгээр 29 оноогоор зургадугаар байрт шалгарч, 2015 оны Дэлхийн цомд оролцох эрхтэй болсон.

Бид 2013 оны ДАШТ-д багаараа наймдугаар байр эзэлснээр өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотод болсон Дэлхийн цомд оролцсон. Энэхүү тэмцээнд 12 жилийн дараа дахин оролцохдоо Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд ОХУ-ын шигшээ багтаа анх удаа тэнцсэн (4:4). Дэлхийн шилдэг 10 багаас тавдугаар байр эзэлсэн нь муугүй амжилт.

Үргэлжлүүлээд Казахстаны Алматы хотод дөрөвдүгээр сард болсон ААШТ-д найман тамирчин оролцсоноос нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл, нийт долоон медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байрт орсноор мөнгөн цомын эзэн болсон. Эрэгтэйчүүдээс Азийн аварга 2006 оноос хойш төрөөгүй, нутагтаа болсон 2001 оны ААШТ-ээс хойш багаараа аман хүзүүдээгүй байсан юм.

Энэ бүгд эрэгтэйчүүдийн багийн хувьд сүүлийн 20 гаруй жил гараагүй харьцангуй өндөр амжилт бөгөөд зөв удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, дасгалжуулагчид, баг хамт олны уйгагүй хамтын ажиллагааны үр дүнд 2014 онд хүлээсэн үүргээ 100 хувь амжилттай биелүүлсэн гэж үзэж байна. Эдгээр амжилтыг маш олон хүний тус дэм, оролцоотойгоор гаргасныг зориуд онцлон хэлье.

-2014 онд нийт хэдэн тэмцээнд оролцсон бэ?

-Л.Э: Олон улс, тив, дэлхийн чанартай 18 тэмцээнд давхардсан тоогоор 140 тамирчин оролцсоноос 18 алт, 16 мөнгө, 41 хүрэл, нийт 75 медаль хүртсэн.

-2013 оны хоёрдугаар сард шиг­шээ баг шинээр байгуулагдаж, ахлах дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, дасгал­жуулагчаар Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр томилогдосон. Та бүгд хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Б.Б: Тийм ээ. 2012 оны Лондоны олимпийн дараа Спортын бэлтгэлийн төв байгуулагдаж, мэдлэг чадвартай дасгалжуулагчдыг сонгон шалгаруулсан. Мэргэжлийн хичээл, компьютер, гадаад хэлний шалгалт авч, ур чадварын үзүүлэлт, ажилласан туршлага, амжилт зэргийг нь харж байж сонгож авсан. Үүний үндсэн дээр санаа сэтгэл, арга туршлага нийлсэн хүчтэй баг бүрэлдсэн. Бид элгээрээ хэвтээд байсан эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийг богино хугацаанд чадлынхаа хэрээр босгож ирлээ. Ингэх амар байгаагүй. Бид өдөр, шөнөгүй ажилласан. Бид дөрөв ажлаа анх аваад, Спортын бэлтгэлийн төвийн Үндэс­ний шигшээ багуудын ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч А.Басхүүтэй уулзахад “Сургалт дасгалжуулалтыг шинжлэх ухаа­ны үндэслэлтэй, нэгдсэн төлөвлөгөөтэй, шуурхай, шударга, чин сэтгэлээсээ ажиллаж байж бид чөлөөт бөхөө аварна” гэж хэлсэн. Үнэхээр үнэн үг байсан нь манай багийн амжилтаас тод харагдаж байна.

-Та дөрөв хамгийн анх уулзахдаа яг юуг тохирсон бэ?

-Л.Э: А.Басхүү багш биднээс “Яагаад ийм болов”, “Ямар гарц байна вэ”, “Одоо яах вэ” гэсэн асуултыг тавьж, үүнээс гарах гарцыг олж, өдөр тутмынхаа ажилд хэрэгжүүлж, зорилго зорилтоо зөв тодорхойлон ажиллахыг байнга зөвлөдөг. Бид ч үүний дагуу “Рио-де-Жанейро-2016” зуны олимпийн наадмын мөчлөгийн нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манай багийн дотоодын эв нэгдэл сайн байсан төдийгүй, оновчтой зөв төлөвлөлт хийж, түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр Спортын бэлтгэлийн төв, Үндэсний шигшээ багийн алба, Эрдэм шинжилгээ, судалгааны алба, Спортын анагаах ухааны албатай нягт уялдаа холбоотой ажилласны үр дүнд дээрх амжилтад хүрсэн. Манай тамирчдын амжилт шат шатаар ахиж байна.

-Ц.Ц: А.Басхүү багшийн зөвлөснөөр, дээрх албадтай хамтран том тэмцээний өмнөх бэлтгэлийн тамирчин тус бүртэй үеэр хяналт, сорилт, дүгнэлт, хэлэлцүүлэг, өөрчлөн тохируулалт, цогоц шинэлэг арга барилыг нэвтрүүлэн ажилласнаар ур чадвар нь өсч, эдгээр амжилтыг гаргалаа. 

-Б.Б: Бид ажилдаа шинжлэх ухааны ололт амжилт, орчин үеийн арга барилуудыг нэвтрүүлэх зорилготой ажилласан. Дасгал­жуулагчдын багт нэгийгээ үл тоосон, амиа бодсон байдал байдаггүй. А.Басхүү багш маань зөвхөн чөлөөт бөхийн багт үнэтэй зөвлөгөөгөө өгөх бус Үндэсний шигшээ багийн бусад 17 баг хамт олонтой өглөөнөөс орой хүртэл цаг наргүйгээр, шантралгүй ажиллаж байдаг.

-О.П: Эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг тусдаа байгуулагдаж, өөр өөрсдийн нэгдсэн төлөвлөгөөгөөр бэлтгэлээ хийх болсон нь их зөв шийдвэр болсон. Хамгийн гол нь бид шударга байдлыг эрхэмлэн, эв нэгдэлтэй ажиллахыг хичээсэн. Хэний шавь байх нь хамаагүй, хэн сайн байгааг нь шалгаруулж тэмцээн, уралдаанд явуулж байхыг тохирсон. Тулгамдсан асуудлыг цаг тухай бүрд нь сайн зөвлөлдөн ярилцаж, гарах гарцыг олж, ажлаа хуваарилж авдаг. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр баг хамт олноо их зөв зохион байгуулж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

-Шигшээ багийн дасгал­жуулагчдын тухай тамирчид юу хэлэх вэ?

-Э.Н: Манай багийн дасгал­жуулагчид гар нийлж ажиллаж байна. Багш нар эвтэй байхад дагаад тамирчид эвтэй байна. Ингэснээр бэлтгэл сургуулилалт маш их үр дүнтэй болж, тамирчид өндөр амжилт үзүүлэх болсон.

-Г.М: Олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг шударгаар сонгон шалгаруулдаг болсон. “Алдар” спорт хорооны тамирчин Д.Цогтбаатар 2013 оны УАШТ-д Э.Ням-Очирыг ялж түрүүлсэн ч ДАШТ-д яваагүй. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаярын үндсэн шавь ч гэсэн. Э.Ням-Очир 2013 оны хавар Яшар Догугийн нэрэмжит тэмцээнээс мөнгө, Дан Коловын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Ингээд багш нар тэдний хооронд сорил барилдаан хийхэд Э.Ням-Очир ялснаар ДАШТ-д оролцох эрхийг авсан.

-Спортын бэлтгэлийн төвийн дарга, гавьяат тамирчин Б.Наран­­баатар дэлхийн хэмжээ­­ний бөх. Зодог тайлаад удаагүй байгаа тэрбээр шигшээ багийнхантайгаа хэр холбоотой байна вэ?

-Г.М: Б.Наранбаатар ах дэлхийд данстай, өндөр ур чадвартай бөхийн хувьд бэлтгэл сургуулилтад өөрийн биеэр оролцож, дүү нартаа арвин туршлагаа хуваалцаж, зааж, зөвлөн сургаж байгаа нь бидний амжилтад сайнаар нөлөөлдөг.

-Э.Н: Спортын бэлтгэлийн төв, Үндэсний шигшээ баг тив, дэлхийд өрсөлдөх чадвартай тамирчдыг бэлтгэн гаргадаг. Саяхан болтол энэхүү тогоонд чанагдсан, тамирчны зовлон жаргалыг нь маш сайн мэддэг Б.Наранбаатар ах энэхүү байгууллагыг удирдан авч яваа нь чөлөөт бөхийн төдийгүй спортын бусад төрлийн тамирчдад ч амжилт гаргах таатай боломжийг олгодог. Тамирчид хоорондоо энэ тухай ярилцдаг.

-2014 он тэмцээн уралдааны хувьд ийм байж. Бэлтгэл цугларалтын тухайд …

-Л.Э: Эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан 2014 онд бэлтгэлийн 285 өдөрт 533 удаагийн бэлтгэлийг 1218 цагт хийж, дотоод, гадаадын нийт 11 цугларалт, хамтарсан бэлтгэлийн 152 хоногт давхардсан тоогоор 290 тамирчин хамруулсан байна.

-Цугларалт бэлтгэл хэдээс хэд хоногийн хугацаанд үргэлжилж, хэдээс хэдэн хүн хамрагдаж байна вэ?

-Л.Э: Гадаадынхад 20-25, дотоодынход 30-40 хүн хамрагдаж байна. Нэг цугларалт бэлтгэл 15-30 хоног үргэлжилдэг.

-Дотоодын цугларалт бэлт­гэлийн нэг хүний нэг өдрийн зардал хэдэн төгрөг болдог вэ?

-Л.Э: Нэг хүний өдрийн зардал хамгийн хямддаа 30 мянган төгрөг. Гэхдээ олдох нь их цөөхөн дөө. Хамгийн үнэтэйдээ 45 мянган төгрөг байдаг.

-Энэ олон бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг маш их хэрэгтэй. Үүнийг хэрхэн болгож байна вэ. Спортын бэлтгэлийн төвөөс хуваарилсан мөнгө хүрэлцдэг үү?

-Б.Б: Бид жил бүрийн нэгдсэн төлөвлөлтийн зорилгоо биелүүлэхийн тулд бэлтгэл цугларалтад гарах, олон улсын тэмцээн уралдаанд оролцох, хамтарсан бэлтгэл хийх зайлшгүй шаардлагатай. Санхүүгийн гол ачааг Спортын бэлтгэлийн төв шийдвэрлэдэг. Бид тэдний төсөвлөж өгсөн мөнгийг тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалт гээд бүх зүйлдээ зарцуулдаг ч хаа хаанаа хүрэлцдэггүй. Эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлт ч нөлөөлдөг байх.

-Ц.Ц: Гэхдээ энэ бүхнийг бөхөд элэгтэй олон хүний буянаар болгож байна. Ялангуяа “Тайгам Алтай” ХХК-ийн захирал Ц.Даваасүрэн, Ц.Сономпил, орлогч захирал, гавьяат тамирчин Н.Бүргэдаа нарыг дурдах хэрэгтэй. Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, самбо бөхийн “Найрамдал” тэмцээний аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Нанзадын Бүргэдаа гэж энэ хүн бизнес эрхлэхийн хажуугаар чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багт зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж, бидэнд маш их тусалж дэмждэг. Энэ завшааныг ашиглаад “Тайгам Алтай” ХХК-ийн удирдлага, хамт олонд Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг хөгжүүлэхэд байнга дэмжиж тусалдагт нь баярлаж явдгаа илэрхийлье.

-Гавьяат тамирчин Н.Бүргэ­дааг Г.Мандахнаранд байр өгснийг мэдэх юм …

-О.П: Шигшээ баг 2013 оны хоёрдугаар сард байгуулагдаж, намар нь анхныхаа ДАШТ-д хүч үзсэн. Эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс медаль хүртэлгүй зургаан жил болсон байсан хүнд үе. Манайхан ДАШТ-ий бэлтгэлээ Орхон аймгийн “Олимп” баазад хангаж байхад Н.Бүргэдаа ах нийт баг хамт олны өмнө “Хүүхдүүд минь. Би бөхийн төлөө явж буй залуучуудын амьдрал ямархуу байдгийг сайн мэднэ. Энэ замыг би өөрөө туулж ирсэн. Ийм учраас би та нартаа эрч хүч, урам зориг хайрлахыг хүсч байна. ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчныг “Тайгам Алтай” ХХК-ийнхаа барьж буй гурван өрөө байранд 50 хувийн хөнгөлөлттэй орох эрхээр шагнана. Хэдэн ч тамирчин медаль хүртсэн хамаагүй. Энэ зүйл цаашдаа уламжлал болно. Ах нь та нарыг боломжоороо дэмжинэ” гэж хэлсэн нь манай тамирчдад маш их урам зориг хайрласан. “Хариу нэхээгүй тус” гэж үүнийг л хэлэх байх. Н.Бүргэдаа ах чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн амжилтыг өөрийнхөө барилдаж явсан үеийнх шиг дэлхийн хэмжээнд гаргаж ирэхийг л хүссэн.

-Г.М: Би Н.Бүргэдаа ахдаа маш их баярлаж явдаг юм. 2013 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ч Н.Бүргэдаа ахын надад амалсан гурван өрөө байрын нөгөө 50 хувийг нь олж чадахгүй л яваад байлаа. Олон хүнээс тусламж хүссэн ч болоогүй. Харин Н.Бүргэдаа ах энэ хүүд би л туслахгүй бол болохгүй нь гэж бодсон уу, намайг гавьяат тамирчин цолын найраа хийх үеэр байраа 100 хувь хөнгөлж олгохоо мэдэгдэхэд маш их баярласан.

-Байрандаа орсон уу?

-Г.М: Манай байр хоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орно. Би “Олимп” хотхонд 14 давхарт, 56 тоот байраа захиалчихсан. Одоо орох л үлдээд байна. Н.Бүргэдаа ах ганц намайг гэлтгүй эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн С.Батцэцэг, мөнгөн медаль хүртсэн Д.Отгон­цэцэг зэрэг олон хүнийг байртай болгосон гавьяатай хүн.

-Таныг ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртсэний дараа юу гэж байна?

-Г.М: Би нэг гражтай болъё гэж бодоод байлаа. Харин Н.Бүргэдаа ах намайг ДАШТ-ээс ирсний дараа хүлээн авч уулзаж, миний бодлыг мэдсэн юм шиг граж бэлэглэсэнд бас их баярласан. Н.Бүргэдаа ах эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдыг сүүлийн ганц хоёр жилд биш, 2010 оноос хойш дэмжсэн. Биднийг ОХУ-ын Красноярскт хамтарсан бэлтгэл хийхээр явах үед замын зардал, байр хоолны мөнгөөр тусалдаг байлаа.

-Тамирчин хүн том тэмцээнд оролцохын өмнө иймэрхүү ам­лалт сонсоход ямар санагдах юм бэ?

-Э.Н: Маш их урам авч, зорилгодоо тэмүүлэх хүсэл эрмэлзэл улам илүү болж ирдэг юм билээ. Тамирчин бид амжилт үзүүлээд ирэхэд амьдрал энэ мэтчилэн баталгаажиж байвал бэлтгэл сургуулилтаа санаа зовох зүйлгүйгээр, нэгэн үзүүрт сэтгэлээр хийх болно. Н.Бүргэдаа ах биднийг зөвхөн санхүүгээр гэлтгүй сэтгэл санаагаар маш дэмждэг. Бэлтгэлд оролцож, алдаа, оноог хэлж өгдөгт маш их баярладаг.

-Б.Б: Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Барилга баригдаад дууссаны дараа чимэглэл хийх амархан. Харин Н.Бүргэдаа ах эрэгтэйчүүдийн чөлөөт бөх уначихсан, босч ирээгүй байхад бидэнд хандаж, тамирчдад боломжийг харуулж, урам өгсөнд маш их баярладаг. Н.Бүргэдаа ах 1981 онд эрдэс бодисын дутагдалд орж, 10 хурууных нь шөрмөс татчихсан байхад “Монгол Улсынхаа төлөө тасарсан ч яах вэ, үхсэн ч яах вэ” гэж барилдаж байж ДАШТ-ий хүрэл медалийг авчирч байсан гайхамшигтай бөх. Өөрөө ядарч явсан болохоор бидэнд урам өгч, тусалж дэмжиж, гарах гарцыг маань зааж өгч байдаг.

-“Тайгам Алтай” ХХК-ийн зүгээс та бүгдэд 2014 онд хэрхэн туслав?

-Л.Э: Монголын тамирчид гадаад болдог тэмцээнд тулгаж очиж, цагийн зөрүүнээс шалтгаалж хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй жишээ олон. “Тайгам Алтай” ХХК-ийн зүгээс биднийг Дэлхийн цомд оролцоход маш их дэмжсэн. Бид АНУ-д Дэлхийн цомын тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө очсон. Тэр хугацаан дахь байр, хоол, унааны зардлыг бүрэн дааж, баг тамирчдад гарын мөнгө хүртэл өгсөн.

-Ц.Ц: Бидний 2014 оны ДАШТ-ээс хос медаль хүртсэн нь маш олон хүний хичээл зүтгэлийн дүн. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, Н.Бүргэдаа ахтай салшгүй холбоотой. Бид ДАШТ-ий өмнөх бэлтгэл цугларалтад гарах гэсэн ч мөнгө байгаагүй. Улсаас төсөвлөгдөж өгсөн 270 сая төгрөгөөс ДАШТ-ий замын зардал, байр хоолны мөнгө л үлдсэн байсан. Харин “Тайгам Алтай” ХХК-ий зүгээс бидэнд Орхон аймгийн “Олимп” баазад 40 хүний бүрэлдэхүүнтэй багийн 30 хоногийн турш бэлтгэл цугларалт зохион байгуулах зардал болох 40 гаруй сая төгрөг гаргаж өгснийг дурдалгүй өнгөрч болохгүй. 2013 оноос эхлэн биднийг ААШТ, ДАШТ зэрэг том тэмцээнээс ирэхэд амжилт гаргасан, гаргаагүй хамаагүй бүх дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, мөнгөн шагналаар шагнаж урамшуулж байна. 2014 онд л гэхэд бидэнд 60 гаруй сая төгрөгөөр тусалжээ. Бидний гаргасан амжилтууд Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа, ерөнхий дасгалжуулагч А.Басхүү, Спортын анагаах ухааны албаны дарга, гавьяат эмч Ч.Насанбат, Эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга Б.Ганзориг нарын хүч хөдөлмөрийн үр дүн юм.

-Д.Хүдэрбулгын сүүлийн үед сайхан амжилт гаргаж байна. 2013 онд дэлхийн оюутны “Универсиад” наадмаас хүрэл, 2014 онд ААШТ-ээс алт, “Алтан Гранпри”, Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, ДАШТ-д шагналт байрт шалгарлаа. Өндөр амжилт үзүүлэх гол хүчин зүйл нь юу байв?

-Д:Х: Тийм ээ. 2014 он амжилт арвин, сайхан жил байлаа. Багш нар маань сайн ажилласан болохоор миний бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйн байдал их сайхан байсан. Н.Бүргэдаа ах маань биднийг тэмцээн уралдаанаас ирэхэд хүлээж авч, зохих хэмжээний урамшуулал өгдөг. Тамирчин бидэнд энэ мэтчилэн маш их урам зориг хайрладаг. Энэ миний 2014 оны амжилтад зохих нөлөө үзүүлсэн.

-2015 оны гол зорилго юу вэ?

-Д.Х: Азийн аварга цолоо баталж, ДАШТ-ээс медаль хүртэж, 2016 оны олимпийн эрх авах.

-Сайхан ярилцсанд баярла­лаа. Өнгөрсөн жилийн амжилтаа 2015 оны ахиулаарай.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн заалнаас гарахад сэтгэл өндөр байлаа. Элгээрээ хэвтээд байсан Монголын эрэгтэйчүүдийн чөлөөт бөх эргэж сэргэж байна. Энэхүү удирдлага, баг бүрэлдэхүүнээрээ 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадам хүртэл ажиллавал нэг биш нэлээд юм дуулгаж мэдэхээр санагдсанаа нуух юун.

Д.НАНЖИД

Эх сурвалж: "СПОРТЫН ӨНГӨ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж