“Хөгжлийн бэрхшээлийг 0-3 насанд нь засах боломжтой”

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн бэрхшээлийг 0-3 насанд нь засах боломжтой”

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг хэрхэн эрт илрүүлэх талаар Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжилтэн Э.Уянгаас тодрууллаа.


-Хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хэрхэн илрүүлж, засах вэ?

-Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь маш энгийн зүйлээс эхэлнэ. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх нь хүүхдээ хэдэн сартайдаа ярьж, инээж байгааг ажиглахаас эхэлнэ.

Манай улсад 0-3 настай хүүхдийн бэрхшээлийг хөгжлийн бэрхшээл гэж нэрлэдэг бол хөгжилтэй оронд хөгжлийн хоцрогдол гэж үздэг. Учир нь, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, зохих арга хэмжээг авч чадвал хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулж чадна. Хоёр настай хүүхдийн хийж чаддаг зүйлийг тухайн хүүхэд хийж чадахгүй байвал энэ нь хөгжлийн хоцрогдолтой байгаагийн шинж. Хоцрогдлыг илрүүлэхдээ хүүхдийн үйл хөдлөл, шинж тэмдгийг сайн ажиглах шаардлагатай. Хэрэв хоцрогдолтой байвал 0-3 насанд нь маш хурдан засах боломжтой.

-Хэвлийд байх үед нь хөгжлийн бэрхшээлийг оношлоод, эмчлэх боломж Монголд хэр байна вэ?

-Манай оронд хөгжлийн бэрхшээлийг оношлох байдал харьцангуй өндөр төвшинд байгаа. Жирэмсэн ээж бүрийг хяналтад байлгаж, үзлэг, шинжилгээ хийдэг.  Ингэснээр хүүхдийг хэвлийд байх үед нь буюу ураг байх үед нь дауны синдром, зүрхний гажиг зэрэг тодорхой хэдэн бэрхшээлийг оношилж болж байгаа. Хөгжлийн бэрхшээлийг хэвлийд байх үед нь илрүүлбэл ураг цаашид амьдрах боломжтой эсэхэд үндэслэн эмч, эцэг, эхийн зөвшилцлөөр төрүүлэх эсэхийг шийднэ.  Гэхдээ харилцаа, зан араншин, сэтгэц зэрэг тодорхой бэрхшээлийг хэвлийд байх үе нь оношлох боломжгүй. Эдгээр бэрхшээлийг хүүхэд төрсний дараа ажиглах байдлаар илрүүлдэг.

-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оролцоо” төслийн үр дүнгээс сонирхуулахгүй юу?

-Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илүүлж байна уу гэдгийг олон жилийн өмнө судалсан. Судалгааны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх байдал дутмаг байгааг тогтоосон. Тиймээс төсөл хэрэгжүүлэх шаардлага тулгарч, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оролцоо” төслийг 2015 онд эхэлсэн. Ингээд эхний жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцооны талаарх олон улсын хандлага, чиглэлийн талаар судалгаа явуулж, “Хөгжлийн бэрхшээлийн нар томьёоны англи- монгол тайлбар толь” гаргасан. Дараа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт үед нь ирүүлэхэд оролцоо чухал талаар гарын авлага гаргасан.

Түүнчлэн хүүхэдтэй ээж, аав нь түлхүү харьцдаг тул  бэрхшээл байгаа эсэхийг илрүүлэхэд тэдний оролцоо чухал.  Мөн өрхийн эмнэлгийн эмч, сургуулийн өмнөх боловсролын багш нарын оролцоо чухал. Хөгжлийн бэрхшээлийг оношилно, илрүүлнэ гэхээр их хүндээр боддог. Тиймээс төслийн хүрээнд эдгээр хүмүүст зориулан сургалт зохион байгуулсан. Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг гэж юу болох, юуг анхаарах шаардлагатай зэргээр тэдний ойлголт, хандлагыг нэмэгдүүлсэн. Сургалтад 21 аймаг есөн дүүргийн эцэг, эх асран хамгаалагч, өрхийн эмч, сувилагч, цэцэрлэгийн багш зэрэг 3200 гаруй хүнд сургалт зохион байгуулж, хүүхдийн ерөнхий хоцрогдол, аутизмын хүрээний эмгэг, тархины сааны эрт илрэх шинж тэмдэг зэрэг сэдвээр ярилцсан. Төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр /2018.9.19/ болж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж