Спортын дэд сайд спортын салбартайгаа танилцлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Спортын дэд сайд спортын салбартайгаа танилцлаа

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар өнөөдөр яамны харьяа “Спортын бэлтгэлийн төв” /Спортын төв ордон/, “Буянт-Ухаа” спортын ордон, “Техник спортын төв”-д ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь танилцаж байна.

Түүнтэй хамт ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан болон холбогдох албаны хүмүүс дээрх спортын салбар байгууллагуудад ажиллалаа. Тэд 11.00 цагт “Спортын бэлтгэлийн төв”-ийн дарга Б.Наранбаатар болон тус төвийн хамт олонтой уулзаж, үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Спортын бэлтгэлийн төв нь Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, үндэсний шигшээ баг, спортын өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтыг эрдэм шинжилгээ, анагаах ухааны үндсэн дээр хангах, хяналт тавих, судалгаа явуулах, тэмцээн, уралдаан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажил, үйлчилгээ эрхэлдэг улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг төсвийн байгууллага юм.

Тус төв нь Захиргаа санхүүгийн алба, Биеийн тамир, спортын алба, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээ судалгааны алба, Спортын төв ордны алба, нийт 66 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг салбарын дэд сайдад танилцуулав.

Түүнчлэн алба бүр өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид төрөөс анхаарах ямар асуудал байгааг дэлгэсэн юм. Үйл ажиллагаатай танилцах үеэр тус төвийн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн бэлтгэлийн заалны байдал ихэд анхаарал татаж байв. Учир нь чөлөөт бөхийн бэлтгэлийн заалууд өргөтгөлийн барилгад байрладаг бөгөөд дулааны шугам сүлжээ нь доголдолтой байдгаас хүйтэн сэрүүн хүнд нөхцөлд тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж. Төвийн удирдлага, хамт олноос олон санал, хүсэлтийг хэлж байсан. Тодруулбал, тамирчдыг эрүүл байлгах, олон улсын стандартад нийцсэн орчин нөхцөл, зориулалтын бэлтгэлийн хэрэглэл/ялангуяа гимнастикийн тамирчдад/, багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл нэн анхаарал татсан, цаашид шийдвэрлэх асуудал болохыг онцолж байв.

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар хэлэхдээ “2015 онд олимпийн эрхийн төлөөх чухал тэмцээнүүд болох тул илүү хариуцлагатай жил ирж байна, Мөн бид Нийтийн биеийн тамир, спортын асуудалд онцгой анхаарч ажиллана” гэдгийг онцолж байлаа.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж