Ким Жон Ун Сөүлд айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Сөүлд айлчилна

Хоёр Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хойд Солонгосын нийслэл Пеньян хотноо болж буй уулзалтад талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийн тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Хойд Солонгосын эрх баригчид цөмийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжуудыг гаднын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар нураах саналтай байгааг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн байна.

Мөн хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон удирдагч Ким Жон Ун нар Солонгосын Хойгийг “цөмийн зэвсэггүй, цөмийн аюулгүй амар амгалан, энх тайван бүс” болгох тал дээр санал нэгдэж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Түүнчлэн Хойд Солонгос болон  Өмнөд Солонгосыг холбох төмөр замын төслийг дахин сэргээж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурж тохиролцжээ. Өмнө нь АНУ-ын цэргийн команд уг төмөр замын туршилтын үйл ажиллагаанд саад болж байсан удаатай билээ.

Түүнчлэн хоёр Солонгосын хамтарсан хэвлэлийн хурлаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татжээ.

“Би Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Сөүл хотноо ойрын хугацаанд багтаж айлчлах болсноо амласан” хэмээн хамтарсан хэвлэлийн хурлаар удирдагч Ким Жон Ун мэдэгджээ.

Сануулахад, өчигдөр /2018.09.18/ Хойд Солонгосын нийслэл Пеньян хотноо удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хүлээн авч уулзсан билээ. Уулзалтаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Хойд Солонгосын тал дотноор хүлээн авсан нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдэх явдал болсон буй.

Хүлээн авалтын дараагаар Ерөнхийлөгч Мүн болон Ким нар нийслэл Пеньян хотын гудамжаар баярын жагсаалд оролцсон байна.

Баярын жагсаалд оролцсон Пеньян хотын ард иргэд “Эв найрамдлын төлөө” хэмээн дуу хоолойгоо нэгтгэж байжээ. Удирдагч Ким Жон Ун Ерөнхийлөгч Мүн Жэ Инд хүргэх гэсэн санаа бол хоёр Солонгосын эв найрамдал болон нэгэнтээ салан тусгаарлагдсан Солонгосын Хойгийг нэгтгэхийг илэрхийлж буй.

Үүний дараагаар Пеньян хотын Самжиёон дуурийн театрт хоёр Солонгосын эрх баригчид зочилж тэднийг цугласан хамт олон элгэмсгээр угтан авсан.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уулзалтын эхний өдөр Хойд Солонгосын Төрийн ордонд айлчлахдаа зочдын бүртгэлд халуун мэндчилгээ үлдээсэн аж.

“Эв нэгдэл, хамтын хөгжлийн төлөө, үндэсний төлөө цохилох нэг сэтгэл зүрх!” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: VOX, VOA, BLOOMBERG
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж