“Mongolian Girls in STEM” хүмүүнлэгийн төслийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

“Mongolian Girls in STEM” хүмүүнлэгийн төслийн нээлт боллоо

“Mongolian Girls in STEM” хүмүүнлэгийн төслийн нээлт боллоо

Өнгөрсөн амралтын (2018 оны 09 сарын 15-17) өдрүүдэд Шинжлэх Ухаан, Технологи, Инженерчлэл, Математик (ШТИМ) буюу (STEM-Science, Technology, Engineering, Mathematics) чиглэлд “Mongolian Girls in STEM” нэртэй жил үргэлжлэх хүмүүнлэгийн төслийн нээлт боллоо. Энэхүү хүмүүнлэгийн төслийг хэрэгжүүлэх үе шатууд нь:

  1. Их сургуулийн STEM чиглэлийн эмэгтэй эрдэмтэн судлаачид, профессоруудаар сургагч багш нарт сургалт зохион байгуулагдана.
  2. Сургагч багш нараар чиглүүлүүлсэн охидын клубын бүтээлч төсөл хийгдэнэ.
  3. Мэргэжлийн компануудаар аялал зохион байгуулагдана.
  4. Охидын клубын бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдаж, шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулж, сурталчилгаа хийгдэх гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэж байгаа.

Тус хүмүүнлэгийн төсөл нь AНУ-ын төрийн Фулбрайт сангийн санхүүжилтээр хийгдэж байгаа бөгөөд охидын STEM клубууд шинээр байгуулагдаж байгаа нь дараа дараагийн жилд үргэлжлэх монгол хүүхдүүдийн STEM-ийн боловсролд чиглэсэн урт хугацааны ажлын эхлэл болж байгаагаараа шинэлэг юм. Энэхүү төслийг санаачлагч доктор, дэд профессор Б.Туяацэцэг “Фулбрайтын болон бусад нөхдийн хамтаар санхүүжүүлж, сайн дурын ажил хийж байгаа явдалдаа баяртай байна.” гэж хэлсэн юм.

 

Mongolian Girls in STEM” төслийн сургалтанд Утасгүй холбоо, Мэдээллийн технологи, Химийн технологи, Програм хангамж, Электроник салбарын доктор, профессор багш Б. Отгонбаяр (доктор, профессор, ШУТИС), О. Бат-Энх (доктор, дэд профессор, ШУТИС), Б. Туяацэцэг (доктор, дэд профессор, Park University), С. Оюун (Sc.D доктор, профессор, Улаанбаатарын Их Сургууль), Б. Бямбажаргал (доктор, дэд профессор, МҮИС), Б. Дэнсмаа (доктор, Улаанбаатарын Их Сургууль) нар STEM-ийн  талаар хичээл заав.

ШУТИС-ийн доктор, профессор Б.Отгонбаяр "STEM технологийн хэрэглээ хүмүүсийн амьдралд зайлшгүй хэрэгтэй болчихлоо. Тэгэхээр бид өсвөр залуу үедээ зааж, сургаж явах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Арван жилийн хүүхдүүд STEM чиглэлээр сонирхлоо хөгжүүлж явах нь үр дүнтэй. " гэж хэлсэн юм.

С.Оюун профессор "Бидэнд технологи хөгжүүлэх шаардлага маш их байна. Манайх химийн технологийг ашиглах замаар байгалийн эрдсийг эм болгож, ашигласаар ирсэн арвин туршлагатай. Өнөө үед химийн бодисын хэрэглээ ихсэж, цэвэр байгалийн эрдсээр хийдэг байсан технологи мартагдах боллоо. Гадаадын улс орнуудад ногоон технологи  нь энгийн хэрнээ гайхалтай технологи гэж үзэгдэж байна. Манай залуу үе тухайлбал, охид маань энэ чиглэлээр судалгаа бүтээл хийх боломж бий."  гэж өгүүлсэн.

ШУТИС-ийн профессор О.Бат-Энх "STEM  бол хөгжлийн тэргүүлэх салбар бөгөөд залуу үедээ хандсан ажлуудыг эхлүүлэх цаг болчихоод байна. Манай орны хувь уламжлалт технологиудыг хөгжүүлж, дэлхий нийтэд таниулах цаг болжээ. Тухайлбал, монгол хэлний ярианы синтез, яриа таних, морин хуурын дуугаралтын цар хүрээ, уртын дууны онцлог шинжийг орчин үеийн мэдээллийн технологи ашиглан судлах ажил дөнгөж  байх жишээтэй төдий байна. Гэх мэтчилэн STEM-ийн чиглэлээр өсвөр залуу үедээ хандсан ажлуудыг цаашид анхаарч явах шаардлагатай. Улс орноо хөгжүүлэх STEM судалгааны ажлуудад өсвөр үеэ тэр дундаа охидоо татан оролцуулах шаардлагатай болжээ. Шинжлэх ухааны технологийг хөгжүүлж байж улс орон хөгжинө" гэв.

“Mongolian Girls in STEM” хүмүүнлэгийн төслийн санаачлагч, сургалтыг зохион байгуулж байгаа доктор, дэд профессор Б.Туяацэцэг "Бид хамтдаа бүтээнэ уриатай манай сургагч багш нараар чиглүүлүүлсэн охидын клуб маань энэ хичээлийн жилд амжилт дүүрэн байна гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн өсвөр үедээ чиглэсэн хүмүүнлэгийн төслийг санаачлагчийн хувьд сургагч багш нар болон охидын клубын үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Бүтээлч төсөл хийхэд материаллаг бааз чухал тэгэхээр бид энэ тал дээр санхүүгийн эх үүсгүүр хайх бодолтой байгаа. Уг нь жил бүр үргэлжлээд явдаг төсөл болчихвол өсвөр үед үр өгөөж улам их болох талтай."

Доктор Б. Дэнсмаа “Электроникийг зөвхөн роботоор төсөөлдөг. Гэвч үйлдвэрлэл,  гэр ахуй, эрчим хүч, анагаах гээд бүх л газар хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээдэг хүмүүс байдаг. Ихэнх хүмүүс электроникийг эмэгтэй хүнд хэцүү мэргэжил гэж боддог. Үнэндээ орчин үед логик төхөөрөмжүүдийн програмчлал, нарийн схем шийдлүүдэд эмэгтэй хүний торгон мэдрэмж шаардлагатай байдаг. Охидуудаа энэ мэргэжилд дурлуулах нь хамгийн чухал юм. Хүн дуртай зүйлээ хийж амьдрах нь хамгийн том аз жаргал гэж боддог. Охид STEM төсөлд хамрагдсанаар багаасаа техник, технологид дуртай болох, өөрсдийн гараар схем угсарч жижиг бүтээл хийж, хөгжих боломжтой. ” гэв.

Түүнчлэн  доктор, Дэд профессор Б. Бямбажаргал “Дунд сургуулийн сурагчдын STEM боловсролд анхаарах цаг болжээ. Бид цөөхүүлээч гэсэн сүүлийн үед өсвөр үеийн охид хөвгүүд маань оюуны чадамжаараа дэлхийд нэрээ гаргаж, Монгол орноо таниулж байгааг бид бүхэн харж байна. Тэгэхлээр, STEM чиглэлд хөвгүүд төдийгүй охидыг татан оруулах, энэхүү ажлыг өсвөр наснаас нь эхлүүлэх нь ач холбогдолтой. Энэхүү төсөлд Монголын Үндэсний Их Сургуулийн Мэдээллийн технологийн салбар хамтран ажиллах болно.” гэж өгүүлэв.

Tүүнчлэн, охидoд тохирсон төслүүдийн талаар, түүнчлэн ямар шийдлүүд байж болох талаар ярилцав. Програмчлалын технологи ашиглан электрон хичээл, вэб хуудас, толь бичиг, өгөгдлийн сан ашиглан жижиг систем, гар утсанд суурилсан тоглоом хөгжүүлэх, мөн математикийн бодлого бодох програм болон гарын авлага, жижиг объект болон хувцасны загвар дизайн, барилгын дизайн хийх гэх мэт төслийн аргачлалуудыг авч үзсэн. Түүнчлэн хими, биологи, эрүүл мэнд гэх мэт бүх л салбаруудад хэрэглэгдэж буй техник технологиудын чиглэлээр жижиг төсөл хийх боломжтой гэдгийг сургалтаар заасан байна.

Тус сургалт нь дунд сургуулийн ахлах ангийн охидыг STEM чиглэлээр эртнээс бэлдэх, сонирхлыг хөгжүүлэх, мэргэжлийн суурь баримжаагаа тавихад ихээхэн ач холбогдол өгсөн байна. Төслийн үр дүнд сайн болсон охидын бүтээлийг сургагч багштай нь эх орондоо цаашлаад олон улсад сурталчилна. Монголын охид STEM салбарт гадаадын орнуудын охидын адил зэрэгцэн орж ирэх цаг үеийг бид эхлүүлж байна. STEM-ийн бодит бүтээлүүдийг хийх ажлын эхлэлийг тавьж өгсөн ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж