Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар харилцан санал солилцож ярилцсан. Хоёр орны батлан хамгаалах салбарын өргөжүүлэх, шинэлэг агуулга, хэлбэрээр баяжуулах, одоогийн хамтын ажиллагааны хэлбэрээс гадна батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн спорт, соёл урлаг, эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хамтран ажиллах боломжтойг Ц.Цолмон сайд онцолсон байна.
Энэ үеэр Элчин сайд Сомнат Гош Батлан хоёр улсын хооронд хөгжүүлж буй харилцаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдгийг дурдаж, 2004 оноос жил бүр зохион байгуулагддаг Монгол-Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан” дадлага, сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг хүслээ. Мөн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран явуулж буй үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх, хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн явуулах зорилгоор харилцан батлан хамгаалахын атташе суулгах ажлыг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлжээ.
1973 онд хоёр орны батлан хамгаалах салбарт харилцаа тогтоосноос хойш харилцаа хамтын ажиллагааг жилээс жилд өргөжин дэвшиж, өндөр, дунд төвшиний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн хамтарсан бэлтгэл сургалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цэргийн боловсон хүчин сургах зэрэг өргөн хүрээг хамарч амжилттай хөгжиж байгаагийн нэг тод жишээ нь өнгөрсөн онд манай Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн явдал юм.
Б.ЭНХ