Эм бүртгэх журмыг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Эм бүртгэх журмыг өөрчилнө

-Ингэснээр Элэгний С вирусын эм 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдэх боломж бүрдэнэ-

400 мянга орчим монгол хүн элэгний С вирусээр өвчилсөн гэсэн харамсалтай дүн мэдээ бий. Элэгний С вирус нь 10-15 жилийн дотор элэгний хатуурал, хавдар болж, хүний амийг авч оддог аймшигтай өвчин. 2013 оны байдлаар 20-оос дээш насны хүмүүсийн 10,7 хувь нь уг вирусээр өвчилсөн гэсэн судалгаа гарч байжээ.

Хүмүүсийн амь насанд заналхийлсэн энэхүү аймшигт өвчнийг бүрэн эмчлэх эм өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй байгаа. Тиймээс Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба эмийн шинэчилсэн журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна.

Ингэснээр олны анхаарлын төвд байгаа элэгний С вирусын эсрэг эмийн асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ. Одоо мөрдөж буй эмийн бүртгэлийн журмаар шинээр эм бүртгэхдээ хоёр жил хүртэлх хугацаанд судлах шаардлагатай болдог. Тэгвэл журмын шинэчилсэн найруулгаар Эмийн хяналтын хатуу зохицуулалттай Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд оруулж ирэхээр тусгасан байна. Ингэснээр элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эм 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн бүртгэлд багтах магадлалтай юм.

Манай улсын эмийн бүртгэлийн журамд шинээр бүртгэгдэх эм нь өөр бусад гурван улсад бүртгэгдсэн байх, тухайн улсынхаа бүртгэлд ороод гурваас доошгүй жил хэрэглэгдсэн байх ёстой гэж тусгасан байдаг. Гэтэл 2009 онд Женевт хуралдсан эмийн зохицуулалтын байгууллагын зөвлөмжид эмийн хатуу зохицуулалттай Европын холбооны орнууд болон Америк, Япон, Солонгос, Канад зэрэг орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг хөгжиж байгаа орнууд шууд бүртгэх боломжтой гэж заасан байдаг гэнэ. Энэхүү зөвлөмжийн дагуу манай улс эмийн бүртгэлийн журмандаа шинээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа ажээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж