Шинэ он хаяанд ирэхэд та өнгөрсөн жилээ эргэн харж, ирэх ондоо юунд хүрэх талаар боддог уу? Тэгвэл энэ удаад хүсэл мөрөөдлөө биелүүлж, аз жаргалтай болох энгийн бөгөөд хүчирхэг 7 алхмыг орууллаа. Зорилгоо биелүүлэх энэ 7 алхам бол дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн амжилтанд хүрэх гол арга зам төдийгүй, сүнслэг мөн чанарыг давхар агуулж байгаагаараа онцлог юм.
1. Зорилгоо тодорхой болгох – Үүний тулд өөрийн хүсч буй бүх зүйлсээ бодох буюу цаасан дээр бичиж тэмдэглээрэй. Ирэх жилдээ хүссэн ажилдаа орж, хүссэн хүнтэйгээ учирч, илүү их мөнгө олж, сүнслэг талаа түлхүү хөгжүүлмээр байна уу? Ажил, амьдрал, санхүү, хүсэл мөрөөдөл, хувийн хөгжил, харилцаа холбоо, хайр дурлалтай холбоотой бүх зорилго, хийхийг хүссэн зүйлсээ бичээрэй. Үүний дараа өөрт хамгийн хэрэгтэй, хамгийн чухал гэсэн 3 зорилгыг сонгох хэрэгтэй. Бид цаг хугацаа, орон зай, нөөц бололцоогоор тодорхой хэмжээнд хязгаардлагдмал нөхцөлд амьдарч байгаа болохоор хамгийн чухал зорилгодоо төвлөрч чадвал илүү хурдан биелүүлэх боломжтой.
2. Хүчтэй сэтгэл хөдлөл – Хүсэл, зорилгыг биелүүлэх хамгийн хүчирхэг зэмсэг бол хүчтэй тэмүүлэл, сэтгэл хөдлөл, мэдрэмж юм. Зорилгоо биелсэн байгаагаар нь дотроо төсөөлж хүсэл тэмүүллээ бадраа. Авахыг хүссэн машин дотроо орж суугаад зургаа даруулаад 1 жилийн дотор авах болно гэж өөртөө зорилго тавь. Аялахыг хүссэн газрынхаа зураг, видеог үзэж, оччихсон байна гэж төсөөлж мэдэр. Өдөр бүр зорилгуудаа өөртөө сануулж хүсэл тэмүүллээ өдөөгөөрэй.
3. Итгэл үнэмшлүүдтэйгээ ажилла – Та ахиухан орлоготой болохыг хүсч байгаа бол мөнгийг зовж олдог гэдэг итгэл үнэмшлээсээ салж хагацах хэрэгтэй. Хамгийн чухал 3 зорилгодоо хүрэхэд садаа болж буй итгэл үнэмшлүүдээ олж илрүүлж, шинэ өөдрөг бодлоор өөрийгөө цэнэглэ. Танд сөрөг мэдрэмж төрүүлдэг айдас, бодол, нөхцөл байдлуудыг судалж шинжил. Бүх зүйл улам дордох байх гэж бодсондоо одоо байгаа зүйлстэйгээ эвлэрээд яваад байгаа юм биш биз? Би чадахгүй дээ гэж бодоод өөрийнхөө өмнө байгаа өчнөөн боломжийг хаагаад байж болохгүй.
4. Итгэ – Хүссэн зүйлсээ бүтээж чадна, шинэ, өөдрөг итгэл үнэмшлүүд тань хамгийн үнэн зөв гэдэгт бүрэн итгэ. Та бол хамгийн шилдэг шидтэн бөгөөд хүссэн бүхнээ биелүүлж, хүссэн амьдралаараа амьдарч чадна. Гол нь итгэ.
5. Тэмүүл – Хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлэхийн төлөө тэмүүл. Шинээр бизнес эхлүүлэхийг хүсч байвал түүнийхээ төлөө тэмүүл. Өөртөө зорилгоо байнга сануулж, үүнийхээ төлөө шулуудах хэрэгтэй.
6. Үйлдэл хий – Таны хүссэн зүйл биелсэн тохиолдолд та юу хийх байсан бэ? Яг тэр үйлдлийг амьдралаа хийж дад. Жишээ нь хүссэн зүйлээ хийж амьдрахыг хүсвэл яг одоо тэр зүйлсээ хийж эхэл. Заяаны ханьтайгаа учирмаар байна уу? Тэгвэл өөрийгөө дээд зэргээр хайрлаж, таньж эхэл. Гэгээрэлд дөхмөөр байна уу? Гэгээрэлд хүрсэн хүний амьдралаар амьдарч, бясалгал түлхүү хийхийг хичээ. Гадаадад сурмаар байна уу? Ядаж сургуулиа судалж эхлэх хэрэгтэй.
7. Хүлээн зөвшөөр – Та хангалттай хүсэж мөрөөдөж, зорилгынхоо төлөө төвлөрч, биелнэ гэдэгт нь итгэж чадсан бол одоо зүгээр л бүгдийг март. Үүнийг хүслийн парадокс гэдэг. Нөгөө талаас хүсэл ихэдвэл хясал болно гэсэн үг ч бий. Хамгийн гол нь таны хүсэл мөрөөдлийг биелүүлэх гол хүн бол таны дээд би буюу higher self юм. Зарим хүсэл биелэхгүй, харин түүний оронд илүү хэрэгтэй үйл явдал болох нь бий. Үүнийг дээд би-гийн зохицуулалт гэж хүлээж авахыг хичээгээрэй.
Нөгөө талаас хүний тархи юу хэрэгтэй болохыг бодож олохоос биш хэрхэн яаж гэдгийг төсөөлөн бүрдүүлэх чадамж байдаггүй. Энэ тохиолдолд бүх хүслээ дээд би-д даатгасан нь хүслээ биелүүлэх шулуухан алхам болдог. Та хүслээ хэзээ, хэрхэн яаж биелэхэд бүү санаа зов. Бүх зүйл хамгийн шилдэг арга замаар, хамгийн оновчтой цаг мөчид тохиох болно. Айдас, үл итгэлцэл, сөрөг мэдрэмжүүдийг өөрөөсөө явуулж, зорилго, хүсэл тэмүүлэл, эерэг мэдрэмжүүдэд 100% төвлөрөөрэй.
Таны хүссэн сайн сайхан хүсэл бүхэн биелэх болтугай.
Эх сурвалж: keytosecret.blogspot.com