Хүүхдүүд амьтадтай танилцаж, өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд амьтадтай танилцаж, өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө

Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын хойно байрладаг 2,2 га “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн болон тус дүүргийн иргэд өглөө, оройдоо хүүхэд, багачуудаа салхилуулдаг болсоор багагүй хугацааг үдэж байна.

Нийслэлийн хүүхдүүд тэр болгон агаар салхинд гарч тоглоод байдаггүй. Дөрвөн хананы дунд, цэцэрлэг гэр хоёрын хооронд, байрнаас байр дамжсаар өдрийг өнгөрүүлдэг. Тиймээс урин дулааны энэ өдрүүдэд Хан-Уул дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар хүүхдүүдээ нэг өдөр ч болов салхинд гаргаж, ан амьтадтай танилцуулах зорилгоор Нийслэлийн жишиг цэцэрлэгт хүрээлэн буюу  “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг зорих болжээ.

Нийслэлийн тэргүүний 53 дугаар цэцэрлэгийн багш нар хоёр өдрийн турш 100 гаруй хүүхдийг дагуулан ирж цэцэрлэгт хүрээлэн болоод энд байрлуулсан бут сөөг ургамал, ан амьтдын баримал хөшөөтэй танилцуулах бяцхан аяллыг хийсэн юм.

Хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнд ирснээр олон амьтадтай танилцаж, амьтдын тухай, мод ургамлыг хэрхэн хайрлаж, арчлах ёстой талаар багштайгаа ярилцаж хэсэгхэн хугацааг хөгжилтэй болоод танин мэдэх өндөр ач холбогдолтой өнгөрүүлсэндээ баяртай байлаа.

Улсын тэргүүний 53 дугаар цэцэрлэгийн “Бэлтгэл” бүлгийн хүүхдүүд үзсэн амьтдынхаа тухай ийн ярьж байна.

Гэгээ: Зөндөө олон амьтан үзлээ. Анааш, арслан, буга, туулай, сармагчин байна. Ихэнхийг нь би мэддэг. Би эднийг хөдөөгийн амьтны хүрээлэнгээс харсан. Би бүжинд их дуртай. Бүжин туулайнууд луувангаар хооллодог.

Төгс-Очир: Би чоно гэдэг амьтныг харж байгаагүй. Чоно ууланд байдаг. Энд зөндөө том амьтад байна. Бас энд байгаа амьтдыг хагалж, гэмтээж болохгүй гэж багш маань хэлсэн.

Эгиймаа: Сая зөндөө олон амьтныг мэдэж авлаа. Энд маш олон шувуу байна. Бас туулай байна. Туулай уулан дээр амьдардаг.  Гэхдээ би гэртээ туулай тэжээдэг. Тэр цагаан өнгөтэй их хөөрхөн. Мөн 53 дугаар цэцэрлэгийн “Бэлтгэл” бүлгийн багш Ц.Ганчимэг:  “Хүүхдүүдэд мэдлэг олгож, танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэ аяллаар  хүүхдүүд багаасаа байгаль орчноо хайрлах гамнах ёстой, мөн хүний хөдөлмөрийг үнэлэхийг сургахыг зорьж байна. Мөн бусад дүүргийн СӨБ-ийн багш нарт уриалхад, урин дулаан цагт нийслэл хотынхоо нэгээхэн хэсэг болох энэ эко орчинд ирж хүүхдүүдээ салхилуулж, ан амьтантай танилцуулж, танин мэдэх үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахыг уриалж байна.” гэсэн юм.

Хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнд ирснээр харахыг хүсдэг амьтадаа л илүү ойроос мэдэрдэг төдийгүй түүнийг хагалж, хугалж байгаад эмзэглэж байгаагаа хэлсэн. Уг нь эдгээр амьтдыг  бат бөх материалаар хийсэн бөгөөд хүмүүс  хүчээр өшиглөх юм уу, сугалж авахгүй бол хагарах боломжгүй. Өвлийн хүйтэн нөхцөлд ч тэсвэртэй. Гэтэл хүмүүс энэ амьтдыг маш буруугаар ашиглаж хүүхдэдээ буруу үлгэр дуурайл өгдөг байна. Жишээлбэл, хашлагыг даван ногоон зүлгэн дээгүүр гишгэлээд, амьтад дээр хүүхдээ суулгаад зургийг нь авдаг байна. Ингэснээр тухайн хүн хүүхдэдээ орчноо сүйтгэх, байгаль экологид ямар хор хөнөөл учруулж болохыг өөрөөрөө жишээлэн буруу үлгэр үзүүлж байгааг иргэд шүүмжилж байлаа.

ХУД-ийн Иргэн: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дараа орохоор ногоон хүрээлэн энд бий болчихсон юм. Иргэд бид байнга салхилдаг. Ялангуяа хүүхдүүдийн хувьд  ан амьтантай танилцах, тэднийг хэрхэн хайрлаж хамгаалдаг болохыг эндээс сурч мэдэх ач холбогдолтой. Иргэд их буруугаар ашигладаг л даа. Хэдий орохыг хориглосон бичиг наасан байсан ч ногоон зүлэг рүү орчихдог.  Хөрөнгө мөнгө зарцуулан байж хийсэн энэ бүтээлийг нь эвдэж сүйтгэж байгаад их харамсдаг.

ХУД-ийн Иргэн : Энэ сайхан хүрээлэнд бид өдөр бүр агааралдаг. Одоо ингээд сэрүү орчих байх. Тэрнээс өмнө эцэг, эхчүүд хүүхдүүдээ энэ хүрээлэнгээр авчирч зугаалуулж, амьтадтай танилцуулж, байгаль дэлхийнхээ нэгээхэн  хэсгийг эндээс харуулахыг хүсэж байна. Хотын бид чинь тэр бүр хөдөө гараад хүүхдээ салхилуулж байгалийн сайхан, ан амьтдыг харуулж чаддаггүй шүү дээ.

Байгаль орчинтой ойр харьцдаг хүүхэд оюун ухаан, сэтгэхүйн хувьд эерэг үзүүлэлтүүд өндөр байдгаас гадна хүүхдийн танин мэдэх чадвар, хоорондоо харилцах харилцаа сайжирдаг байна. Иймд байгаль дэлхийгээ хайрлах үзлийг түгээн дэлгэрүүлж, бодит үйлдлээр харуулж буй тус үйл ажиллагааг бусад цэцэрлэгүүд хэрэгжүүлэн хүүхэд багачууддаа танилцуулахыг тус цэцэрлэгийн багш нар уриалж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж