Зэвсэг хураах бага хурлын 2018 оны чуулгaн өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Зэвсэг хураах бага хурлын 2018 оны чуулгaн өндөрлөлөө

Зэвсэг хураах бага хурлын 2018 оны чуулгaн өндөрлөлөө

Женев хотноо байрладаг Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ) 2018 оны үйл ажиллагааны тайлангаа 9 дүгээр сарын 14-нд баталж, 2018 оны чуулганаа хаалаа. Тайланг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барих юм. Чуулганд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Нью-Йорк хотноо 1978 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зэвсэг хураах асуудлаарх анхны тусгай чуулганаар ЗХБХ-г зэвсэг хураах асуудлаар олон талт хэлэлцээ хийдэг цорын ганц чуулга уулзалт болохыг хүлээн зөвшөөрсөн юм.

Манай улс ЗХБХ-ын 65 гишүүн орны нэг. Тус байгууллага шинээр гишүүн элсүүлэхгүй байгаа.

ЗХБХ жилд гурван удаа хуралддаг. Гишүүн орнууд цагаан толгойн үсгийн дарааллаар бага хурлыг даргалдаг (жилд зургаан улс). Гишүүн улс бүр дөрвөн долоо хоногийн хугацаатай бага хурлыг даргална. ЗХБХ нь санал хураахгүйгээр гагцхүү зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргадаг онцлогтой юм.

ЗХБХ нь НҮБ-тай тусгай харилцаатай. Тус байгууллага жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үйл ажиллагаагаа тайлагнадаг, мөн төсөв нь НҮБ-ын төсөвт багтдаг юм. НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал ЗХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг давхар хашдаг болно.

ЗХБХ олон талын түвшинд зэвсэг хураах, үүнд хяналт тавихтай холбоотой бүх асуудлыг хэлэлцэх бүрэн эрхтэй. Одоогоор ЗХБХ дараах үндсэн асуудалд анхаарлаа төвлөрүүлж байна. Үүнд: 1) цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох, цөмийн зэвсэг хураах, 2) цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх, 3) сансрын уудамд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх, 4) цөмийн зэвсэггүй орнуудад цөмийн зэвсэг үл хэрэглэх, хэрэглэхээр заналхийлэхгүй байх баталгаа олгох, 5) шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсэг, радиологийн зэвсэг, 6) зэвсэг хураах цогц хөтөлбөр, 7) зэвсэглэлийн ил тод байдал зэрэг болно.

ЗХБХ-ын хүрээнд Биологийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох, түүнийг устгах тухай конвенц, Химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох, түүнийг устгах тухай конвенц,  Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ зэрэг зэвсэг хураах асуудлаарх суурь гэрээ конвенцийг байгуулсан юм.

Энэ оны чуулганаар ЗХБХ хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан асуудал тус бүрээр ажлын хэсэг байгуулж, нухацтай хэлэлцүүлэг хийлээ. Бага хурлын 2019 оны чуулган 1 дүгээр сарын 21-нд эхэлнэ.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж