УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй байхаар төлөвлөсөн. Үүний дагуу бүх ажил явагдаж байсан ч Засгийн газрын шийдвэрийн улмаас зориулалтыг нь өөрчилсөн.
Гэхдээ тус барилгыг зориулалтын дагуу ашиглахаар болоод байгаа. УИХ-аар энэ оны төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед тус барилгыг эмнэлгийн зориулалтаар тохижуулж, ашиглалтад оруулахад шаардагдах зардал төсвийг Монгол Улсын 2015 оны төсөвт оруулах асуудлыг Засгийн газраас өргөн барих ёстой. Энэ шаардлагыг өнөөдөр Ерөнхий сайдад өргөн барина” гэлээ.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалтад оруулвал 3, 4 шатлалын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэгтэй боломж байгаа аж.
Мөн тэрбээр “905 тэрбум төгрөгийн төсвийн алдагдлыг нөхөхийн тулд цомхотгол явуулж иргэдэд олгодог халамжийн мөнгүүдийг танахаар болсон. Тухайлбал, төрийн албан хаагчдын тоог 1500-аар бууруулж, одонтой ээжүүдийн мөнгө болон хүүхдийн мөнгийг ялгавартай өгч байж дээрх алдагдлыг нөхөхөөр байгаа юм. Бондын 1.5 тэрбумын төгрөгийн зарцуулалтаас 205 сая долларыг үргүй зарсан гэсэн мэдээлэл байгаа. Бондын зарцуулалтыг холбогдох байгууллагууд нь нэн даруй шалгах ёстой. Түүнээс гадна одонтой ээжүүд болон хүүхдийн мөнгөнөөс таналт хийнэ гэж байхын оронд оюутнууддаа өгдөг 70 мянган төгрөгөөс хэмнэлт хийх хэрэгтэй. Мөн иргэд Тавантолгойгоос хувьцаагаа нэхэх ёстой. Тэгэж байж хувьцааныхаа үр ашгийг хүртэнэ” гэлээ.
С.ОТГОН