Баавгайн базааг сөрөх Сэм авгын бэлэг

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Баавгайн базааг сөрөх Сэм авгын бэлэг

-МСС-ийн 350 сая ам.доллар ОХУ-ын Засгийн газрын 100 тэрбум рубльтэй “зодолдох” уу-

Баавгайн базааг сөрөх Сэм авгын бэлэг

-МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН 350 САЯ АМ.ДОЛЛАР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ТЭРБУМ РУБЛЬТЭЙ “ЗОДОЛДОХ” УУ-

Ерөнхий сайдыг Цагаан ордон залж одов. Ганзагыг нь тэмтрэхээс аргагүй намрын “халуун” эдийн засаг, өвлийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудлууд айлчлалын мэдээг анхааралтай ширтэхэд хүргэж байна. Гол хүлээлт нь Мянганы сорилтын сангийн /МСС/ хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах уу гэдэг асуудал буй. Учир нь өнгөрсөн зургадугаар сард “зангасан” айлчлал цуцлагдсан шалтгаан нь Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэхийн тулд хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм зэмд байв уу, өөр “шалтаг” байв уу гэдэг нь тэрүүхэндээ дуулиан тариад байсан. Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх, Дорноговийн Алтанширээтэд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих гэхчлэн хойд хөршийн “дуугарахгүйгээр дургүйцэх” олон асуудал давхцаж, үүнтэй зэрэгцэн У.Хүрэлсүхийн Засгийн газар тулгамдсан зарим асуудлыг шийдэхээр “ханцуй шамлан” эрэмгий дайрсан өдрүүдэд АНУ-д хийх айлчлал товлогдсон байв. Онц ноцтой шалтаг шалтгаан тоочилгүйгээр тэгсгээд айлчлал цуцлагдаж наадам залгасан.

“СЭМ АВГЫН БЭЛЭГ” СЭТГЭЛ ДОГДЛУУЛАХ УУ, ТҮГШЭЭХ ҮҮ

Энэ удаад МСС-ийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг “царцаасан” бараан мэдээг цайруулж ирэх нь лавтай. Хэрэв МСС-ын 350 сая ам.долларын санхүүжилттэй уг гэрээг баталгаажуулбал Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах юм. Монголчуудын хувьд энэ нь “У.Хүрэлсүх Д.Трамптай уулзав” гэдгээс ч чухал, нийтлэг эрх ашигт нийцэх үр дүн билээ.

Мэдээж одоогоор “эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай уулзахаар төлөвлөгдсөн юм билээ. “Дэлхийн парламентын генсек” буюу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттересын хувьд шинэ албан тушаалд томилогдсоны дараах анхны Төрийн өндөр албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байсныг онцолж байсан удаатай. Тэр үед Монголын Ерөнхий сайд энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй дайчдын тоог нэмэгдүүлэх, Монголоос анх удаа инженерингийн рот илгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж билээ. Португалийн Ерөнхий сайд байсан тэрбээр энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайдтай ямар сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэх нь сонин байна.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ айлчлалын үеэр Нью-Йоркт Соц-Интернийн уулзалтад оролцоно. Дэлхийн зүүн үзэл баримтлалтай 170 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагад Монголын экс Ерөнхий сайд С.Баяр, С.Батболд нар нэлээд дээгүүр эрэмбэлэгдэж, удирдах бүрэлдэхүүнд ажиллаж , томоохон хурлууд дээр нь үг хэлж байсан тэр л жимээр У.Хүрэлсүх замнаж намын даргын үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр.

Тэгвэл эдийн засаг талдаа У.Хүрэлсүхийн АНУ-д хийх айлчлал ямар үр ашигтай вэ. Ямар цаг үе, нөхцөл байдалд тэрбээр “Сэм авга”-ынд уригдав. Нүүрсний салбарын чуулга уулзалт, хөрөнгө оруулалтын “ Дисковери”, Ерөнхийлөгчийн ОХУ-ын Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форум, мөн энэ үеэр В.Путинтэй уулзсаны дараа тэр Цагаан ордонд зочилж байна. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч нь ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах уламжлалт гуйлт, 100 тэрбум рубль гуйсан улалзмаар хүсэлтийн дараа МСС-аас 350 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурах хүлээлттэй. Яагаад ч юм бэ, МСС-аас авах буцалтгүй тусламжийг “горьдох” үед ОХУ “тусалж” таарчхаад байдаг даажинтай тохиолдол нэг бус удаа гарсан юм. Энэ удаад ч дахиад л “мөргөлдлөө”. Тухайлбал, 2005 онд Мянганы сорилын сангаас хишиг хүртэхээр ахин дахин шалгуулсаар 68 орноос 16-д “шалгарч” 285 сая ам.долларыг атгах шахсан. Тэр ч байтугай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл 2007 оны есдүгээр сарын 12-нд Вашингтонд хуралдаж Монгол Улстай компакт гэрээ байгуулах, нийт дөрвөн төсөлд зориулан 285 сая ам.доллар олгох болсноо тухайн үед АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтон Ерөнхий сайд М.Энхболдод мэдэгдчихээд байв.

Гэтэл 2009 оны дөрөвдүгээр сарын дундуур Мянганы сорилтын сангийн тусламжтай холбоотой дуулиан дэгдэв. Энэ нь Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэхээр гэрээ байгуулаад хоёр жилийн нүүр үзэж буй 188.38 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхээс татгалзах нь тэр. Дэлхийн эдийн засгийн хямрал болж санхүү, эдийн засгийн хүндрэлд нэрвэгдэн, ачаа тээвэрлэлт, транзит гээд хамаг мөнгөний урсгал нь “ширгэж” байсан тус байгууллага 188 сая ам.долларын буцалтгүй тусламжаас татгалзаж 250 сая ам.долларыг “УБТЗ” ХНН-ийн хувь нийлүүлэгч хоёр тал “гуялахаар” болж баахан “төмрийн сэг шахуулаад” өнгөрч билээ. Одоо ч энэ “хамтын ажиллагаа” гунигт мөрөө арилгаж чадаагүй л байна.

ГАЙХАМШГИЙГ ГАЙХАМШГААР Л ХАРИУЛАХ ЁСТОЙ

Харин одоо АНУ яах бол. Мөн л “УБТЗ” ХНН-т” гэсэн “шошготой” 100 тэрбум рублийн хүсэлтийг МСС цуцлуулах уу. Эсвэл дахиад л Кремлиэс “эмээж” 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаас татгалзах уу. Аль эсвэл аль алиныг нь авч “болох” уу.

Төрийн хэмжээний энэ өр зээл, буцалтгүй тусламжийн хэмжээ бидний ой санамж дахь хэмжүүрээр хэр их вэ. МСС-ийн 350 сая ам.доллар бол тээр жил Монголын Засгийн газар, Хятадын төрийн өмчит “Чалко”-оос зээлж иргэн бүртээ тараасан тэр их мөнгө. Харин Оросын өгч магадгүй 100 тэрбум рубль нь ойролцоогоор 1.7 тэрбум ам.доллар, ОХУ-ын төрийн өмчит “Роснефть”-ийн 2017 оны дөрөвдүгээр улирлын цэвэр ашигтай тэнцэх тийм хэмжээний мөнгө гэвэл жишихэд хялбар байж мэднэ.

Ингээд Ерөнхийлөгч ОХУ-аас 1.7 тэрбум ам.доллар, Ерөнхий сайд АНУ-аас наанадаж 350 сая ам.доллар “хүлээж” байна. Ерөнхийлөгчийн хүссэн 100 тэрбум ам.доллар Орос, Монголын хамтарсан “УБТЗ” ХНН-д, Ерөнхий сайдын батламжлах магадлалтай 350 сая ам.доллар зөвхөн Улаанбаатарын цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэхэд “хаяглагдаж” буй.

Дашрамд сануулахад ОХУ Монголд найр тавих гол шалтгаан нь АНУ-ын талаас эдийн засгийн хоригт орчхоод байгаа учраас гэчихэд хилсдэхгүй. Ийм нөхцөлд дээрх хөнгөлөлттэй зээлүүд давхцаж ирэх магадлал тун бага. Хэрэв Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөр өөрсдийн дипломат урлагийг сонирхуулж дуэлд дуудаагүй, хамтарсан тоглолт хийж тэр нь амжилттай болбол ёстой гайхамшиг гэгч болох бөгөөд мэдээж Монголд л ашигтай. Харин тэр цагт Монгол Улс энэ гайхамшгийг гайхамшгаар л хариулах бичигдээгүй хууль үйлчлэх биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж